Categories
мэдээ нийгэм

БНСУ, БНХАУ-д 1 цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23 мянга байдаг бол манайд 3270 төгрөг байна DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” уулзалт нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр иргэн н.Сарантогтох “Монгол хүний хөдөлмөрийг үнэлж байгаа асуудалд төрийн бодлого алдагдсанаар гадаад гарч амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй залуучуудын тоо нэмэгдэж байна. Ажлын байранд мэргэжлийн ажиллах хүч цөөрлөө. Хүүхдийн мөнгө, халамжид найдаж амьдрах хүмүүс их боллоо. Ийм учир бараа бүтээгдэхүүнийхээ үнийг барих бодлого барьж болдоггүй юм уу?” хэмээн асуув.

Түүний асуултад Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал дэд профессор Г.Баярмаа “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний нөхцөл байдал манай улсад яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Хөдөлмөрийн үнэлэмж гэдэг бол тухайн ажилтны ур чадвар, мэдлэг боловсролыг нийгмээс хүлээн зөвшөөрч буй чухал асуудал.

Хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой хэд хэдэн үзүүлэлт байдаг. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа цалин хөлс, нийгмийн хамгааллын хувь хэмжээ дөнгөж 26.7 хувьтай байна. Энэ хувь хэмжээ өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд 67 хувьд хүрч болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний асуудал бий. Манай улсын хувьд энэ үзүүлэлт 550,000 төгрөг байдаг. Хамгийн ойрын жишээ авч болох улсууд буюу БНСУ, БНХАУ-тай харьцуулахад долоо дахин бага байна. Тухайн улсуудад нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 23,000 төгрөг байгаа. Гэтэл манай улсынх 3,270 төгрөг” гэдгийг хэллээ.

Харин цалинг нэмэгдүүлэх боломжийн тухайд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ жишгийг тогтоодог хуулийн зохицуулалт бий. Эдгээр хуулиар дамжуулан цалин хөлсний түвшнийг бүтээмж, эдийн засагтай уялдуулах хэлбэрээр нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Бид эдийн засгийн өсөлтөө л бий болгох ёстой. Ингэж байж бүтээмжээ нэмэгдүүлээд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, цалин хөлсний шударга хуваарилалтыг хийнэ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *