Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 127.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2022 онд 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 127.8 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 87.3 (9.6 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 35 (17.9 хувь) тэрбум, утсан холбооны орлого 28.2 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны эцэст 341.1 мянга болж, өмнөх оныхоос 30.3 (9.7 хувь) мянган цэгээр нэмэгдлээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 25.5 (10 хувь) мянгаар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Кабелийн телевиз хэрэглэгчид 2022 оны эцэст 991.4 мянга болж, өмнөх оныхоос 35.9 (3.8 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдлээ. Ийнхүү өсөхөд Улаанбаатар хотод 20.1 (4 хувь) мянга, Баянхонгор аймагт 2.9 (13.5 хувь) мянга, Дорноговь аймагт 2.1 (8.8 хувь) мянга, Булган аймагт 2 (13.1 хувь) мянган хэрэглэгч нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч дээрх хугацаанд 4.8 (давхардсан тоо) сая болж, өмнөх оныхоос 226.6 (4.9 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдлээ. Үүнд Өмнөговь аймгийн хэрэглэгч 16.7, Хөвсгөл аймгийн хэрэглэгч 6.2, Баян-Өлгий аймгийн хэрэглэгч 7.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *