Categories
мэдээ улс-төр

АН: 2023 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавихыг шаардаж Ерөнхийлөгчид албан шаардлага хүргүүлж байна DNN.mnDNN.mn

Ардчилсан Нам (АН)-аас 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулж мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2023 оны төсөвт хориг тавьж өгнө үү хэмээх шаардлагыг хүргүүлэв.

АН-ын гишүүн Д.Ганбат “АН-ын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд удаа дараа шаардлага тавьж байсан. Сүүлийн зургаан жилийн хугацаанд байнгын алдагдалтай төсөв баталж байна. 202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Гэвч Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй харин хоёр дахин уналаа. Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв батлагдлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байна. 2023 он ард иргэдийн хувьд хүнд жил байх болно” хэмээлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “АН 2023 оны улсын төсвийн боловсруулалт, ажиглалт, үйл ажиллагааны талд эрх баригчидтай ойлголцох, иргэдийн санал бодлыг тусгаж мэргэжлийн судлаач нартай хамтарч байр сууриа илэрхийлж ирсэн. Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төсөл үнэхээр шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу 2023 оны төсөвт хориг тавих саналыг бидний зүгээс тавьж байна. Энэхүү төсвийг дахин хэлэлцэж, ард иргэдийн амьдралд нийцүүлж өгнө үү” гэв.

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “2023 оны төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдэгдэл хүргүүлж байна. Дэлхий дахинд геополитикийн зөрчилдөөн болон хөгжингүй орнуудын мөнгөний хатуу бодлого, БНХАУ-ын тэг ковидын бодлого, эд хөрөнгийн зах зээлийн хямралаас үүдэлтэй эдийн засаг саарах эрсдэлтэй туйлын хүнд үед Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдсэн төсвийг өргөн барьж, УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, яаран баталлаа. Монгол Улсын түүхэнд байгаагүй буюу хэт тэлсэн 20 их наядын төсөв батлагдсаныг АН-ын зүгээс эрс эсэргүүцэж байна.

Төсвийн зарлагыг өндөр байлгахын тулд орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн тухай хуулийн 27.1.2-т заасан заалтыг зөрчсөн байна. Эдийн засгийн хямралтай цаг үед МАН-ын зүгээс хэрэгжүүлж буй тооцоо, судалгаагүй бодлого нь ядуу иргэдийн тоог нэмэгдүүлж, ААН-ийн хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм бүдүүлэг алдааг Африкийн хамгийн хоцрогдсон цөөн улсын жишээнээс харж болно. Мөн Монгол Улс халамжид их хэмжээний төсөв зарцуулдаг гэдгийг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээнд онцолсон байдаг” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *