Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төв Ази дахь Ардчиллыг бэхжүүлэхэд 1000 инженер бэлдэнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тэрээр эхний өдрөө Берлин хотод салбараа нээгээд ажиллаж байгаа “Говь” дэлгүүрээр зочилсон юм. Манай улсын хувьд экспортын 95 хувь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаардаг. Үлдсэн дөрөв тавхан хувь нь ноос ноолууран бүтээгдэхүүн байдаг билээ. Тэр ч утгаараа гадаад зах зээлд салбар нэгжээ нээгээд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлвэрлэгч компаниа дэмжиж очсон билээ. “Говь” компанийн хувьд Берлин хотоос гадна АНУ-ын Лос-Анжелес хотод салбартай юм байна. Мөн энэ онд багтаад Лондон хотод нэг салбар шинээр нээх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын зах зээлд өрсөлдөөд гараад ирсэн үндэсний хэмжээний компаниудаа төрөөс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсын эрх баригч Социалдемократ намынхантай уулзсан юм. Соцдек нам бол манайхаар Ардын нам гэсэн үг. Одоогоор Герман улсын төрийн эрхийг барьж байгаа юм. Уг нам нь дэргэдээ Прогрессив Альянс гэх байгууллагатай.

Прогрессив Альянс нь дэлхийн социалдемократ болон бусад дэвшилтэт үзэлтэй улс төрийн нам болон байгууллагуудаас бүрдсэн улс төрийн олон улсын байгууллага юм. Уг холбоо нь өөрийн гишүүн улс төрийн намуудыг дэмжиж хамтран ажилладаг. Дэлхийн өнцөг булан бүрээс 140 оролцогчтой аж. Зүүний үзэл баримтлалтай намуудын боловсон хүчинг бэлтгэхэд нь туслалцаа үзүүлдэг гэж байгаа. Уг байгууллагын удирдах зөвлөлийн 30 гишүүнийг сонгох хурал удахгүй болох гэж байгаа юм байна. Монгол Улсаас Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайд хүссэн юм.Ардын нам бол доод үеэ бэлдэж гаргаж ирдэг уламжлалтай, тэр бэлтгэгдсэн залуучууд нь улс төрд гарахааараа ахмад үеэ мөн ажлын байраар хангаж өгдөг. Жишээ нь, Үндсэн хуулийн Цэц, гадаад оронд суух Элчин сайд, сайдын зөвлөх, эсвэл олон улсын байгууллага гэх мэт. Гэтэл манай улсын хоёрдогч том улс төрийн хүчин энэ тал дээр ямар байдаг билээ гэж бодогдож билээ.

Дараагийн өдөр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзаж 2009 оноос хойш буюу 13 жил тасалдаад байсан гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд албан ёсны айлчлал хийж байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын Засгийн газар цаашдаа хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ямар бодлого барьж, хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцсон юм. Уулзалтад ирсэн иргэдийн ихэнх нь Берлин, Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Ерөнхий сайд ч энэ тал дээр ойрын хугацаанд нааштай шийдвэр гаргаж өгөхөө амласан билээ. Харин залуучуудын төлөөлөл Ерөнхий сайдаас Монголын боловсролын талаар түлхүү асуулт асууж байсан. Жишээ нь, Монголоос залуучууд мэргэжил дээшлүүлэх гэж сургуульд ирэхлээр Монголын их, дээд сургуулиудын бакалаврын дипломыг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тийм учраас Герман улсад ирээд хэлний курст нэг жил сураад дахиад дөрвөн жил үзсэн хичээлээ эхнээс нь үзнэ. Тэгж байж магистрт сурдаг учир хөрөнгө мөнгөнөөс гадна цаг хугацаа их алддаг тухайгаа ярьсан юм. Тиймээс манай их, дээд сургуулиудын бакалаврын дипломыг Европт хүлээн зөвшөөрүүлэх тал дээр дорвитой ажил хийгээсэй хэмээн Ерөнхий сайдаас хүсч билээ. Мөн уулзалтад ирсэн нэгэн иргэн Улсынхаа шинэ, залуу Ерөнхий сайдтай уулзахаар 800 километр замыг туулж ирснээ учирлаад энд зөвхөн Германы Монголчууд биш, Европ тив даяар амьдран суугаа монголчуудын төлөөлөл ирсэн шүү хэмээн хэлсэн юм. Бага зэргийн ширүүн уур амьсгалтай эхэлсэн уулзалт баг багаар зөөлөрч бүгд Монгол Улсынхаа төлөө санаа зовж явдгаа ярьсаар уулзалт маань өндөрлөсөн билээ.

Айлчлалын хамгийн чухал хэсэг бол ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтай уулзаж хоёр улсын засгийн газрын албан ёсны хэлэлцээ хийж гарын үсэг зурна.

Хоёр улс хоёулаа ОХУ-аас ямар нэгэн байдлаар хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр улсын зовлон ижил тул нэгнээ ойлгоход хялбар юм. Хойд хөршөөс хамааралтай байдаг эрчим хүчний салбарт Герман улс тусална. Манайд сэргээгдэх эрчим хүчний станц барьж өгөх тал дээр бодит дэмжлэг үзүүлнэ, мөн боловсон хүчнийг бэлдэж өгнө. Эхний ээлжинд 1000 оюутан буюу 1000 инженер. Нэг үгээр хэлбэл, бид 1000 герман инженертэй болно гэсэн үг. Манай гариг дээр 200-гаад улс үндэстэн оршин байдгаас Герман улс, үндэстний имиж хамгийн дээр байдаг. Тэд цагийг ягштал баримталдаг гэдэг имижтэй ард түмэн. Герман машин ба бусад автомашин гэж ангилдаг. Герман чанар насан туршийн баталгаа гэдэг хэлц үг хүртэл бий болжээ. Аливаа улс үндэстэн удаан оршин тогтнохын тулд тухайн улс үндэстний дархлаа болсон оюутан залуус буюу ирээдүйнхээ боловсролд нь хөрөнгө оруулалт хийх нь маш чухал гэж үздэг. Тэр ч утгаараа 1000 оюутан гэдэг чамлахааргүй тоо юм. Магадгүй дараагийн ээлжинд 1000 эмч эрүүл мэндийн салбарт, 1000 багш боловсролын салбарт, 1000 эрдэмтэн гээд бага багаар ахиулаад явахад Монгол Улсад асар их ашиг тустай айлчлал боллоо.

Холбооны Канцлер Олаф Шольц “Ардчилал бол өөрөө ирдэггүй ээ, Ардчиллыг бид бүхэн хамтдаа бүтээж бий болгодог юм“ гэж хэлсэнчлэн ХБНГУ Төв Ази дахь стратегийн түнш орон болох Монгол Улсын Ардчиллыг бэхжүүлэхийн тулд 1000 инженер бэлтгэхэд туслахаа амлалаа.

М.БАЯНБУЛАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *