Categories
мэдээ спорт

Нэмэлт барилдаантай Кюүшюү башё DNN.mn

Энэ жилийн хамгийн сүүлийн башё болох Япон улсын өмнө зүгт орших Кюүшюү арлын Фүкүока хотноо арван дөрвөн хоног сумо сонирхогчдын анхаарлыг хандуулж, халуунаар өрнөсөөр Шикорояма дэвжээний магэшира зиндааны сумоч Аби эзэн хааны цомыг хүртлээ. Гурван бөх оноо тэнцэж, нэмэлт барилдаан хийх болсон нь сумогийн түүхэн дэх 28 жилийн дараа болж байгаа өвөрмөц үйл явдал боллоо. Монгол бөхчүүдээс Жүрёо зиндаанд энэ жилийн 5 дугаар сарын барилдаанд макүшита зиндаанд түрүүлж, нилээд хурдтайгаар дээш ахиж буй Наруто дэвжээний Оошёоүма П.Дэлгэрбаяр, Макүшита зиндаанд Тамашохо Э.Энхманлай нар тус тус түрүүллээ. Энэ удаа Ёкозуна Тэрүнофүжи өнжсөн бөгөөд Озеки Такекейшо нэмэлт барилдаанд унаж, хоёр жилийн өмнө авч байсан түрүүгээ хүртэж чадсангүй. Түрүү цомын төлөө зургаан удаа үзүүр түрүүд тунаж байсан, энэ удаагийн башёг хоёр унаатай тэргүүлж, олны анхаарлын дунд байсан Такаясу гурван унаатай Абитай барилдаж, цүкиотоши буюу барьцгүй алгадаж, түлхэн унагах мэхээр Аби давж, нэмэлт барилдаанд барилдах болов.

Мөн олны анхаарлын цэгт байсан бөхчүүдийн нэгэн болох хоёр жилийн өмнөөс дээд зиндаанд барилдаж байгаа Хоошёорюү С.Бямбасүрэн эхний үеүдэд түрүү бөхийн эгнээнд явсаар дөрөв унаснаар мултарч, барилдааны сүүлийн өдөр Кирибаяма Б.Лхагвасүрэнг түлхэж гарган, уран барилдааны шагналын цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Энэ башё түүний хувьд түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн ямар байхыг бие сэтгэлээр нь мэдрүүлсэн, их анзаарал сэхээрэл өгсөн байх гэж сумогийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Энэ башён түрүү цомыг хүртсэн маэгшира Абигийн тухай цухасхан өгүүлэхэд одоо 28 настай, дороосоо хоёр дахь чинсаа болох жёнидан-аас эхлээд зиндаа болгонд түрүүлж бас аваргуудыг унагаж “алтан од” оноо авч байсан өсөх ирээдүйтэй хүчит бөхчүүдийн нэгэн гэгддэг. Цолтнуудын зиндаа болох жүрёогоос макүшта руу унаад арга, цөхрөнгөө барж, урам зоригоо алдсан байх үедээ нэг галын бөх Ёкозуна Какүрюү М.Анандын туслах хийснээр амьдралын олон зүйлийг суралцаж, бөх хүн байхын мөн чанарыг гүн гүнзгий ойлгож, ухааран сэхээрснээр дахин боссоноо ийнхүү “Би аваргын туслах болоогүй бол аль хэдийнэ сумог болих байсан ч байж магад. Өдий зэрэгтэй бөх лав болоогүй байх байсаан гэж дурсдаг ажээ. Ирэх жилийн 1 дүгээр сард башё эхлэх бөгөөд бас их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол 1 дүгээр сарын сүүлээр болно.

Х.Эрдэнэцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *