Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг 2018 онд байгуулсан.
Байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой түлш компани жилд дунджаар 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэл хотын хэрэгцээг бүрэн хангаж ирсэн.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай компани 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгасан үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлшний нөөцтэй өвлийг угтдаг байсан.
Одоогийн байдлаар компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс 3-4 дахин буурах боломж бүрдээд байна.
Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээр үйлдвэрт техникийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцийн 97 агуулахад 110,000 тонн түлшний нөөцтэй байна. Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний нөөц 330,000 тонн байна. Мөн одоогийн байдлаар 12,500 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Энэ нь 140 хоногийн нөөц юм. Шуудайн нөөц 5 сая 300 мянга байна.
Шахмал түлшний нөөц хангалттай, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, мөн түүхий эдийн олон сарын нөөцтэй байгаа үед гадаадаас импортоор шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй бөгөөд нийслэл хотын хэрэгцээг Тавантолгой түлш компани өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж борлуулалтын 650 цэгээр шахмал түлшээ борлуулж байна.