Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Омскийн дэлт чоно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..


Далаад оны сурагч биднийг Мандалговь хотын 10 жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт “амьтан” гэнэт гараад ирлээ.

Гашуун нясуун юм сэнгэн үүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй, орос хороом гутлын түрийг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй, тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. “Омскийн дэлт чоно” л гэнэ. Үнэхээр заналт “дэлт чоно” гэвэл тэр мөнөөсөө мөн байлаа. Яагаад ч юм, ялгачихсан юм шиг манай ангид охидын сор нь байдаг байв.

“Хөөрхөн Оюун” гэж арван жилийн сургуульдаа төдийгүй аймагтаа зартай царайлаг охиныг миний үеийн хэн ч мэднэ. Одооны эрхэм миссүүдээс илүү юу гэхээс дутахааргүй. Бүх хичээлдээ сайн, бүжиглэнэ гэж нуур нугас шиг, дуулна гэдэг хун шувуу шиг, дээр нь нийгмийн жигтэйхэн идэвхтэй, эвсэг ялдам ааштай тийм л сэргэлэн охин. Түүнд хайрын захидал өгөөгүй юмаа гэхэд хайхралгүй, харалгүй өнг өрсөн эр хүн аймаг даяар байхгүй гэвэл худлаа хэлсэн болохгүй. “Омскийн дэлт” Оюуныг л арай зүрхэлж оролдоог үй байх.

Царай зүс арай гайгүй охидыг эргүүлнэ, тоохг үй бол яаж ч магадгүй ийм хачин дээрэнгүй хүн гараад иржээ. Манай ангийн охид, ялангуяа дотуур байрны охид өглөө хичээл эхлэхийн өмнө баахан цуурна. Урьд шөнө цонхоор тэр орж ирээд, гэрэл асааж шившгийг дэлгээд, хогийн шүүрээр цохиж хөө- гөөд, дотуур байрны цэргээс ирсэн багш тэгж мангартаад гэхчилэн ярихдаа нөгөө “Омскийн дэлтийн” талаар ярина, шоолж инээлдэнэ. Аравдугаар ангийнхан бол бас яадгаа алдсан амьтад биш. Эр бие өсч, эсгий бие сунасан болохоор хэнтэй ч үзэлцэхээс сийхгүй, дор дороо атаман. Хүчтэй, тамиртай, тэгээд бас гар зөрүүлэхдээ шаггүй бол түүгээрээ бахдана. Нэр нөлөөгөө ч өсгөнө. Жараад олны сүүлчээр аймгийн хамаг хогийн хулигаан, танхай балмад нь усжуулах, барилгынхнаар дүүрэн байдагсан. “Хутга” Жамъян, “хутга” Долцон гэдэг ч зүрхэнд шар ус хуруулсан амьтад дуулдана. Тэд хурдан гэж жигтэйхэн. Элдэж байгаад араас нь шаана. Үдэш орой, үдэшлэг цэнгээний дараа охид хүүхнүү- дээ булаацалдаад зодоон цохионгүй сална гэж байхгүй. Тэр цагийн өвчин байж дээ. Хэн нь хэнээсээ дутах вэ дээ “хоржийлоо” гээд л орж явчихна. Голдуу л нөгөө муусайн нүдэнд өртөж, нүгэл хурааж годогносон “барамнуудаа” өмөөрч үзэлцэж байгаа нь тэр шүү дээ. “Омскийн дэлт” ба түүний нөхөд байрны цонх яйруулаад л үсрээд ороод ирнэ.

Түүний дотор өнөө цагийн агуу их ламтан, их бичгийн сартваахи гавж Сонинбаяр таваргаж явсан гэхэд “арай ч үгүй байлг үй” гэж хэн хүний нүд орой дээрээ гарч итгэхгүй байх даа. Лам хүнийг ингэж хэллээ гээд нүгэл болдоггүй байх даа, яахав дээ хүүхэд цагийн явдал шүү дээ. Тэрхүү “Омскийн дэлт”-ийн баруун гарын биш юмаа гэхэд ойрхоны хиа нь мань эр. Хэд хэдэн удаа нударган зодоон хийсний дараа эвийн гэрээ байгуулцгаалаа. Харин ч биднийг ашиглаж, манай ангийн зүстэй царайтай нэгэнтэй ойртохыг бодсон нь тэр байж. Тэгсэнээ найз нөхөд болцгоож далай тэнгисийн эрэг захад, их ой модон дунд Омск гэдэг мундаг гоё хот байдаг тухай ярина. Офицерын хувцас, алтан мөрдөс гэдэг чинь та нарын муусайн даалимбан тэрлэг биш. Бид цул алтан амьтад явцгаадаг.

Бидний араас орос охид дагаад салахгүй. Харин манай аймгийн хөсрий охид, хүүхнүүд чинь яасан мангар, юм мэддэггүй амьтад вэ. Наанаа ичсэн болоод цаана яадгийг ямар мэдэхгүй биш. Танай арван жилийн сургуулиас хамгийн гоёыг нь авч явна даа. Мөн ч азтай охин намайг дагаж алтан Москва үзнэ шүү дээ. Би онгоцонд суулгаад, Орос руу авч явна, Оросын эрээн даашинзтай охидод гайхуулна. Энэ муу шороотой аймгийг байтугай Омскийг бүхлээр нь айлгадаг юм чинь гэж хөөрлөх. Мань хашир ч хүч хэрэглэж нэг үзэж, хүзүү сунган гуйж нэг үзэж, булааж нэг үзэж, бултуулж нэг үзэж эр хүний арван гурван мэхийг угсруулан хийсэн ч энэ тэрд олигтой тоогдсонгүй. Говь-Угтаал руугаа алга болсон уу, нөгөө алдарт Омск руугаа явсан уу, тэгсхийгээд “дэлт чонын” чимээ алдрав. Гэтэл тэрхүү “Омскийн дэлт” буюу бидний зүрхэнд шар ус хуруулсан аймшигт амьтан маань хожмоо Барнангийн Доржпалам хэмээх гайхамшигтай сайхан яруу найрагч болсон юмсанж.

Тэр үед шүлэг шүүлэг, шүтээн бурхан хоёроо ялгахгүй хийсэж явсан бизээ. Оросын Омск хотод цэргийн дунд сургуульд сурч байгаад чө- лөө авсан юмуу, эсвэл хаячихсан юмуу, үгүй бол хөөгдс өн юмуу мэдэхгүй, ингэж л нэг ирсэн юм. Бүр хожуу наяад оны эхээр шүлэг бичиж, шаггүй нэр олчихоод байхад нь тааралдахад багын хөгтэй янз бүрийн юм яриад салсангүй. Нөгөөх алдарт хулигаан чинь хилийн цэргийн ногоон дү- рэмт хувцас өмсөөд, зэгсэн гүзээ суугаад махалж мяраалчихсан, хөдөлгөөн нь удааширч, маг маг инээсэн, марзан юм ярьсан, ноосыг зулгааж байхад хивж л хэвтдэг тэмээ шиг номхон, ноорхой амьтан болчихсон байх юм. “Хоёулаа манайд очъё. Хонож өнж. Би чамд юу хийж байгаагаа харуулъя” гэлээ. Хөдөөнөөс ирсэн би яахав, зөвшөөрч л орхино биз.

Гэр нь хуучин Пионерийн ордны харалдаа гайгүй байшинд байх юмаа. “Авгай эзгүй. За би чамд гарынхаа хоолыг хийж өгнөө. Энэ ширмэн тогоо тахианы махыг зумартал нь чанадаг хойноос хорхойсож авсан ганц нүдтэй эд. Манайд идэш ирсэн. Угтаалын үхрийн тарган хавиргыг төмстэй сармистай чанана. Нэрэлхэх юмгүй, цохиж өгнө шүү хөө” гээд гашуун юмнаасаа аяганд цүл цүлхийтэл хийв. Аргагүй л нутаг амьтай нэгэн байсан даа. Угтаалын уул, Ерлөг, Их газрын чулуу, боржигон найр наадам гэхлээр ер бусын амьтан амилаад ирнэ. Түүний бичсэнээр “Өдрийн од харах хүслээр жигүүрлэсэн би Өндөр хайрханыхаа оройд нэг л мэдэхэд сууж байнам Алс тэртээх Дэрэн, Гурвансайхан сумын нутаг дахь Айлын бараа л өдрийн одоо, гэвч өдрийн од биш дээ” гэж бичсэн шиг тэдний Говь-Угтаал миний Гурвансайхан сумын хаяа зэргэд нутаг. Барнангийн Доржпалам, Цэндийн Чимэддорж бид гурав бол яах аргагүй Их газрын чулуу, Ерлөг уулыг зүүн баруун талаас нь харж, биширч, шүтэж, мөргөж өсөцгөөсөн нэгэн үеийн унаганууд юм даа. Хоёулхнаа найрлаж гарав. “Балбарынх энүүхэн дөрөвд үгээр сургуулийн дэргэд шүү дээ. Би дуудъя” гэлээ.

“Битгий дэмийр. Чиний тэр Балбартай, Балбаргүй болно. Хоёр арслан нэг торонд багтдагг үйг чи мэддэггүй юмуу. Тэр ямар ууж чадах биш, тэр ямар тавьтиртай байж чадах биш, энэ ховор уулзалт яйран болно. Хоёулхнаа байхад болохгүй байна уу? Чи надаас уйдаагүй биз” гэлээ. Шүлгээ уншина, ингэж л бичиж байна шүү дээ найз нь, хэнийх нь шүлгэнд ийм үг байгаа юм бэ гэх. Тэгснээ ер нь хөдөө яваад алга болъё гэж тунирхах.

Пүрэвдорж гуай намайг их тоодог, Дооровыг ахыгаа гэдэг, Бавуугийн хүүг найзаа гэдэг гэнэ. Заставын офицер байснаа ярина. Хилийн муусайн хусарсан цэргүүд үгүй мөн хэцүү шүү, золтой л авгайгаа булаалгачихалгүй хилээс ирээд хотод төвхнө- лөө. Харж байхад л хормойдчих гээд болдоггүй юм гэж ирээд цайлганаар инээнэ. Шүлгийн хийц хэлбэр нь бусдаас үнэхээр өөр байлаа. Тийм том шүлэгч болсон гэдгийг ойлгоогүй байж. Үүнд гомдоно. Хамгийн хэрэггүй улс бол та нар, шүүмжлэгч нар гэнэ.

Дуураймал дэл сул мөр, бадаг нэг ч байгаагүй сэн. Олон шинэ содон үг хэллэгийг яруу найрагт авчирчээ гэж багын нөхөртөө баярлаж байлаа. Миний бусдад агсан тавьж, шавхуурдсан шүлгийг чи сонс. Хайрын муусайн шүлгүүдийг яйр хийсэн шүлэг. Мөн ч олон нь атаархаж, мөн ч олон нь цуурч магтана даа. Мөн ч олон нь намайг хуулж дуурайна даа. Хэвлүүлэхээсээ ч хайрлаад байгаа юм гээд босож байгаад, “Би ирж яваа юм” шүлгээ уншив. Гар нь үл мэдэг салгална. “Дуниартсан намрын хонгор өдрийг нар сартай нь Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо. Холдож явсан энэ мөчөөсөө эхлэн Хонгор минь би чамдаа очиж яваа юм, би ирж яваа юм, чам руу…” Ээ бурхан минь… Ийм санаа, ийм философи, ийм урлал, ийм сэтгэлгээ гэж байх уу даа. Ийм болхи толхи эрээс тийм нарийн чигжүү сийлмэл ухаан сэтгэмж гарна гэж үү? Тэр хэсэг чимээгүй гөлрөв. Чимээгүй нулимс…Би яахаа ч мэдэхгүй балмагдав.

Шинэ шинэ үг хэллэг, шинэ шинэ ухаан, магадгүй буддын гэмээр цаг хугацааны тайлал гүн ухаан намайг шавхуурдаж зодсоор байлаа. Тэгснээ хэнд ч юм агсан тавих мэт багтран, “Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хэдэн зуун хоногоос Өнөөдрийг би хасаж яваа юм, би ирж яваа юм чам руу Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм чам руу” гэснээ “Алив Жаваа, дүүргээд аль. Би яруу сайханд шатаж үхэх нь. Ямар байна гэдгийг чамаас ч асуух үгүй. Хэнээс ч асуухг үй. Ингээд л болоо.Одоо юу ч уншихгүй” гэлээ. Би дотроо бодов. Юмсыг ингэж зөрчилд үүлэх гэж. Тэгээд бас ингэж наалдуулах гэж. Эсрэгцлийн, үгүйсгэлийн торгон ирэн дээр мөргөлдүүлээд цоо шинэ бодомж ургуулж, ховорхон сэтгэдэг найрагч болж байгаа юм байна. Ойртохлоор холддог, холдохлоор ойртдог ямар донжтой монди вэ гэсэн гайхширлыг төрүүлж билээ.

Гэнэтхэн “Хоёулаа цонхоор юм харъя. Өвлийн ид тачигнасан жавраар цас будраад, мөн ч гоёхон байна даа” гээд чамд нэг хачин юм харуулна гэлээ. Чи тэр байшингийн буланг харж байна уу. Энэ лавсан бударсан цасан дунд нэг цагаанаас цагаан, өндрөөс өндөр хүүхэн зогсож байгаа биз. Болоо ч үгүй, хошууч… Хэн түүнийг энэ хөхөө өвлийн хүйтэнд ингэж зогсоолгож чадаж байнаа, яруу найрагч шүү дээ. Чи ч гэсэн ийм байх ёстой. Есенин ч ийм байсан гэж гайхуулав. Хө- дөөний надад гайхуулж байгаа царай нь тэр. Сэтгэл нь хайлж нялхраад ирэв. Түрүүчийн дахиад шү- лэг уншихгүй гэсэн нөхөр маань өөр боллоо. “Үржихийн хүрдэн туурай нь Үүлүү даалуу мөртэй Үүнээс илүү бахадмаараа Үеийн жаахан Бадмаа яа Үнэтэй алчуур авмаар аа Үзүүлж чадалгүй явмаар аа Үзэсгэлэн гоо чамдаа Үгээ хэлчихээд зугтаамаараа” гэж ирээд чи миний энэ Бадмааг таних уу гэхэд “Танихаар барах уу? Намайг сургуулийн захирал байхад миний хичээлийн эрхлэгч байсан юм. Чиний нүдэнд ингэж харагдах гэж… шүлгээс чинь өөр л хүүхэн харагдаад байна гэхэд цаанаа дургүйхэн янзтай, чиний нүд надад ямар хамаатай юм бэ гэж адарч билээ. “Олдоогүй эгч” гэдэг шүлэг нь энэ байна. Бас зугаатай. “Сар гийсэн үдэш Танайхыг эрээд олоог үй Сагсай самбай цохионд төөрч Хээр хоноод олоогүй Сархад дийлсэн найран дээр босож Ёс алдаад олоогүй Сайхан эгч та Ес харагдаад олдоог үй” гэж аяглана. Байх л шүлэг. Байх байхдаа, байртай байх шүлэг. Ийм шүлгийг хөнг өн ч гэхгүйдээ. Хүний сэтгэлийг хөглөж, тагнайшуулан амтлуулж, ая эгшиглэн, гоё бодрол, сэрэл мэдрэмж зурсхийн хайрлаж гэмээн яруу найраг нэгэн чухал үүргээ хүлээнэ шүү дээ. “Үнэн” сонины сурвалжлагчаар Өмнөговьд ажиллаж байхад яруу найрагч “буурал” хэмээх Дашзэгвийн Банзрагчтай хамт сүнгэнээд ирэв. Цугаараа өмнөд хилийн заставуудаар явах юм болж, аян замд ч бэлтгэлээ.

Тэр аймгийн худалдааны салбарт ажиллаж, Чойномтой ч дотно үерхэж явсан шүлгээ гал цогтой уншдаг шүлэгч Ж.Батбаяр хамт явахаар болов. Ингэж “орос 69-ийн” бэржээнхэн бүрхэвчийг цууртал наргиантай юм ярьцгааж, заставт очоод шүлэг найргаа уншиж, говийн байгалийн сайхныг биширч явснаа мартахын аргагүй. Ингэж явахдаа хилийн торгон зурвас дээр шахуу Чингэсийн хар балгас гээчийг үзэж баахан хөөрч би эндээс маш гоё юм оллоо гэж дахин дахин хэлж байсан. Тэр туурийн тухайд шүлэг гарааг үй шиг санагдана. 1995 онд “Болор цом” аваад үнэхээр ч хөөрч сагаж баярласан даа. Сэтгэлийнх нь хүслэн, шаналан ингэж нэг удаа барагдсан байх. “Болор цом”-ын уралдаанд бараг арваад шөвгөрсөн дөө. Шүлэг болгон нь улмаа иртэй, сэтгэлгээ нь улам гүнзгийрч байв. “Энэ муугаа харах юм. Энэ жил горьдож л сууна. Горьдлоготой гэхэд л гол горойлгодог хүн дээ” гэж Дооров гуай хүг хүг инээж трубкатай тамхиа татаж суусансан. Бавуугийн Лхагвасүрэн нэг удаа ийм үг алдсан байгаа юм.

“Миний шилэн хүзүү рүү амьсгал нь хүртэл ойртон мэдрэгдэж байсан ганцхан яруу найрагч байсан нь Барнангийн Доржпалам юм шүү дээ” гэж… Лут үг, авъяас билгийг хүлээн зөвшөөрсөн лут сайхан хүлцэл байгаа биз. Японы зохиолч, судлаач Мацуда “Болор цом”-ын эзэн болоход нь Японд урьж шүлгийн номыг хэвлүүлэх тухай шуугиантайхан яригдсан. Яагаад ч өөрчлөгдсөн юм мэдэхгүй. “Далай ч давсаар дутдаг шүү дээ” Тэрбээр бөө шиг онгод орж, өөрийгөө дэлбэлэх шахаж байгаад бичсэн хэдэн шигшээ сайхан шүлгийг Монголын утга зохиолд үлдээжээ. Б.Доржпалам юмс үзэгдлийг өөр талаас нь харна. Хүний тусгаагүй зүйлийг, хэлж амжааг үй юмыг, хараагүй үзэгдлийг хэлж орхино.

Ялангуяа “Хөөрлийн шүлэг”, “Тарааж цуглуулсан эх орон танаа” шүлэг бол хоёр сайхан уул юм даа. Уулаа босгож орхиод өөрөө алга болжээ. “Тэр үнээн би хөөрүү хүн Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө Харсаар байтал худлаа хэлж Халуурч шүлэглэсэн хүн Тэргэл цагаан сарыг чамайгаа гэж Бүлээрч шүлэглэсэн хүн Тэр ч бүү хэл Будант тэнгэрийн танихгүй одыг минийх гэж Булааж шүлэглэсэн хүн…” гээд цааш нь “Ардын дууныхаа Хө хө нугалааг Хөх алчуур шиг хийсгэж Айраг дэмбээ намрынхаа Алтан дэлбээ найран дээр Агсан морьтой ханхалзаж Аяа би дахиад л Шүлэглэх нь” гэж ёстой ус цалгиж, хад нурах шиг, мөс хагарч, одод тонгортол бичсэн байгаа биз. Үүнийгээ “Тэр ч бүү хэл огт танихгүй бүсгүйг минийх гэж Гүтгэж шүлэглэсэн хүн Тэр бүхнээс хүлцэл эс өчмүү” гэж төгсгөжээ.

Ийм номхон хүлцэнгүй мөртлөө шүлгээ дотоод хө- дөлгөөнтэй, доргиотой, цалгиатай гүйцээж, санаа болоод ур дархыг эвшээлгэж тэнийлгэж байж хийнэ. Эх оронч бардамналаар цээжээ дэлдэж бичсэн “Тарааж цуглуулсан эх орон танаа” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болжээ. “Таныг би тараасан Ташууртай борооны өөдөөс Тав толгойлж ургасан Таана хүмүүлийг чинь Тараасан Тан дээр нүүсэн үүл тараасан Тал дээр бэлчсэн зээр тараасан Таныг би их тараасан Сахилгагүй хүү чинь сэлэм эргүүлж Салхи тараадаг байсан Зээрэн хүрнийхээ хө- лөөр Зэрэглээ тарааж өссөн Тэнгэрийн дуутай хамт Мөндөр тарааж гүйхдээ Тэртээ холын бороонд Өөрөө тарж байсан” гэж шүлэглээд “нэгэнт эх орноо тараасан хүн чинь яаж эргээд цуглуулдаг юм бол” гэхлээр ингэж цуглуулжээ.

“Тараахын хэрээр Таныг би цуглуулж хайрласан Хичнээн уулын дээр овоо босгож Хилийн чулуу цуглуулав. Эх орон минь өндөр болж баярлав Өчнөөн нуурандаа хаврын шувуу цуглуулж Өвгөн шувуу хоёрыг уулзуулав Эх орон минь амгалан болж баярласан” гэж бичжээ. Яруу найрагч романтик байна гэдэг хүчтэй, чадалтай, иртэй омогтой, шартай байхын шинж юм аа. Одоо нэн ялангуяа репийн залуусын дууны үг нохойн жогорхой шиг, ноос ноохой шиг болж байгааг харамсаад баршгүй. Дууны үг гэж байдагг үй юм, дууны шүлэг гэж байдаг юм, дууны яруу найраг гэж байдаг юм. Өнгө, цохилго, аялга айзам, мэдрэмж, санаа, түрлэг, үгийн найрсал өөр л дөө, дүү нар минь. Ахынхаа үгэнд өнөөдөр хилэгнэвч, хэзээ нэгэн цагт ойлгоноо. Дууны яруу найргийг ингэж хийдэг юм гэж үлгэр жишээ үзүүлсэн шүлэгч олон сайхан найрагчдын нэг болж Барнангийн Доржпалам гэж хэний ч өмнө хэлнээ. “…Цагаан өнгийн торгондоо Цасыг будруулж нэхлээ дээ Чамайг намайг танилцуулсан Чандаган гурван сартай Өвлийг бодож нэхлээ дээ” (“Ханан сүлжээ нэхээс”) гэх юмуу “Нараа дагасан сүргийн бэлчээрт Намайгаа гээд давхиад ирэхэд чинь Налаад суудаг толин чулуунд чинь Найз минь чи харагдаад байдаг юм. Цохилох халуун зүрхэнд гийсэн Цолмон хар нүдэнд чинь би хайртай Шингэхэн дуутай хүү- хэд зангаараа Шинэхэн цэрэг чамдаа би хайртай” (“Цэрэг чамдаа хайртай”) гэсэн олон сайхан дууны шүлгийг бүтээсэн нь одоо хэн зохиосон нь мэдэгдэхг үй мартагдагдах тийшээ болжээ. “Дүүрэн дүүрэн тахилтай алтан ширээт хоймор минь Духан дээрээ өршөөсөн ариун мутарт бурхад минь” гэж нэгэн бүтээлдээ бичсэн.

Дүүрэн ч байгаагүй дээ Палам минь, өршөөгөө- гүй ч юмуу даа бурхад минь. Гэвч тэр үнэхээр дүүрэн хүн байсан. Гэнэн цайлган цагаахан сэтгэл, гэгээ татсан шүлг үүдээрээ гүйцэхийн аргагүй дүүрэн байсаан Палам…

Долгорын ЦЭНДЖАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *