Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлжээ.
Тодруулбал, УИХ-ын 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрөөр товлон тогтоосон юм.
Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:
- Тухайн асуудлаар мэргэшсэн,
- хараат бус,
- мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн
- Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх.
Дээрх шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгож болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээллээ.
Нэмж мэдээлэхэд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заажээ.