Categories
гадаад мэдээ

Умард Солонгос хоёр оны заагт пуужин харваж, удирдагч Ким Жон Ун мэдэгдэл хийлээ DNN.mn

Умард Солонгос хоёр он солигдох үеэр буюу 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 01-ний өдөр тус тус ойрын зайн баллистик пуужин харвалаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тактикийн пуужинг олноор үйлдвэрлэх, шинээр тив алгасах пуужин зохион бүтээх, тагнуулын хиймэл дагуул хөөргөх, хатуу түлштэй пуужин бий болгох талаар Ажилчдын намын төв хорооны наймдугаар хуралдааны үеэр мэдэгдэв. Энэхүү зургаа хоног үргэлжилсэн хуралдаан нь тус улсын 2023 онд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлсон юм.

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Умард Солонгос нийслэл Пёньяны өмнөд хэсгээс доод тал нь ойрын зайн тусгалтай гурван баллистик пуужин харвалаа. Японы БХЯ-ны мэдэгдсэнээр эдгээр пуужин ойролцоогоор 100 км-ийн өндөрт нисэж, 350 км аялж Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна Солонгосын хойгийн зүүн эрэгт далайн усанд унасан байна.

Мөн Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдсэнээр шинэ оны эхний өдөр буюу ням гарагийн өглөө Умард Солонгосын төвийн дүүргээс ойрын тусгалтай баллистик пуужин харвасан нь 400 км орчим нисэж, Япон болон Солонгосын хойгийн дунд далайд унасан байна. Үүний өмнөх долоо хоногт буюу 12 дугаар сарын 18 орчимд мөн ойрын тусгалт хоёр баллистик пуужин харваад байсан юм.

Умард Солонгосын Мэдээллийн төв агентлаг “Өнгөрсөн бямба болон ням гарагт тус улс супер том хэмжээтэй, олон пуужин харвагчийн туршилт хийсэн. Удирдагч Ким Жон Ун хэлэхдээ “Энэхүү пуужин харвагч нь Өмнөд Солонгосын газар нутгийн бүхий л хэсэгт цохилт өгөх боломжтой бөгөөд цөмийн хошуу тээвэрлэх чадвартай” гэж мэдэгдсэн байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар тус улс 2022 онд түүхэнд байгаагүй олон пуужин харвасан нь техникийн хувьд гоц дэвшилт харуулахгүй байгаа ч маш олон байрлалаас, цаг хугацаа, нөхцөл байдлын өөрчлөлттэй үед олон тоогоор харваж байгаа нь Умард Солонгос ямар ч үед, олон чиглэлээс, төрөл бүрийн цохилт өгөх чадвартай болсон гэдгийг батлан харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн эхээр Умард Солонгос 5 нисгэгчгүй нисэх хэрэгслээр Өмнөд Солонгосын хилийг зөрчсөн бөгөөд тэдгээрийн нэг нь Сөүлийн хойд дүүрэгт нэвтэрсэн байна.

Ажилчдын намын хуралд удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгост чиглэсэн тактикийн цөмийн зэвсэглэлийг олноор үйлдвэрлэх замаар “цөмийн зэвсэглэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх”, АНУ-д цохилт өгөх зорилготой “цөмийн шуурхай хариу цохилт өгөх” шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин бүтээх, Умардын анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг ойрын үед хөөргөх чиглэлд нэг дахин илүү хүчин чармайлт гаргахыг цаг үе, гадаад орчин шаардаж байгааг мэдэгдэж ирэх жилийн зорилт болгон дэвшүүлсэн байна.

Тус улсад өнгөрсөн жил батлагдсан шинэ хуулиар маш олон тохиолдолд цөмийн зэвсгийг урьдчилсан цохилт өгөхөд ашиглах, цөмийн зэвсгийг эхэлж хэрэглэхээр заналхийлэх зэргийг хуульчлан зөвшөөрсөн нь аюултай нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн намын хурлын үеэр Ким Жон Ун үүнийг давтан мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын БХЯ-наас түүний мэдэгдлийг Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийллээ гэж мэдэгдээд цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоохыг мэдэгдэж, цөмийн зэвсэг хэрэглэх гэсэн тохиолдолд Ким Жон Уны дэглэм төгсгөл болох бөгөөд аливаа ийм оролдлогод Өмнөдийн зүгээс Умардын цөм, пуужингийн аюулд хариу өгөх зориулалттай “гурван тулгуур”-т батлан хамгаалах системээ[1] улам бэхжүүлэхээ мэдэгдсэн. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юон Сүх Иол цэргийн удирдлагадаа цаашид Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад шийдвэртэй хариу өгч байх үүрэг өгсөн байна.

Цөмийн шинжээч А.Панда “Умард Солонгос нэгэнт томоохон хэмжээний пуужингийн хүчнийг бүрэн ашиглагч болон хувирсан байна. Туршилт гэдэг үг одоо Умард Солонгосын хувьд тохирохгүй. Энэ жил тэдний харвасан бүхий л пуужингууд нь цэргийн сургуулилалтынх нь нэг хэсэг байлаа. Тэд цөмийн дайнд бэлтгэж байна гэсэн үг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *