Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахимд зар байршуулж урьдчилгаа төлбөр авах байдлаар залилах гэмт хэрэг гаарчээ DNN.mn

“Тавилга хийж зарна” гэх байдлаар иргэдээс урьдчилгаа төлбөр авч бусдыг залилах гэмт хэрэг түгээмэл гарах болжээ.

Залилагч этгээдүүд иргэдэд зах зээлийн ханшнаас доогуур үнэ санал болгодог бөгөөд урьдчилгаа төлбөрөө байршуулж захиалгаа баталгаажуулахыг шаардаж бусдыг залилдаг юм байна. Эрүүгийн цагдаагийн албаны зүгээс иргэд мэдээллийг нягтлахгүй байгаа нь залилагчдад өгөөш болж байгааг сэрэмжлүүлж байна.

Сүхбаатар дүүргийн иргэн М.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр цахимд байршуулсан зарын дагуу гал тогооны иж бүрэн тавилга хийлгэхээр урьдчилгаа төлбөрт 300 мянган төгрөг шилжүүлж хохирчээ.

М.БАЯСГАЛАН: ХӨРШ БИД ХОЁР ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА ЗАХИАЛААД 600 МЯНГАН ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛЧИХЛАА

– Тавилга хийж нийлүүлнэ гэх байдлаар бусдыг залилах гэмт хэрэг түгээмэл байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Таныг гэмт этгээдүүд яаж залилав?

– Цахимд төрөл бүрийн залилан байна. Хамгийн түгээмэл нь урьдчилгаа төлбөр аваад хэл чимээгүй алга болдог жишиг. Би он гарахаас өмнө гал тогооны өрөөндөө тавилга хийлгэхээр “Гap хийцийн модон эдлэл” гэх фэйсбүүк хаяг руу хандаж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр захиалга өгсөн. Ингээд дугаараар нь холбогдож долоо хоногийн дараа авахаар тохирч урьдчилгаанд 300 мянган төгрөг шилжүүлсэн юм.

Өнөөдрийг хүртэл захиалгаа авч чадсангүй. Дугаараар нь холбогдоход утсаа авахгүй, пэйж хуудаснаасаа блок хийсэн байна. Эхлээд үйлдвэр “Өнөөдөр амарч байна”,”гадуур түгжрэлтэй хүргэлт хийгээд явж байгаа” гэх мэтчилэн шалтаг хэлж байгаад сүүлдээ таг чиг болсон.

Залилуулснаа сүүлд мэдлээ. Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Хариугаа хүлээгээд сууж байна.

– Та ААН рүү хандсан уу, эсвэл хувь иргэн рүү хандсан юм уу?

– “Гap хийцийн модон эдлэл” гэх хаягаас гоё тавилгуудын зураг оруулаад зар нийтэлсэн байсан юм.

Ингэхдээ 600 мянган төгрөгөөр л хийгээд хүргээд өгнө гэж хэлж байсан. Урьдчилгаа төлбөр тавин хувиа хийж захиалгаа баталгаажуулахыг анхааруулсан. Зах гараад тавилга сураглахад хамгийн хямд нь л 700 мянган төгрөгийн ханштай байгаа. Арай хямдыг нь хараад л захиалтал залилуулчихлаа.

Утасны дугаар, дансны дугаар нь байгаа болохоор буух эзэн, буцах хаягтай гэж санасан юм. Залилахдаа бусдын нэр дээр бүртгэлтэй дансны дугаар ашигладаг юм байна. Ийм маягаар залилуулсан олон зуун хүн байгааг цагдаа дээр очоод л мэдлээ. Би л гэхэд хөрштэйгөө хамт 600 мянган төгрөг залилуулчихсан. Хоёр хүнээс л ийм хэмжээний мөнгө залилж байна.

Хэргийн хохирогчдын тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Ингээд харахад энэ төрлийн гэмт хэргийн хохирол хэдэн арван саяар яригдаж байгаа биз. Нэр нүүрийг нь хараагүй хэн нэгэн рүү таван төгрөг ч шилжүүлж болохгүй гэдгийг сайн ойлголоо. Үүнийг бусдад сэрэмжлүүлэх байна.

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.ДӨЛГӨӨН: ОНЛАЙНААР БАРАА ЗАХИАЛАХДАА ТУХАЙН ХАЯГ АЛБАН ЁСНЫХ ЭСЭХИЙГ САЙН НЯГТЛАХ ЁСТОЙ

Урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилдаг гэмт хэрэг гаарч байгааг ЭЦА-наас анхааруулж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнөөс тодрууллаа.

– Цахим залилангийн гэмт хэрэг гаарч байх шиг. Тодруулбал урьдчилгаа төлбөр авах байдлаар иргэдийг залилдаг бүлэглэл байна уу. Залилагч этгээдүүд ямар аргаар иргэдэд хохирол учруулаад байна вэ?

– Өнөөдөр бүх зүйл цахим болсон.

Бусдад мөнгө шилжүүлэхэд хэдхэн секунд л зарцуулдаг болсон. Хялбараар мөнгө шилжүүлж байгаа энэ аргыг залилагчид олзолж байна. Хохирогчийг яаж хуурч мөнгийг нь авах талаар тэд толгойгоо гашилгаж байгаа юм.

Иргэдийн зүгээс мэдээллийг сайтар нягталдаггүй, хайнга байдал нь гэмт хэрэгтнүүдэд өгөөш болдог.

Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар залилах төрлийн 10,300 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8,056 нь цахимаар үйлдэгдсэн. Цахимаар үйлдэгдэж байгаа залилангийн хэргийг задлаад үзэхэд хоёр төрлийн залилан яваад байгаа юм.

Нэгдүгээрт, таны онцолж байгаа урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилдаг.

Хоёрдугаарт, бусдын цахим хаягт нэвтэрч танилуудаас нь мөнгө зээлэх байдлаар гэмт хэрэг үйлддэг.

– Залилагч этгээдүүд ямар арга хэрэглэж урьдчилгаа төлбөр авч байна вэ. Иргэд юунд анхаарах вэ?

– Залилагч этгээдүүдийн арга цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Залилан хийхдээ зах зээлийн ханшнаас бага зэрэг доогуур үнэ санал болгож иргэдийн анхаарлыг татдаг. Иргэд холбогдоход урьдчилгаа төлбөрөө байршуулж захиалгаа баталгаажуул гэх байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж залилдаг. Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол таны захиалга хүчингүй болно гэх юм уу. Хүмүүс үүнд нь итгээд мөнгө шилжүүлчихдэг. Ингээд л залилангийн гэмт хэргийн хохирогч болж байгаа юм.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд бараа захиалах бол тухайн хаяг албан ёсны дэлгүүр мөн үү гэдгийг хамгийн эхэнд нягтлах ёстой. Фэйсбүүк хуудасны дагагч болон оруулж байгаа постуудаас нь үүнийг нягталж болно. Хэн нь мэдэгдэхгүй албан ёсны бус хаягтай харилцаад мөнгө шилжүүлж болохгүй.

Иргэдийн тухайд холбогдох утасны дугаар, данс байгаа юм чинь олж болно гэх ойлголттой байдаг. Залилагчид тэнэг биш. Тэд өөрийн хувийн дансаа гэмт үйлдэлдээ ашигладаггүй. Бусдын данс болон утасны дугаарыг ашигладаг. Таксины жолооч ч юм уу, өөр хэн нэгний данс руу мөнгө оруулж гэмт үйлдлээ нуун дарагдуулах нь бий.

Урьдчилгаа авах байдлаар бусдыг залилдаг этгээдүүд зар байршуулахдаа олон хүнд хүргэх үүднээс зараа бүүст хийж байгааг хохирогчдын зүгээс онцолж байна. Мөн зарын группүүдэд тавилга сонирхсон иргэдийг олзолж хямд үнэ санал болгож залилж байгааг сэрэмжлүүлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *