Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Тэргүүн их хамба Д.Чойжамц: Хотол олноороо амгалан, эв эеийн зангилаа бөх, улс орны хөгжил дээш байх болтугай DNN.mn

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


-Уншигчдынхаа өмнөөс танд Сар шинийн мэнд дэвшүүлье ээ?
-Монголын нийт ард, түмэн сүсэгтэн олондоо XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
-Ирж буй жилийг зөөлөн жил гарч байна гэцгээх юм?
-Угтан гарч буй туулай жилийг монголчууд уян хатан, зөөлөн сайхан жил гарах болов уу хэмээн бэлгэшээн залбирч байна.
-Цагаан сар бол монголчуудын хамгийн том уламжлалт баяр. Бэлгэдэл, ерөөлийн баяр ч гэж хэлж болохоор?
-Цагаан сарын баяр нь ураг удам, садан төрлөөрөө учран золгож, мэнд мэдэлцэн, найрсан дотносдог, төрийн ёс, шашны ёс, түмэн олны ёс ижил тэгш бүрдсэн, бэлэгдэл утга гүнзгий, өв соёлын үндэсний их баяр билээ. Дэлхийн улс орнууд өөрсдийн үндэсний баяраа өргөн дэлгэр, ёс уламжлал дагуугаа тэмдэглэдэг нь өв соёлоо хамгаалах, залуу үедээ дамжуулах, эвлэлдэн нэгдэх, үндэсний тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал үйл явдал болдог ажгуу. Монголчууд цагаан сарын баяраа улам бүр өрнүүн дэлгэр, хүндэтгэн дээдэлж тэмдэглэн өнгөрөөдөг болж байна. Гадны мэдэгдэх, мэдэгдэхгүй янз бүрийн шашин-суртахуун дэлгэрч байгаа эдүгээ цагт бидний үндэсний уламжлал, өв соёлоо эрхэмлэх, бахархах үзэл санаа чухаг бөгөөд энэ нь соёл иргэншлийн аюулгүй байдлын гол баталгаа болж өгнө.
-Азийн зарим орон Цагаан сараа сарын өмнө тэмдэглэсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Монголд бурханы шашны мэдлэг ухааны нэгэн салбар зурхайн ухаан ихэд хөгжин дэлгэрч, олон зурхайн дацан сургууль байгуулагдан, энэ ухаанд боловсорсон зурхайч, зийрамба нар гарсан байдаг. Сүмбэ хамба Ишбалжир, ламын гэгээн Лувсанданзанжанцан тэргүүтэй олон олон эрдэмтэд Монголын уур амьсгал, цаг улирлын өөрчлөлт, нутаг орны байршил зэрэгт тохируулж Төгс буянтын зурхайн ёсыг нийтийн баримтлал болгосон байдаг. Энэ ёс дагуу цагаан сараа тэмдэглэсээр ирсэн тул эргэлзээ, тээнэглэзээгүй сар шинээ сайхан тэмдэглэж байгаарай.
-Өнөөдөр бол битүүн. Битүүн бол хуучин оны сүүл, шинэ оны угтвар гэдэг утгаараа мөн л их бэлгэдэл, ёс агуулдаг чухал өдөр шүү?
-Сар шинийн баяраар битүүний өдрөөс шинийн гуравны өдрийг хүртэлх хугацааг машид чухал хэмээн тооцдог. Битүүний өдөр бол өнгөрч байгаа жилийн хамгийн сүүлчийн өдөр хийгээд тухайн жилдээ хийж бүтээсэн бүхий л зүйлсээ дүгнэн цэгнэж, буруу муу зүйлс байсан бол өнгөрсөнд гээж, сэтгэлээ засан, түүгээр үл барам гэр орон, ахуй орныхоо хир буртаг, хог шороог цэвэрлэн угтан ирж буй шинэ жилдээ бэлддэг болно. Шинийн нэгний өдөр нь дараа жилийн хамгийн эхний өдөр тул ургах гарнаас өмнө босч, Бурхан шүтээндээ мөргөж, зул хүжээ өргөн бадраагаад, зүг чигээ гаргаад, төр хаана буй тэр зүг рүү мэхийн ёслоод, настан буурлуудаасаа насны эрэмбээр нь мэнд эрж, хүндэтгэн золгодог. Ахмад настангууд нь гарын алгаа доош хандуулж золгодог нь өөрийн нас буянаа хайрлаж байгаа, нас бага залуус нь алгаа дээш хандуулж золгодог нь ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ нас буяныг нь тосон авч байгаагийн бэлэгдэлтэй ажээ. Цагаан сарын үеэр гурван өглөгийн үйлдэж буянаа хураадаг болно. Бэлэг сэлт өгдөг нь эд зүйлсийн өглөг, өс хонзон, аюул заналын сэтгэлээ цайруулж цагаатгадаг нь аюулгүйн өглөг, багш, аав ээж, ахмад настангууд нь үг сургаалаа хайрладаг нь номын өглөг тус тус болдог буюу. Тэр жилдээ насны барцад саадгүй, өнөр өтгөн, элбэг дэлбэг байх бэлэгдлийг агуулж шинийн нэгэнд олуулаа цуглан бие биесээ хүндэтгэн, бэлгэт сайн үгийг хэлэлцэн, идээ ундаагаараа дайлж, баярлацгаадаг. Шинийн гуравны дотор ахмад настан, хүндтэй хүмүүстэй очиж золгон хүндэтгэл үзүүлдэг агаад шинийн гуравнаас хойш шинэ хуучирлаа хэмээгээд идээ будаагаа хөнгөлдөг.
-Туулай жирийн ерөнхий ноён нуруу, өнгө ямар байх бол?
-Энэ жилийн өнгө аясыг өвчин зовлон бага, сэтгэлд баясангуй, төр улсаа ард түмэн номын ёсоор тэтгэснээр жаргал ирмүй хэмээн зурхайд гарч байна. Энэ бол жилийн ерөнхий төлөв бөгөөд бидний авал орхил, алдаа оноо, сайн муугаа ялгаж чадах ухамсар үйлээс гол шалтгаалж, эс ингэвээс улс орон үймэрч мэдэх нигууртайг бас дурьдсан байна.
-“Үзэсгэлэн болгогч” гэх ёгт нэрийг тайлбарлавал?
-“Үзэсгэлэн болгогч” хэмээгч нь энэ жилийн ёгт нэр хийгээд энэ жилд төрсөн хүмүүн үзэсгэлэнт, ухаант, буянт, сайн үйлд хичээгч нэгэн болно гэдгийг “Цагаан лянхуа” сударт дурдсан байдаг. Энэ жилд болбоос өвгөдөд ээлтэй , залуучуудад дунд агаад нялхсыг энхрийлүүштэй, ард иргэд хянамгай байхыг сануулсан жил бөлгөө. Мөн бадганы төрлийн өвчин ихэд дэлгэрэх тул идээ, ундаа, явдал мөрөө анхаарууштай болой.
Хамгийн гол нь сэтгэл санаа, явдал мөрөө зөв сайн байлгавал түүний үрэнд амар амгалан ирнэ гэдгийг санаж, үйлийн үрийн сургаалыг анхааран авлага болгох нь чухал гэдгийг айлтгая. Ингээд угтан ирж буй туулай жилдээ монголчууд хотол олноороо амгалан, төр улс бат, эв эеийн зангилаа бөх, улс орны хөгжил дээш байхын ерөөлийг өргөн залбирмуй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *