Төрийн албаны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан. Төрийн албаны зөвлөлөөс энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.
Хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит хэрэгцээнд тулгуурлан чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй зохион байгуулж, сонгон шалгаруулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх, практикт тулгамдаж буй асуудлыг шийдэх хүрээнд ТАЗ нь зарим журмаа өөрчилсөн байна. Тодруулбал, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, энэ оны 3 дугаар сарын 31-нээс дагаж мөрдөхөөр шийджээ.
Мөн Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ыг баталсан бөгөөд улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах хүсэлтэй иргэд ерөнхий шалгалтаар нөөцөд бүртгүүлж, тусгай шалгалтад өрсөлдөн, төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах боложтой болжээ.
Төрийн ерөнхий шалгалтын бүртгэл 3 дугаар сарын 3-ны 9.00 цаг хүртэл цахимаар үргэлжилнэ.