Categories
мэдээ нийгэм

Ирээдүйн ажлын байр МЕТАВЕРС DNN.mn

Хүн төрөлхтөн хагас зууны тэртээгээс 2D интернэтийг дэлхий даяар хэрэглэж эхэлсэн түүхтэй. Зөвхөн дэлгэцийн цаана байдаг интернэт гэх нүдэнд үл харагдах сүлжээнээс бодит харилцан хамаарал бий болно гэдгээ тухайн үед бид гадарлаагүй л болов уу.

AR /Augmented reality/ буюу өргөтгөсөн бодит байдал, VR /Virtual Reality/буюу виртуал бодит байдлын тусламжтайгаар обьектуудыг удирдан чиглүүлэх, дижитал болон бодит ертөнц хамт оршино гэж төсөөлөө ч үгүй байсан. Бид аль хэдийнэ ажлын байраа цөөлж, уламжлалт оффисын тогтолцооноос нүүр буруулаад буй. Үүнийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн цар тахлын хөл хорионд талархах хэрэгтэй. Түүний ачаар бид виртуал цахим уулзалтуудыг хийж дадсан.

Мета ертөнц дэх хөрөнгө оруулалтын урсгал

Логикийн дагуу бидний хийх дараагийн алхам метаверс орчинд ажиллах болж байна. Яг л хүүхэлдэйн кино шиг виртуал ертөнцөд хүн бүрийн 3D хувилбарууд алхаж, ярьж, хоорондоо харилцаа үүсгэнэ гээд төсөөл дөө. Метаверс гэдэг үгийг олон газарт харж, уншиж болох ч хараахан бодитоор оршин тогтноогүй гээд үл тоомсорлож болохгүй. Гэсэн хэдий ч яг юу болох нь тодорхойгүй энэ ойлголтод дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, хөгжлийн түүчээ болохыг хүсэгчид асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн.

Бид бодит ертөнцөөс илүү цаг хугацааг метаверс ертөнцөд зарцуулах уу. Уг шинэ орон зайд л үйлчилдэг шинэ дүрэм журам батлах шаардлагатай юу. Эдгээр асуултын аль нь ч хариултгүй хэвээр. Гэсэн ч сониуч зангаа барьж дийлдэггүй компаниуд уг хийсвэр, хэтрүүлэгтэй ч гэж хэлж болох ертөнцөд мөнгө олборлох шинэ арга зам хайх зогсошгүй аялалд гарчээ. Метагийн Horizon Worlds-оос авахуулаад Roblox, Fortnite, шинээр байгуулагдсан газар зохион байгуулалтын Sandbox,Decentraland зэрэг бизнесүүд метаверс орчинд цэцэглэж байна. Алдарт Nike брэнд хүртэл виртуал ертөнцөд зориулж гаргасан дасгалын пүүзээ худалдаж эхэлсэн. Британийн HSBC санхүүгийн групп Sandbox-д газар эзэмшиж, Coca-Cola, Louis Vuitton, Sotheby’s зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид Decentraland-д хөршүүд болжээ.

Метаверс гэдэг нэр томьёог 30 орчим жилийн өмнө Нил Стефенсон гэх зохиолч анхлан таниулсан юм. Тэр “Snow Crash” номондоо зохиолынх нь баатар виртуал бодит ертөнцөд өөртөө тохирсон илүү сайхан амьдралыг олж буйгаар дүрсэлжээ. Энэ уран зөгнөл 2021 оны аравдугаар сард бодит технологи болж дэлхийд танигдахад хамгийн чухал алхмыг Марк Зукерберг хийв. Хоёр жилийн өмнөх аравдугаар сар бол дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээний платформ Facebook нэрээ Мета болгон өөрчилж буйгаа зарласан цаг хугацаа юм. Энэ үеэс л Facebook-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг метаверсэд зориулсан томоохон компанийг байгуулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах болсон билээ. Уг их хэмжээний хөрөнгө оруулалт одоог хүртэл хувьцаа эзэмшигчдийн гайхшралыг төрүүлж бараагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн зарим нь VR орчинд хэтэрхий их мөнгө зарцуулж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. The Verge цахим хуудасны өнгөрсөн сард мэдээлснээр Horizon Worlds платформ маш их алдаатай бөгөөд ажилтнууд нь бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа тухай Мета компанийн дотоод тэмдэглэлд бичсэн байжээ.

Эргэлзээ

Метаверсэд газар зохион байгуулалтын програм хангамжийг хийсэн Improbable компанийн гүйцэтгэх захирал, “Виртуал нийгэм” номын зохиогч Херман Нарула Зукербергийн алсын хараанд итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэр “хэрэв бид метаверсийг огт өөр ертөнц гэж үзэж байгаа бол одоо оршин буй ертөнц дээрхтэй яг ижил ажлын байрыг яагаад хүснэ гэж. Жинхэнэ амьдрал дээр хэдийнэ бий болгочихсон энгийн зүйлсийг дахин давталгүй, арга туршлагаа өргөжүүлж бүтээлч орон зайг бий болгох хэрэгтэй” гэжээ. Хэдий тийм боловч түүний бодлоор метаверсэд зохицуулагчдаас авахуулаад олон тооны ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

Метаверсэд зохицуулагч хийнэ гэдэг олон тэрбум хүн дүрстнүүдийн виртуал ертөнц даяар явуулж буй харилцааг хянах үед гарах техникийн хүндрэл бэрхшээл болон тэдгээр хүн дүрстнүүдийн өргөн хүрээний дата мэдээллийг зохицуулах тун адармаатай ажил юм. Стэнфордын их сургуулийн судалгаагаар виртуал ертөнцөд ердөө 20 минутын хугацаа зарцуулахад хоёр сая гаруй дахин давтагдашгүй биетийн хөдөлгөөн бүртгэгдэж, компаниудад мэдээллийн асар баялаг, цоо шинэ урсгалыг бий болгоно. Зарим технологийн эдийн засгийн судлаачид шинэ эдийн засгийн зураглалыг бий болгож дүрслэхэд технологийн инновацийг хэрхэн бүтээхийг судалж байгаа юм.

Цахим аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Hacker One компанийн үүсгэн байгуулагчдын нэг Алекс Райс ямар нэг компани ажилчдаа метаверсэд алдахвий гэж зовнихоосоо урьтаж метаверсийн загварт хэрхэн хувирах тухай бодож эхлэх цаг ирсэн гэдгийг зөвлөжээ. Тэр хэлэхдээ “Ажлын байран дээр ус хөргүүрийн тухай энгийн харилцан яриа үүснэ гэж төсөөлье. Энэ нь амьдралыг өөрчлөх хүртэл үр дагавар гаргаж болзошгүй хэмжээнд метаверс орчинд бүрэн хянагдана. Хүмүүс хувийн орон зайдаа бодлоо хэлснийхээ төлөө ажлаас халагдаж магадгүй нөхцөл үүснэ. Ажлын хамтрагчтайгаа хийсэн албан бус яриа ч олон нийтэд хянагдана” гэжээ.

Immersive Wire технологийн мэдээллийн товхимлын эрхлэгч Том Фиске метаверс ертөнцөд ажиллах тухай эргэцүүлэн бодоход хэтэрхий эрт, аль эсвэл бүтэшгүй мөрөөдөл ч байж магадгүй гэж дүгнэжээ. Түүний үзэж буйгаар метаверс дэх олон асуудал саад бэрхшээлтэй тулгарч байна. Тодорхойлолт нь ойлгомжгүй сул, маргаантай хэвээр байгаа гэжээ. Хэдийгээр метаверс гэж юу болохыг хэн ч бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байгаа ч ирээдүйд үнэ цэнд хүрнэ гэж төсөөлөх бизнес эрхлэгчид ч байна. 1926 онд байгуулагдсан дэлхийн менежментийн зөвлөх компани МакКинси 2030 он гэхэд метаверсийн зах зээлийн үнэлгээ таван их наяд ам.долларт хүрнэ гэж зөгнөжээ. Мөн Гартнер менежментийн зөвлөх компани дэлхийн хүн амын дөрөвний нэг нь 2026 он гэхэд хоногт багадаа нэг цагийг метаверсэд зарцуулдаг болно гэж тооцоолсон байна.

Харин судалгааны Каналис компанийн ахлах шинжээч Мэтью Болл дээрх компаниудаас эсрэг байр суурьтай байгаа бөгөөд метаверс дэх одоо яригдаж байгаа бизнесийн төслүүд 2025 он гэхэд дампуурна гэж үзэж байгаа аж. Тиймээс томоохон компаниудыг метаверсэд хөрөнгө татах хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа эсэхийг, технологийн төлөө технологийг хэрэглэх талаар дахин бодолцож үзэхийг санал болгожээ. Болл бизнес эрхэлж байгаа компани бүр хийсвэр ертөнц дэх ажилчдынхаа хиймэл дүрстэй алсаас мэндчилэхийн тулд VR чихэвч зүүх шаардлагагүй ба оронд нь Zoom, Teams зэрэг аппликейшнуудыг ашиглан төвөг багатайгаар алсаас холбогдож болно гэдгийг зөвлөж байна. Гэтэл RGA дижитал брэндинг компанийн бүтээлч ахлах ажилтан Тифани Ролф болон түүний багийн гишүүд хэдийнэ метаверсэд ажиллаад эхэлжээ. Түүний компани цар тахлын үед Америкийн харилцаа холбооны Verizon компанид зориулж Fortnite-д америк хөлбөмбөгийн виртуал цэнгэлдэх хүрээлэн байгуулсан байна. Мөн тэд Horizon Worlds дотор хөгжмийн өртөнцийг бүтээхэд Мета компанитай хамтран ажиллажээ. Ролфийн баг өдөрт багадаа хоёр цагийн турш чихэвч зүүж метаверс дотор ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *