УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. 2023 оны төсвийн гол онцлог цалин хөлсний шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хийх бодлогод чиглэгдэж байна.
1. Төрийн захиргааны 15 зэрэглэлийг 10 болгож нягтаршуулна. Үр дүнд нь 18 мянган төрийн захиргааны албан хаагчийн цалин 4-14 хувиар нэмэгдэнэ.
2. Засгийн газар өнгөрсөн жил боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн олон шатлалыг халж нэг шатлалтай болгосон. Харин ирэх жил төрийн захиргааны олон шатлалыг халж, нэг болгоно. Өөрөөр хэлбэл ТЗ-ийн зэрэглэл бүр дотроо 1-5 (зарим нь 3) шатлалтай байсныг болиулж хамгийн өндөр буюу 5-аар шатлалаар бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Ингэснээр үзэмжээр цалин тогтоодог систем үгүй болно.
3. Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын албан хаагчид 10-20 хувийн орон нутгийн нэмэгдэл авдаг. Харин орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид ийм нэмэгдэл авдаггүй. Иймд орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг улсын төсвөөс олгодог болно. Энэ нэмэгдлийн хувь хэмжээг 100 хүртэл хувьд хүргэх эрхийг орон нутагт нь олгоно. Үр дүнд нь орон нутагт ажиллаж байгаа 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчдын цалин 20-100 хувиар нэмэгдэж, тухайн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
4. Ирэх 2024 оны 1 сарын 1 өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс доош цалин авч байсан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 550.000 төгрөгөөс дээш болгож нэмэгдүүлнэ.
5. Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бүх төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан олгодог болсон. Тухайлбал, 6-10 жил ажилласан бол 5 хувь, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь, 21-25 жил 20 хувь, 26 ба түүнээс дээш жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авч байсан. Энэ байдлыг өөрчилж, төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно. Өөрөөр хэлбэл төрийн албанд ороод 5 жил ажиллаж байж анхны нэмэгдлээ авдаг байсан бол одоо 2 дахь жилээсээ нэмэгдлээ аваад явдаг болно.