Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Борчулуун: Би газар доорх усны 12 ордыг шинээр илрүүлж нөөцийг нь үнэлээд улсад хүлээлгэж өгсөн DNN.mn

Гидрогеологич Уртнасангийн Борчулуунтай ярилцлаа. Өдгөө нас 70 гарч яваа У.Борчулуун доктор улсад 40 гаруй жил ажилласан ба үүний тэн хагасад нь талбайн инженерээр, үлдсэн хугацаанд нь ГУУ-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад алба хашжээ. Төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн гидрогеологийн региональ судалгаа, газар доорх усны эрэл хайгуулын ажил, ашигт малтмалын ордын гидрогеологи-инженер геологийн судалгаа, рашааны гээд гидрогеологийн судалгааны бүх ажлыг улс орны хэрэгцээ шаардлагатай уялдуулан төлөвлөх, гүйцэтгэлийг нь хянаж хүлээн авах ажил гүйцэтгэж байсан бол 1990 оноос хойш геологийн салбарыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд тохируулан шилжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Тэрээр талбайн инженерээр ажиллсан он жилүүдэд усны судалгааны 35 төсөл удирдан хэрэгжүүлсний дотор газар доорх усны 12 ордыг шинээр илрүүлж нөөцийг нь тогтоожээ. Түүний хамт олны нээж илрүүлсэн газар доорх усны ордуудыг түшиглэж өнөөдөр Чингис, Баруун-урт, Сайншанд хотууд болон уулын хэд хэдэн томоохон үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор Аж үйлдвэрийн гавьяат ажилтны тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байхад нь түүнтэй ярилцсан юм. Одоо тэрбээр “Эрдэнэдрийлинг” компанийн зөвлөхөөр ажиллаж байна.


-Та аль нутгийн хүн билээ. Гедрогеологич мэргэжлийг хэзээ хаана эзэмшив?

-Би Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Аймагтаа наймдугаар ангиа төгсөөд Дархан хотын Политехникумд хуваарилагдаж хайгуулын өрмийн техникч мэргэжлээр суралцаж 1970 онд төгсөөд Геологи уул уурхайн яамнаас Дорнодын геологийн удирдах газарт хуваарилагдсан юм. Тэнд өрмийн мастер, өрмийн бригадын ахлагч хийж байлаа. 1973 онд ОХУ руу сургуульд явсан даа. Уул уурхайн салбартай холбогдсон түүх товчхондоо ийм.

-Хойд хөршид та илүү нарийн мэргэжлээр суралцав уу?

-Тэгж ойлгож болно. ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн дээд сургуулийг уулын инженер-гидрогеологич мэргэжлээр төгссөн. Төгсөөд иртэл яамнаас Хэнтийн Цэнхэрмандал сум руу “Моддын цагаан тугалганы экспедиц”-эд томилсон юм. Тэнд гидрогеологийн инженерээр ажиллаж, Элстэй, Жанчивлангийн цагаан тугалганы шороон ордын хайгуулын ажилд оролцож байлаа.

Зуны цагт талбайд гидрогеологийн судалгааны ажил явуулаад, өвөлд нь судалгааны материалаа боловсруулаад суудаг ажилтай. 1981 оны өвөл Геологи уул уурхайн яамнаас намайг Төвийн геологийн экспедиц рүү шилжүүлэх бичиг очсон. Тухайн үед дээд газрын шийдвэрийг үг дуугүй л биелүүлдэг байлаа. Ингээд Төвийн геологийн экспедицэд Геологийн ангийн дарга, ахлах гидрогеологичоор томилогдож ажилласан. Энд ажилласан 7-8 жил миний амьдралын хамгийн бүтээлтэй цаг үе байсан даа. Гэртээ 2-3 сар л байна. Бусад цагт дандаа хөдөө тэнэнэ дээ. Гидрогеологийн судалгааны олон томоохон төслийг С.Ганхуяг, Ш.Чулуунбаатар, Д.Цэцгээ, н.Дашдондов, н.Цэцэгжаргал, н.Энхцэцэг, Я.Бямбадорж болон өрмийнхөнтэйгөө хэрэгжүүлж, улсад хүлээлгэн өгсөн. 1987 онд ГУУҮЯ-д татагдаж мэргэжилтнээс газрын орлогч дарга хүртэл албан тушаал хашиж 20 гаруй жил ажилласан.

-1970-1980-аад оны үед уул уурхай, геологи хайгуулын ажил ямар байв?

-1970-аад оны үед геологи хайгуулын ажил өрнүүн байлаа. 1970, 1980-аад оны үед Монголын геологийн салбар хүчтэй хөгжсөн юм шүү. Түүхэн он жилүүд гэж хэлж болно. Их ч ажил хийсэн. Төвийн геологийн экспедиц, Баянхонгор, Дархан, Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул аймагт геологийн суурин экспедиц ажиллаж өөр өөрийнхөө чиглэлээр ажлаа хийдэг байлаа.

-“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн тулгын чулууг тавьж байсан хүн нь та юм билээ. Энэ талаар танаас тодруулмаар байна.

-“Эрдэнэс МГЛ” ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор 2007 онд байгуулж Д.Зоригтыг захирлаар нь томилсон. Энэ компанийн геологи уул уурхайн газрын даргаар би, эдийн засаг, санхүүгийн газрын даргаар нь н.Энхчимэг очсон. Ингээд мэргэжилтнүүдээ цуглуулж эхэлсэн дээ, удалгүй бид 30 орчим хүнтэй, манай газар гэхэд 10-аад хүнтэй болчихсон байлаа. Тухайн үед УИХ-аас стратегийн ашигт малтмалын ордууд гэсэн тогтоол гараад ирсэн. Судалгаа хийгдчихсэн, улсын эдийн засагт нөлөө үзүүлэх стратегийн 15 ордыг зарласан юм. Үүн дээр уулын үйлдвэр байгуулах төслийн санал бэлтгээд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлтгэлээ хийж эхэлсэн. Стратегийн ордуудын олон жилийн судалгааны мэдээллүүд Ашигт малтмалын газрын гео мэдээллийн санд байсан юм. Энэ мэдээллийг цэгцлэх үүрэг нь манай газар дээр хийгдэнэ, эдийн засгийн тооцоог н.Энхчимэгийн газар гүйцэтгэдэг байв. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал Монгол руу л хандчихсан байлаа. Бид зэс, нүүрсээр ажилладаг уул уурхайн компаниудын туршлагыг судалж, орд газраа танилцуулна, ажил ингэж л явдаг байлаа.

-Тухайн үед лицензийг ямар зарчмаар олгодог байв?

-1997 оны хууль гарсны дараа лицензийг хэн түрүүлсэнд нь гэсэн зарчмаар олгож байлаа. Хамгийн түрүүнд өргөдөл өгөөд л авдаг. Үүнийг хувь хүн ч авч болдог байв. Сүүлдээ жаахан чангалж хуулийн этгээд л авах эрхтэй болсон. 2012 оноос хойш сонгон шалгаруулалтаар олгож байвал ямар вэ гэх санал гаргасан. Одоо Ашигт малтмалын газар сонгон шалгаруулалтаар лиценз олгож байгаа байх.

-“Эрдэнэс МГЛ”-д та удаан ажиллаагүй байх аа?

-2009 онд Яамны шийдвэр гарч намайг Ашигт малтмалын газрын геологийн хэлтсийн даргаар томилсон. Яг энэ онд “Эрдэнэс МГЛ” компани “Эрдэнэс таван толгой” гэх охин компаниа гаргаж хуваагдсан. Үүний өмнө бид Таван толгойн ордын зүүн Цанхийг эхний ээлжид олборлоход бэлтгэн хөрс хуулалтыг нь эхлүүлээд байлаа. Ингээд манай газрын залуучуудын зарим нь “Эрдэнэс МГЛ”-д үлдэж зарим нь “Эрдэнэс таван толгой” ХК руу явсан. Харин би Ашигт малтмалын газарт очсон доо.

-Тухайн үед лицензийг зах замбараагүй олгочихсон байлаа. Ийм ороо бусгаа үед та яаж ажиллаж байв?

-Ашигт малтмалын газрын геологийн хэлтсийн даргаар 2012 оны есдүгээр сар хүртэл дөрвөн жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Ашигт малтмалын газрын геологийн хэлтэс 1997 оны хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олноор олгосон. Миний очсон цаг үед хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компанууд лицензийн талбайнхаа га тутамд хэдэн төгрөг төлөөд л болоод явдаг. Зарим тохиолдолд геологи хайгуулын ямар ч ажил хийхгүйгээр төлбөрийг нь төлөөд л аргалдаг байсан үе. Ажилласан дөрвөн жилийн хугацаандаа үүнийг манай хэлтсийнхэн цэгцлэх гэж оролдсон. Хамгийн багадаа жилд ийм хэмжээний геологи хайгуулын ажил хийнэ гэж журамлаад хийсэн ажлыг нь хянаж хүлээж авдаг болсон. Өөрөөр хэлбэл хувийн хөрөнгө оруулалтаар тусгай зөвшөөрөл авч хийж байгаа геологи хайгуулын ажлыг цэгцлэх гэж үзсэн. Манай багийнхны ажил тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж боддог.

-Та уул уурхайн салбарт ноёлдог олон улсаар явж, үйл ажиллагаатай нь танилцсан байх. Тэдний туршлага, манайд нутагшуулах боломжийг та яаж харж байв?

-“Эрдэнэс МГЛ” ХХК-д болон Ашигт малмалын газарт ажиллаж байхдаа ашигт малтмалын орд газруудынхаа танилцуулгыг хийгээд явдаг л байлаа. Австрали, Канад, Солонгос гээд уул уурхайгаар дэлхийд тэргүүлдэг улсуудаар явж байсан. Геологи уул уурхайн салбарын шилдэг технологи чинь манайд ордогоо ороод ирчихсэн.

-Та бол усны хайгуулын мэргэжлийн хүн шүү дээ. Ингэхэд та гүний усны хэдэн орд илрүүлж байв?

-Би уулын инженер – гидрогеологич хүн. Миний хөдөлмөрийн гол үр дүн усан дээр гардаг. Усны судалгааны 35 төсөл удирдаж хэрэгжүүлсэн байна. Үүнд региональ судалгаа нь ч бий, газар доорх усны эрэл хайгуулын 35 төслүүд ч бий. Үүн дотор газар доорх усны 12 ордыг шинээр илрүүлж нөөцийг нь үнэлээд улсад хүлээлгэж өгсөн.

-Тухайлбал?

-Газар доорх усны эрэл хайгуул, гидрогеологийн судалгааны ажил бол инженерүүд, өрмийн мастерууд, жолооч, ажилчид гээд олон хүнтэй баг хамт олны хийдэг ажил л даа. Ганцаараа очоод хайж болдог ажил биш. Миний багийн нээж илрүүлсэн 12 ордыг олон газар ашиглаж байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Шовдол овоогийн ордын усыг төвлөрсөн усан хангамжийн хэрэгцээнд ашиглаж байна. Чингис хот ч ашиглаж байгаа. 1984 онд Зээрийн хөтөл гэж гүний усны орд илрүүлснийг Сайншанд хот одоо ашиглаж байна. Тамсагийн нефть боловсруулах үйлдвэрт ч би ус гаргаж өгсөн. Сайншандын ойр газрын тосны үйлдвэр байгуулж байна. Үүнийг бидний нээсэн Борхөөвөрийн говийн газар доорх усны ордод түшиглэн байгуулж байгаа. Усгүйгээр ямарч үйлдвэрлэл үйл ажиллагаа явдаггүй гэж хэлж болно доо.

-Гидрогеологи гэдэг нарийн мэргэжил шиг санагддаг юм. Унданд хэрэглэх бол хүнд тохирох уу ч гэх юм уу, тэр бүрийг судалдаг. Та Олон улсын ямар төслүүдэд ажиллаж байсан бэ?

-Олон улсын хэд хэдэн төсөлд Монголын талын зөвлөхөөр ажиллаж байлаа. 1997-2001 онд Дэлхийн банкнаас “Ус -21” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн зөвлөхөөр ажиллаж, Говийн бүсийн есөн аймгийн 70 сумын төвд 120 худаг гаргаж хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн. Үүнийг Дэлхийн банкны санхүүжилтээр Шведийн компани хэрэгжүүлсэн. Манай орны Хойд-Зүүн хойд бүс, мөн Төвийн бүсийн 1:500000-ын масштабын гидрогеологийн зураг зохиох ажлыг ОХУ-ын ВНИИЗарубежгеология хүрээлэнгийн эрдэмтэн мэргэжилтнүүдтэй хамтран зохиосон гээд яривал нилээн бий л дээ.

-Ганга нуурын ундрага татрахад яамнаас танд даалгавар өгч байсан юм билээ. Тэнд ямар асуудал байсан юм бэ. Танай баг хэрхэн шийдвэрлэж байв?

-Ганга нуурын ус ширгэж ундрага нь татарсан л даа. Байгаль орчны яамнаас нуурын ус ширгэж байгаа шалтгааныг оношилж, тэтгэх ямар боломж байгааг судлах даалгавар надад өгсөн юм. Очоод хамтарч ажилладаг инженерүүдтэйгээ судалгаа хийхэд дэлхийн дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагаатай холбоотойгоор нуурын усны тэжээгдлийн хэмжээ нь багасч, ууршилт нь нэмэгдсэн байсан. Нуурын усны тэнцвэр баланс нь алдагдсан байсан л даа. Сүхбаатар аймгийн Ганга нуур луу 21 булаг тэтгэдэг байсан ч олонх нь байхгүй болчихсон. Энд гидрогеологийн судалгаа явуулж нуурын доогуур гүний даралттай газар доорх усны ордыг гаргаж ирсэн. Үүнийг ашиглаж нуурын усруу нэмэлт тэжээл өгөх боломж байгааг тооцоолж байгаль орчны яаманд танилцуулсан. Зөвлөмжийн дагуу ажил хийгдээд явж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *