Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn

– БИД “ДАВХАРДСАН АМНАТ” БУЮУ НЭГ БҮТЭЭГДЭХҮҮНД ХОЁР АМНАТ ТӨЛДӨГ-


“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-АМНАТ буюу роялтиг манай уншигчдад товчхон тайлбарлаж өгөөч?

-Газрын дор буй эрдсийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоод нэг удаа төлдөг зөвшөөрлийн төлбөрийг олон улсад “Royalty” буюу манайд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” буюу “АМНАТ” гэдэг. Уул уурхай хөгжсөн Австрали, Канад, Бразил, ОХУ, БНХАУ, Африкийн орнуудад роялтийг олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдуулдаг, үйлдвэрлэлийн болон тээврийн зардлыг хасч роялти ногдуулдаг, зарим нь цэвэр ашгаас нь, зарим нь нэгж бүтээгдэхүүнд роялти ногдуулж авдаг хуультай. Хувь хэмжээ нь улс орон бүрд өөр байдаг.

-Ашигт малтмалын хуульд 2019 онд ямар өөрчлөлтүүд орсон юм бэ?

-2019 оны гуравдугаар сард орсон өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гарч байсан. Мөн оны арваннэгдүгээр сард Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ төлөгч нь төлдөг байсан дээр нэмж “Экспортолсон этгээд”-ийг АМНАТ төлөгч болгосон. АМНАТ шингэсэн бас НӨАТ-тай үнээр агуулга багатай жоншны болон төмрийн хүдэр, түүхий нүүрс худалдан аваад баяжуулж, боловсруулж угаагаад экспортлоход олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ-ийг дахин ногдуулж төлүүлдэг болгосон.

Бид нэг удаа 68 хувийн татвар гэж гаргаад алтаа гадагш урсгаад амжилт олоогүй. Энэ удаа бусад улсад байдаггүй АМНАТ-ийг бий болгож монголчилсон. Өөрөөр хэлбэл, бид “давхардсан АМНАТ” буюу нэг бүтээгдэхүүнд хоёр АМНАТ төлдөг. Хүдэр худалдаж авахад төлсөн АМНАТ-ийг хасдаг болгосон гэдэг боловч энэ нь хүдрийн өртөг болон төлсөн НӨАТ зэргийг хасалгүйгээр, экспортолсон баяжмалд дахин өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулдаг болсон. Сангийн яам Үндсэн хуульд заасны дагуу “төрийн нийтийн өмч”-өөс ямар хувь хэмжээгээр татвар авахаа бид мэднэ гэдэг. Гэтэл хэт өндөр хувиар АМНАТ ногдуулдаг болсон нь компаниудын өрсөлдөх чадварыг бууруулсан. Харин Үндсэн хуулинд хууль эрх зүй, эдийн засгийн баталгаагаар хангана, Татварын ерөнхий хуульд татвар нь “үр ашигтай, шударга” байх ёстой гэж заасантай зөрчилддөг. Бодит жишээ, “ЭТТ” ХК эрчим хүчний нүүрсээ 14 ам.доллараар зараад 15 ам,долларын АМНАТ төлдөг болгоод нэг жил гаруй болсон. Нүүрсний ангиллыг саяхан өөрчилсөн боловч татварын дарамтыг төдийлөн бууруулж чадаагүй. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд 20 гаруй өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд маш их өрөнд орж, 1500 орчим хүн ажилгүй болж агуулга багатай хүдрүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй, орон нутгийн төсөвт төлдөг татвар, төлбөр, хураамжууд төлөгдөхгүй болсон.

-Олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалаа яагаад борлуулж чадахгүй байна вэ?

-Олборлолтын хэмжээ, хил гааль, тээвэрлэлт, түүхий эдийн чанар гэх мэт олон зүйлээс хамаарч худалдан авагчтай өндөр үнээр гэрээ хийж чаддаггүй. Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-ын томоохон худалдан авагчид хүхэр ихтэй гээд худалдаж авдаггүй. Нүүрсний хувьд “ЭТТ” ХК-д БЭТ томилогдсон яагаад өндөр үнээр зарж чадахгүй байгаад тайлбар хийвэл сайн. Сангийн яам 2022 оны улсын төсөвтөө 1 тонн коксжсон нүүрсийг 128 ам.доллараар борлуулна гэж оруулж ирэхэд Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон үнийн комисс дунджаар 230-345 ам.доллараар борлуулсан гэж үздэг. Ийм ойлгомжгүй АМНАТ-тэй улсад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. ЕСБХБ өнгөрсөн жил манай улсыг АМНАТ тооцоолох суурь үнээ хэт өндөр тооцоолж байна. АМНАТ-ийг давхардуулж ногдуулж байгааг шүүмжилж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Дэлхийн банкны 110 орчим орны роялтийн судалгааг үзэхэд, манай улс шиг АМНАТ-ийг ийм зарчмаар ногдуулж авдаг улс нэг ч байхгүй.

-Манай улсын эдийн засагт эзэлж буй хүнд үйлдвэрлэлийн салбарын талаар мэдээлэл өгөөч?

-УУХҮЯ-ны судалгаагаар 92 үйлдвэр байдаг. 2022 оны байдлаар ТОП-100 компанид уул уурхай хүнд, үйлдвэрийн чиглэлийн 28 компани орж байна. Ойрын 10-20 жилд уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байх нь тодорхой байгаа. Том үйлдвэрүүдээ дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн бий болгосон бол гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжих талаар тусгагдсан ч бодит дэмжлэгүүд байхгүй л байна.

-Хүнд үйлдвэрүүдийн хууль эрх зүй, татварын орчин ямар байна вэ?

-Товчхон хэлэхэд, хууль эрх зүй, татварын орчин маш тогтворгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, татварын хууль, Засгийн газрын тогтоол, татварын хувь хэмжээ байнга өөрчлөгддөг. Ашигт малтмалын хууль 1994 онд хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалт өөрчлөгдсөн. ГХО нар юуны түрүүнд манай татварын хуулиуд түүний хувь хэмжээ, тогтвортой байдлыг нэгдүгээрт авч үздэг. Эдгээр үйлдвэрүүдийг хэвийн үр ашигтай үйл ажиллагаагаа явуулахад засч залруулах хууль, тогтоол, журмууд олон байна.

-Боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ажлын байр олноор бий болж ядуурал буурна, татварын суурь өргөжиж улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. Зэс боловсруулах үйлдвэр байгуулж чадвал зэсийн баяжмалаас алт, мөнгө, молибден, төмрийн хүдэр ялгаж авах, авахгүй маргаан арилж, томоохон тоглогч болох боломжтой. Төмрийн хүдэр, баяжмалын стандартыг шинэчилж, энэ чиглэлийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, ядаж экспортынхоо 50 хувийг баяжмал, ширэм үйлдвэрлэдэг болгоход маш олон ажлын байрыг бий болгож валютын урсгалыг нэмэгдүүлж чадна. Манай улс жоншны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог тул бүх хүдрээ баяжуулж, боловсруулдаг болвол бүс нутагтаа томоохон тоглогч болох боломж байгаа. Энэ бүгдийг хийхийн тулд Ашигт малтмалын тухай хуулиа улс орныхоо “Аж үйлдвэржилт”-ийг хөгжүүлэх чиглэлд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Эс чадвал гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи орж ирэхгүй, Ашигт малтмалаа түүхийгээр нь хямд экспортлосоор байх болно. Засгийн газрын Хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалга, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжихгүй. Сангийн яамнаас баримталж буй АМНАТ-ийн бодлого Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй зөрчилдөж байгааг залруулах хэрэгтэй.

-Үүнд ямар гарц байна вэ?

-Хуучин мөрдөгдөж байсан хууль нь дэлхий нийтийн зарчимд нийцдэг, маргаан үүсдэггүй татвар төлөгчдөд хүндрэлгүй байсан тул сэргээж болно. Сангийн яамны саналаар 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан АМНАТ-ийн өөрчлөлт мөн ЗГ-ын 2021 оны 174 дүээр тогтоол маш буруу гэдэг нь хангалттай батлагдлаа. Алдсан алдаагаа яаралтай засах хэрэгтэй. УУХҮЯ Ашигт малтмалын тухай хуулийг хоёр жил боловсрууллаа гурван чуулганаар хэлэлцүүлэхийг хойшлууллаа, яаралтай батлуулах хэрэгтэй. Цаг хугацаа маш хурдан өөрчлөгдөж байна. Бид хэтэрхий удаан байна.

-Танай холбооны гол зорилго юу вэ?

-Экспортын баяжмал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эх орныхоо эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой үйлдвэрлэгчид эрх ашгаа хамгаалахын төлөө энэ холбоог байгуулсан. Манай улсын эдийн засгийн өсөлт буурч, инфляци нэмэгдэж, валютын орлого багасч, гадаад өрийн хэмжээ маш эрсдэлтэй байдалд хүрээд байна. Энэ хүнд байдлаас гаргахад болон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэхэд Хүнд үйлдвэрүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид гишүүн байгууллагууддаа тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Бидэнтэй нэгдэж ажиллах хэн бүхэнд манай холбоо нээлттэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *