Categories
мэдээ нийгэм цаг-үе

Туркийн зүүн нутагт дахин хоёр газар хөдлөлт болжээ DNN.mn

Туркийн зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа зүүн хязгаарын Хатай мужид даваа гаргийн орой хоёр газар хөдлөлт болжээ.

Онцгой байдлын газрын мэдээлснээр, 6.4 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар 20:04 цагийн орчимд Хатай мужийн Дефне дүүрэгт болсон бол түүнээс гурван минутын дараа болсон 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь тус мужийн төвийн Самандаг хотод байжээ.

Эхний газар хөдлөлтийн голомт 16.7 км-ийн гүнд байсан бол дараагийнх нь 7 км-ийн гүнд байсан байна. Байгалийн гамшигт үзэгдэл эргэн тойрны бүс нутагт мэдрэгджээ. Газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 213 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Дотоодын хэргийн яамнаас мэдээлээд байна.

Хоёр долоо хоногийн өмнө Хатай мужаас 100 гаруй км зайд орших Кахраманмарас мужид болсон газар хөдлөлт Хатайд ихээхэн хэмжээний уршиг дагуулсан юм.

Онцгой байдлын газрын зүгээс далайн түвшин нэмэгдэх аюулаас болгоомжилж, эргийн бүсэд очихгүй байхыг оршин суугчдад анхааруулсан байна. Мөн Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай байгалийн гамшигт өртсөн бүсийн оршин суугчдад нурсан, эвдэрч сүйдсэн барилгаас хол байхыг уриалжээ.

Газар хөдөлсний дараа зарим барилга нурсан, мөн газар хөдлөлт хөрш залгаа Сирийн иргэдэд мэдрэгдсэн гэж “Anadolu” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

Туркт энэ сарын 6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр, Килис, Османие, Шанлыурфа зэрэг 10 муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байгаа юм.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркт амь эрсэдсэн хүний тоо 41 мянга даваад байгааг хамгийн сүүлийн үеийн албан ёсны тоон мэдээлэл харуулж байна. Мөн олон мянган хүн гэмтэж бэртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *