Covid-19 өвчний талаар өдөр тутмын тоо баримтаа Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо зарлахаа зогсоов. Тус байгууллагаасгаргасан мэдэгдэлд “Цар тахалтай холбоотой мэдээллийг Хятадын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв цаашдаа нийтэлж байх болно” гэсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдвар тархалт эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тухай мэдээ ирж байгаа. Гэхдээ өвчлөлийн талаарх тоо баримт эргэлзээтэй хэвээр байна. Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо тоон мэдээлэл гаргахаа зогсоохоос өмнө дөрвөн өдөр дараалан Covid-19 өвчинтэй холбоотой нас баралтын тоогоо зарлаагүй юм. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид ямар тохиолдолд коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж үзэх шалгуураа өөрчилж байжээ.
Их Британийн эрүүл мэндийн өгөгдөл боловсруулдаг “Airfinity” компанийн тооцоогоор Хятадад өдөрт нэг сая гаруй халдварын тохиолдол, 5,000 гаруй нас баралт нэмэгдэж байх өндөр магадлалтай гэсэн байна. Циндао хотын албаны эх сурвалж тус хотод одоо өдөрт 490,000-530,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа мэдээ өнгөрсөн баасан гарагт нийтлэгдэж байжээ. Гэхдээ энэ мэдээлэл удалгүй устсан байна гэж “Reuters” мэдээлэв.