Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (6.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд валютын харилцах 2.6 (2.1 дахин) их наяд, валютын хадгаламж 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бага мөнгө (M1) мөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (21.6 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 691.9 (10.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 6.4 (88.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 831.1 (11.5 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 22.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1 (4.8 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (5.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 12.6 (56.1 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.9 (21.9 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.9 (22 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах аж.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.1 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр багасав.
Гадаад цэвэр актив дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.8 (3.5 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (34.6 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 504.3 (1.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (12.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.