Монгол Улсын Засгийн газраас дизель түлш болоод өргөн хэрэглээний АИ-92 шатахууны нийлүүлэлт болоод үнийг тогтвортой байлгахын тулд ОХУ-тай урт хугацааны гэрээ хэлэлцээр хийсэн. Улмаар дизель түлш болоод АИ-92 шатахууныг импортын татвараас хүртэл чөлөөлж амжсан. Үүний үр дүнд манай улс руу нийлүүлэх дизель түлш болоод шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ хэмээн итгэсэн иргэдийн хүлээлт талаар болоод байна. Дизель түлшний нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор улс орон даяар хүндрэл үүсч, гал алдахад хүрээд байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүд дизель түлшний нийлүүлэлт тасалдсан асуудалд ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Speak Оut” буландаа онцолж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Дизель түлш ховордож байгаа нь үнэн. ОХУ-аас хийж байгаа ачилттай холбоотой юм билээ. Манай намын бүлэг ч энэ асуудлыг ярьсан. Засгийн газрын хэд хэдэн удаагийн хуралдаанаар ч ярьсан. ОХУ руу ажлын хэсэг байнга явж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар тун удахгүй хангамж сайжирна гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг бодвол энэ долоо хоногт нийлүүлэлт бага хэмжээгээр нэмэгдсэн. Тун удахгүй нийлүүлэлт тогтворжих болов уу хэмээн бодож байна. Харин үнийн тухайд дизель түлшний үнэ өндөр байгаа. УИХ болон Засгийн газраас дизель түлшний үнийг тогтвортой хэмжээнд барьж чадахгүй байгаа. Харин иргэд хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 2390 төгрөгт барьж байна. Дизель түлшний тухайд үнийг нь барьж чадахгүй ч тасалдуулчихгүй, ховордуулчихгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Дизель түлш хамгийн өргөн хэрэглэгддэг улирал бол намар, хавар. Өөрөөр хэлбэл газар тариалан, уул уурхайн салбар дизель түлшний гол хэрэглэгч болдог. Манай улсад орж ирж байгаа нийт түлшний 60 орчим хувийг уул уурхайн салбар дангаараа хэрэглэж байгаа бол 20 гаруй хувийг нь газар тариалангийн салбар хэрэглэдэг. УИХ болон Засгийн газраас дизель түлшний үнийг нэг түвшинд барьж чадахгүй байна гэхээр дизель түлшийг ихэвчлэн бизнес эрхлэгчид ашигладаг.Өртөг нь бүтээгдэхүүнд нь шингэдэг. Тийм учраас ганцхан АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажилласан. АИ-92 шатахууны үнийн зөрүүнд улсын төсвөөс төлж байгаа. Хэрэв бид АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаагүй бол дизель түлшний үнэтэй ижил хэмжээнд буюу 4000 орчим төгрөгт хүрэх байсан. Ийм нөхцөл байдал тулгарсан бол бид улсаараа инфляцийн дарамтад өртөх байсан.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: -Болж бүтэж байгаа юм энэ улс оронд байгаа эсэхэд эргэлзэж байна. Асуудлууд ар араасаа ундарч гарсаар байна. Хамгийн чухал нь дизель түлш шүү дээ. Хэдэн өдөр, сараар байтугай хэдэн цагаар тасалдахад иргэд болоод улс орны амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иргэд одоо үнийн өсөлтийн дороос өндийж чадахгүй байхад дахин дизель түлшний нийлүүлэлт доголдсоноос үүдэх үнийн хөөрөгдлийг дийлэхгүй. Цаашлаад манай улс орлогынхоо гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ ч экспортлох боломж хязгаарлагдахыг үгүйсгэхгүй. Өмнө нь цар тахал, геополитикийн асуудлуудаас үүдэн үүссэн хүндрэл, бэрхшээлүүдийг аль болох хүлээцтэй байдлаар хүлээн авч байсан. Гэтэл нүүрсний хулгайн асуудлаас хойш дургүй маш их хүрч байна. Ордон дотор цаасан дээр буулгасан хэдэн тоо оруулж ирчихээд, төсвийн хэмнэлт нэрээр хүүхдийн мөнгийг хасна, татвар нэмсэгдүүлнэ гэдэг. Цалин тэтгэвэр нэмэх мөнгө, боломж байхгүй гэдэг. Гэтэл жирийн иргэдийн төсөөлж ч чадахгүй хэдэн арван их наядаар нь нүүрснээс төртэйгөө нийлж хулгайлсан байгаа юм. Ийм байхад иргэд хэнд итгэх юм бэ. Иргэдийн амин зуулгатай холбоотой дизель түлшний асуудлыг богино хугацаанд шийдэж, нийлүүлэлтийг хэвийн болгох ёстой. Үүний төлөө төрийн байгууллага ажиллах ёстой. Иргэдийн амьдрал туйлдлаа. Өвлийн хүйтэн болчихлоо. Амьдрал зогсоход ойрхон байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Хадлан тэжээлээ хураах, өвлийн бэлтгэл байдлаа хангах гээд дизель түлшний хэрэглээ их байгаа. Тийм учраас дизель түлшний нөөцийг бүрдүүлэх, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, үнэ ханшийг нь нэмэхгүй байх чиглэлд анхаарч ажилласан. Гэхдээ энэ арга хэмжээ нэг хэсэг хугацаанд л үр дүнтэй байлаа. Манай орон шиг өргөн хэрэглээний АИ-92 болон, дизель түлшний хувьд нэг орны хараат байдалд байдаг улс орнууд шатахуун, дизель түлшний нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд урьдчилан тохироо хийх, хөрөнгө мөнгийг нь шилжүүлэх зэрэг үүргийг цаг тухайд нь хариуцлагатай хийхийг салбар яаманд нь УИХ-аас болоод Засгийн газраас өгсөөр байгаа. Ялангуяа цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед орон нутгийн иргэдэд дизель түлшний хангамж хэвийн хүрэх асуудал туйлын чухал. Дизель түлшний хангамж тасалдсанаас үүдэн өвс тэжээлээ авч чадахгүй, сум сууринтайгаа холбогдож, нүүдэл суудал хийж чадахгүй гэх мэт иргэдийн өдөр тутмын амьдарлд шууд нөлөө үзүүлнэ. Тиймээс дизель түлшний нөөц бүрдүүлэх, шаардлагатай нөөцийг орон нутагт хүргүүлэх зэрэг арга хэмжээг Уул уурхайн яамны удирдлагууд шуурхай авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр ОХУ-аас хийх татан авалттай холбоотой хүндрэлүүд гарсан гэж байгаа боловч нефть импортлогч компаниуд гэрээ хэлэлцээр хийх асуудалд яаралтай анхаарч ажиллах ёстой. Тэр дундаа дизель түлш дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг цаг агаарын хүндрэл, цас зудны эрсдэл бодитой харуулж байна. Уул уурхайн сайд ирэх сарын сүүл гэхэд дизель түлшний нөөц хэвийн хэмжээнд хүрнэ гэх мэдээллийг өгч байгаа. Тиймээс энэ амлалтаа биелүүлнэ хэмээн итгэж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Дэлхий даяар дизель түлшний хомсдолд орж байна. Нийт дизель түлшний нөөц болон агуулахууд 50 хувийн дүүргэлттэй байгаа гэх мэдээлэл байна. Дизель түлш бол эдийн засгийн гол түлхүүр түлш. Нийтийн тээвэр, газар тариалан, уул уурхай бүхэлдээ тус түлшээс шууд хамааралтай учраас асуудал даамжирвал эдийн засгийн гол салбаруудад нөлөөлөх аюултай. Манай улсын хувьд ОХУ-ын нэг үйлдвэрээс хэт хамааралтай байгаа нь цаашид нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа түргэтгэх нэн шаардлагатай гэдгийг харуулж байна. Мөн газрын тосны хайгуулын ажлыг нэмэгдүүлэх шааргдлагатайг илтгэж байна. Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих үе таарч байгаа нь асуудлыг илүү хүндрүүлж байгаа болов уу хэмээн харж байна