Categories
мэдээ улс-төр

ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо DNN.mn

Төрийн өмчит зарим компанийг IPO хийж, нээлттэй ХК болгоно | News.MN

Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаараа үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөл оролцож, тус тусын эрхэлсэн асуудлаар мэдээлэл өгөв.

ҮББХ: Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн  газарт чиглэл болголоо

Улсын Их Хурлын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 ондбиржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” 16 дугаар, Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 244 дүгээр тогтоолуудаар Төрийн банк болон нэр бүхий 26 компанийн 34 хүртэл хувьд IPO хийж, нээлттэй аж ахуйн нэгж болгон олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахаар шийдвэрлэсэн. Эдгээрээс Төрийн банкны 5.71 хувийг анхдагч зах зээлд амжилттай арилжаалсан бөгөөд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг энэ онд багтаан арилжаалахаар бэлтгэл хангаж байгааг Төрийн өмчийн бодлого,зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 6.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж байна. Компани, аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аар дамжуулан татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2020 онд 65.3 тэрбум төгрөг байсан бол 2022 оны эхний 11 сарын байдлаар 528.9 тэрбум төгрөг байна. 2021 онд энэ дүн 1.4 их наяд төгрөг болтлоо өсөж байжээ. Банкны тухай хуулиар системд нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани байхаар зохицуулсны дагуу одоогоор Төрийн банкнаас гадна Голомт банк хувьцаагаа гаргаж, 10.09 хувиа анхдагч зах зээлд арилжаалаад байна. ХААН банкны IPO-г энэ онд багтаан хийж, Худалдаа хөгжлийн болон Хас банкуудын хувьцааг 2023 онд гаргана.

Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд 2023 онд багтаан олон нийтийн, нээлттай компани болгох аж ахуйн нэгжийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж ТӨХК багтаж байгаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Алтайгийн Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлд дурдсанаар хувьцаа гаргах ажлын бэлтгэл үндсэндээ хангагдаж, үнэт цаасны танилцуулгаа Санхүүгийн зохицуулах хороонд оруулахад бэлэн болсон байна. Анхдагч зах зээлийн арилжааг 2022 онд багтаан явуулах ажээ. Тэрээр мэдээлэлдээ, үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх өргөн боломжтойг дурдан, олон улсын туршлагаас танилцуулж, экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих, тэтгэврийн шинэтгэлийн хүрээнд нийгмийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгож, хөрөнгийн зарцуулалтыг өгөөжтэй, үр ашигтай болгох, “Шинэ эргэлтийн бодлого”-ын томоохон бүтээн байгуулалтууд, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө татах зэрэгт хөрөнгийн зах зээлийн арга хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах нь зүйтэй гэлээ. Мөн, стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 10 хүртэл хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар хуульчилсан нь хангалттай хэрэгжихгүй байгааг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэд хэдэн асуулт тавьж, хариулт авлаа. Төрийнбанкны тав гаруйхан хувийг олон нийтэд санал болгосон байна, үлдсэн хэсгийг хэзээ гаргах, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа, ашиг орлого ямар байгаа болон өнгөрсөн хугацаанд шинээр гарсан хувьцааны үнийн хэлбэлзэл, хөрвөх чадвар ямар байгаа, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох болон гадаадаас манай бирж дээрх хувьцааг худалдан авах боломж ямар байгааг тэрээр сонирхож, хариулт авлаа. Мөн хөдөө, аж ахуйн болон шинээр байгуулахаар яригдаж байгаа уул уурхайн биржтэй Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаа хэр уялдаа холбоотой байх, төрийн өмчийн компаниуд дахь хөрөнгө, мөнгө завших, хулгай хийх явдлыг таслан зогсоох, эрсдлийг хаах талаар холбогдох хуульд ямар зохицуулалт байгаа, ямар зохицуулалт нэмэх шаардлагатай талаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг төлөөлөн ирж, хуралдаанд оролцож буй хүмүүсээс асуув.

Төрийн банкны талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариулахдаа, Улсын Их Хурлын 16 дугаар тогтоолд тус банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар арилжаалахаар заасны дагуу үлдэх 15 хувийг 2023 онд үргэлжлүүлэн арилжаална гэлээ. Б.Цэнгэл төрийн өмчит компаниудын засаглалын талаар хариулахдаа, олон улсын зөвлөхүүд нэгдсэн удирдлагатай,группын зохион байгуулалттай, бие даасан байх нь зүйтэй гэж зөвлөдөг гээд, Засгийн газраас саяхан гаргасан Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет компанийг Эрдэнэс Монгол ХХК-ийн удирдлагад шилжүүлсэн шийдвэрийг жишээлж, энэ чиглэл рүү төрийн өмчийн удирдлагыг шилжүүлж байгааг ярив. Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай биржийн ашигт ажиллагаа, арилжаалагдаж буй хувьцааны хөрвөх чадварын талаар танилцуулаад, гадаадын болон Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааг давхар бүртгүүлснээр тэдгээр бүртгэлтэй зах зээлүүд дээрээ зэрэг арилжаалагдах боломжтойг “Эрдэнэ ресурс” ХК-ийг жишээлэн дурдлаа. Мөн, уул уурхайн зэрэг таваарын биржүүдийн арилжааг нэгэнт бүрэлдэж тогтсон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны платформоор явуулах боломж, хүчин чадал байгааг мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *