“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж чуулганы хүрээнд нэгдсэн хуралдаан болж салбарын талаарх илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, мал аж ахуйн салбарт нэвтрүүлж буй инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.
УИХ-аас энэ онд гаргасан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой тус чуулганаар, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрхзүйн орчин, хүнсний хангамж, аюулгүй байдал, Монгол орны мал аж ахуй болон мал аж ахуйн дэлхийн хөгжлийн чиг хандлага, мал эмнэлгийн өнөөгийн байдлыг хэлэлцэх юм.
Чуулганд төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл, мал зүйч, малын эмч нар, малчид, нийслэл хот болон 21 аймгийн 330 сумыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулганы хоёр дахь өдөр төлөөлөгчид тэжээлийн үйлдвэрүүдээр орж танилцан Чингис хааны музейг үзэж сонирхоно. Хүнсний хангамж, аюулгүй байдал, мал аж ахуйн Үндэсний чуулганы бэлтгэл ажлын хүрээнд аймгуудад хөдөө аж ахуй, мал эмнэлгийн өдөрлөг зохион байгуулж буй талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Чуулганы өмнө улсын хэмжээнд “Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдааг цахимаар зохион байгуулсан юм. Чуулганаар доорх сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд:
- Малчдын нийгмийн асуудал,
- Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээний талаар,
- Мал аж ахуйн салбарын шинжлэх ухааны ололт-цаашдын чиг хандлага,
- Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухааны ололт-Хүнсний аюулгүй байдал,
- Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн талаар,
- Мал аж ахуйн Монгол загвар ирээдүйд,
- Мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага,
- Хувийн мал эмнэлгийн байгууллагын өнөөгийн байдал,
- Арьс шир бэлтгэн нийлүүлэлт, түүний чанар,
- Мах, сүүний бэлтгэн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал орж байна.