Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж буй 31 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэхүү оюуны спортын тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм. Тус тэмцээнийг БНХАУ-д зохион байгуулах байсан ч ковидын хязгаарлалтаас шалтгаалан онлайнаар зохион байгуулж байна.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон манай багийн хувьд энэ жил амжилтаа бататгах мөн багийн дийлэнх хувийг бүрдүүлж буй шинэ тамирчид олон улсын мастерын болзлыг хангах зорилготой бэлтгэлээ хангасан гэдгийг Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар тодотгов. Ташрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд Монголын оюун ухааны академийн баг тамирчид АНУ, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улс оронд болсон ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, рубикийн шоо зэрэг оюуны спортын 60 тэмцээнээс 101 цом, 1115 медаль хүртэж гиннесийн дэлхийн олон дээд амжилтыг шинэчилжээ.