Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг аль болох улстөржүүлэхгүйгээр хэвийн үйл ажиллагааг нь хангах ёстой DNN.mn


-Саад бэрхшээл байгаа хэдий ч ажил зогсохгүй үргэлжилж байна –


Эрдэнэбүрэн УЦС-ын Төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Эрдэнэбүрэн УЦС-ыг барих төсөл олон жил яригдаж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүжилтийн асуудал шүү дээ. БНХАУ-ын Экспорт, импортын банктай хийж байгаа хэлэлцээрийн үр дүн ямар байгаагаас ярилцлагаа эхлүүлэх үү?

-Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг 2018 онд БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Уг төслийг хэрэгжүүлэх газрыг 2019 онд улсын тусгай хэрэгцээнд авсан. Сүүлийн жил гаруй хугацаанд Эрдэнэбүрэн УЦС-ыг барих ажлын бэлтгэлийг үндсэндээ хийж дууслаа. Бэлтгэл ажлыг бүрэн хангахын тулд олон төрлийн ажил хийгдсэн. Тухайлбал, судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, хууль эрхзүйн орчныг хангах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хамгаалах, үнэлгээний тайланд туссан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх зэрэг олон ажил хийлээ.Бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Экспорт, импорт банктай хэлэлцээр хийж Эрдэнэбүрэн УЦС-ын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь чухал асуудлуудын нэг байсан. Бид 2022 оны гуравдугаар сараас хойш тус банкны удирдлагуудтай олон удаагийн уулзалт, хэлэлцээрийг шат дараатай хийж, шаардлагатай материалуудыг бүрдүүлэн өгч, судалгаа дүгнэлтүүдээ цаг тухайд нь гаргаж өгсний үр дүнд хэлэлцээр дуусах шатандаа орчихсон явж байна. Одоо БНХАУ-ын Худалдааны яам болон Төрийн зөвлөлөөр уг асуудал танилцуулагдаж, эцэслэгдэн шийдвэрлэгдэх учиртай.

-Өнгөрөгч наймдугаар сарын 7-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иманай улсад айлчилсан. Энэ үеэрээ Эрдэнэбүрэн УЦС-ын санхүүжилтийг бүрэн шийдчихсэн гэж ойлгож байгаа иргэд цөөнгүй бий. Тэгвэл БНХАУ-аас ямар нэгэн байдлаар оруулж ирсэн санхүүжилт бий юу?

-Зээлийн тусгайлсан хэлэлцээр хийхийн тулд эхлээд хэрэгжүүлэх гэж байгаа төслийнхөө эрсдэлийг тооцох ёстой. Үүнд, Монгол Улсын талаас Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс нэмэлтээр шаардлагатай судалгаа, дүгнэлтүүдийг гаргаж өгдөг. Шаардлагатай дүгнэлтүүдийг гаргаж өгөөд дууссан. Зээл авахын тулд хэлэлцээр хийгдэж, үнэлгээг үндэслэж шийдвэр гардаг. Хоёр улсын Гадаад харилцааны яамны сайд нарын хэмжээнд уг асуудал яригдсан. Ингээд процессын дагуу судлагдаад, нааштай хариунууд гараад явж байгаа гэдгийг давхар бататгаж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн 2018 онд хоёр улсын хооронд тэрбум долларын зээл олгох асуудлын хүрээнд Эрдэнэбүрэн УЦС-ыг санхүүжүүлэх шийдвэр гарсан. БНХАУ-ын талаас үнэлгээ, судалгаагаа эцэслэж холбогдох байгууллагууд нь хянаад 2022 онд багтаж эцсийн шийдвэрээ гаргах асуудлууд яригдсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого тэр дундаа эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд нэгэнт уг төслийг хэрэгжүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохыг зорьж байгаа учраас БНХАУ-аас авах зээлээ богино хугацаанд авч, ажлаа хурдан шуурхай эхлүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд баруун таван аймгийн эрчим хүч, гадны хараат байдлаас гарах юм. Тиймээс бид зээл авах үйл явцыг хурдлуулахын тулд сүүлийн долоон сар орчим БНХАУ-ын Экспорт, импортын банктай хэлэлцээр хийгээд үндсэндээ дуусаж байна.

-Ямартай ч тун удахгүй Эрдэнэбүрэн УЦС-ыг барих төслийн санхүүжилт шийдэгдэж, нааштай хариу сонсох юм байна. Хөрөнгө оруулалт, зээлийн асуудал шийдэгдлээ гэхэд дотооддоо уг төслийг ямар нэгэн байдлаар саадгүй урагшлуулах хууль, эрхзүйн орчин, бэлтгэл байдлаа бүрэн хангаж чадсан уу. Тухайлбал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй одоо ч нүүр тулсан хэвээр байна шүү дээ?

-Эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн удирдлагууд, иргэдийн оролцоо маш чухал. Эрдэнэбүрэн УЦС-ын төслийн бүтээн байгуулалт нь Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Баяннуур, Эрдэнэбүрэн, Мянгат, Өмнөговь гэсэн дөрвөн сумын газар нутгийг хамарч, төслийн нөлөөлөлд 270 айл өрх, 1241 иргэд өртөж байна Тиймээс орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудал нэн чухал. Өнөөдрийг хүртэл иргэдтэй олон удаагийн зөвшилцөх, ойлголцох уулзалтууд хийсээр ирсэн. Одоо ч хийж байна. Энэ бүх уулзалт, судалгаа, нөлөөлөл, үнэлгээг хийх ажил нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бүсийн нөлөөллийн үнэлгээг тогтоохоос авхуулаад тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн байдал, өмч хөрөнгийн байдалд үнэлгээ хийдэг. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нөлөөллийн үнэлгээ хийгдэж 2021 оны арваннэгдүгээр сард БОАЖ яамны Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Тус тайланд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, мал хэд байгааг тооцохоос гадна аль сум, багийн газар нутаг ямар хэмжээгээр хамрагдаж байна. Голын урсац, хөрсний ус, уул хад, ургамал, ан амьтны нөхцөл байдал ямар байгааг нарийвчлан судалсан. Төсөл хэрэгжүүлснээр одоогийн байгаа нөхцөл байдлаасаа хэрхэн яаж өөрчлөгдөх, өөрчлөлтийг аль болох бага гаргахын тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах, нөлөөлөл гарсан тохиолдолд дүйцүүлэн хамгаалах ямар ажил хийгдэх зэрэг энэ бүх асуудлууд тусгагдсан. Тиймээс батлагдсан тайлангийн хүрээнд үе шаттай ажлууд хийгдээд явна. Тус тайлан Монгол Улсын төдийгүй олон улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, үнэлгээний аргачлал болон байгаль орчны үнэлгээний аргуудыг хэрэглэсэн акт, бичиг баримт гэдгийг дахин тодотгож хэлэхийг хүсэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Одоо ч цөөн тооны иргэд эсэргүүцсээр байгаа нь үнэн. Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, баруун бүсийн таван аймагт амьдарч байгаа 440 гаруй мянган иргэний эрх ашгийг бид нэн тэргүүнд тавих ёстой. Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг, эрчим хүчний хараат бус байдал, хоёрдугаарт тухайн орон нутгийн иргэдийн эрх ашиг яригдах нь зүй ёсны асуудал. Манай улс ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байна. Тиймээс бид олон нийтийн эрх ашгийг хамгаалах, хангахын тулд тус төсөл хөтөлбөрийг зайлшгүй урагшлуулах, хэрэгжүүлэх л учиртай.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр төсөл хэрэгжих талбайгаас айл өрхийг хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Улсаас нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон, нүүж, шилжих зардлыг олгож байгаа гэж ойлгосон. Энэ шийдвэрийн талаар иргэд хэр мэдээлэлтэй байгаа вэ?

-Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “орон нутгийн иргэдийг хүч хэрэглэж хөөсөн, тухайн байгаль орчин тэр чигтэй нуурын усанд живж, мал, амьтан, иргэд амьдрах орчингүй болно” гэх мэт ямар ч үндэслэлгүй, нотолгоо, баримтгүй мэдээлэл цацагдсан. Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл бол хуулийн дагуу шат дараатай үйл ажиллагаа нь явагдаж байгаа төсөл. Орон нутгийн иргэдийг хөөж туусан асуудал огтоос байхгүй. Ойрын хугацаанд иргэд тухайн бүс нутагтаа амьдарч л байх болов уу. Бид тухайн айлуудыг нүүлгэн шилжүүлэх зардал болон хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Газрын тухай хууль, Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай журмын дагуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл усан цахилгаан станц баригдаж, усан сан үүсэх талбайгаас тухайн өрх айл нүүж,газрыг чөлөөлж, зэргэлдээх аймаг сум, багийн газар нутагт нүүж суурьших нөхөн олговрыг төрөөс олгож байгаа. Тухайн иргэдийг ямар нэгэн хохиролгүй болгоход төрөөс бүхий л талаар анхаарч байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард маш чухал шийдвэр гаргасан. УЦС барихтай холбоотой нөлөөлөлд өртөж байгаа иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан. Тус шийдвэр Монгол Улсын түүхэнд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй түүхэн шийдвэр болсон. Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийн төлөө томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд тухайн төсөл хэрэгжих газар амьдарч байгаа иргэдийн эрхийг зөрчилгүй, харилцан ойлголцох асуудал бол ерөөсөө нөхөн олговрын асуудал. Тийм учраас нөхөн олговрын зардлыг улсаас шийдэж өгсөн. Засгийн газраас гарч байгаа шийдвэрийн талаар орон нутгийн иргэдэд цаг тухай бүрд нь мэдээлэл хүргэж, ажиллаж байна.

-Нөхөн олговрын зардал ирэх оны төсөвт тусгагдсан уу?

-Иргэдэд нэг удаа олгох нөхөн олговорт 20 гаруй тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан. Мөн 7-8 тэрбум төгрөгийг иргэдийн хөрөнгийн үнэлгээнд олгох тооцоо судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд 28 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж иргэдэд олгохоор болсон гэсэн үг. Түүнчлэн иргэдээс санал авч зэргэлдээх аймаг сумдад суурьших боломжийг нээж өгч байгаа. Мөн Сүхбаатар, Дорнод аймгууд руу нүүх санал иргэдээс ирсэн учраас тухайн аймаг, орон нутгуудын удирдлагуудтай ярилцах, зөвшилцөх ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна.Газрын тухай хууль болон Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай журамд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай заалт байдаггүй. Тиймээс УИХ-ын намрын чуулганаар Газрын тухай хууль болон дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж “Улсын хэмжээний томоохон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтыг хийхэд бүс нутгаас хамааран тухайн нөлөөлөлд өртсөн иргэдэд нэг удаагийн нөхөн олговор болгож болно” гэх зохицуулалтыг оруулж өгч байгаа. Энэ бол зөвхөн Эрдэнэбүрэн УЦС-тай холбоотой гаргасан шийдвэр биш. Цаашид хэрэгжих, том төслүүд амжилттай хэрэгжихэд уг заалтыг баримталж ажиллах боломж нь бүрдэж байгаа юм. Эцэст нь төр хэн нэгнийг хохироогоогүй, гагцхүү тохиролцоо хийж байгаа хэрэг л дээ. Монгол Улсын газар нутаг төрийн эзэмшилд, мэдэлд байдаг. Монгол Улсын Засгийн газар өөрийн мэдэлд байгаа аль ч ангиллын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, улс орны эрх ашгийн төлөө томоохон бүтээн байгуулалтын ажил хийх эрхтэй гэдгийг хуульчилсан байдаг. Тиймээс төр хууль зөрчөөгүй. Хуулийн дагуу ажлаа хийж, холбогдох арга хэмжээ авч байгаа гэсэн үг.

-Усан цахилгаан станц баригдахад хамгийн чухал түүхий эд бол цемент. Манай улс Дарханы замын бүтээн байгуулалтад ашиглах цементийн нөөц байхгүйгээс зах зээлд хомсдол үүсэж, үнэ нь өссөн. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдахад ашиглах цементийн түүхий эдээ хаанаас татахаар төлөвлөсөн бэ?

Эрдэнэбүрэн УЦС баригдах байршлын хувьд дэд бүтцээсээ нэлээд алслагдсан байгаа. Станцын талбай хүрэх авто зам болон төмөр зам байхгүй. Тээвэрлэлт хийх нөхцөл боломж хязгаарлагдмал. Урагшаа Булгам боомт хүрэхэд 400 гаруй км зайтай. Улаанбаатар хотоос 1600 гаруй км алслагдсан. Өөрөөр хэлбэл, тээвэр, логистикийн хувьд хүнд нөхцөлтэй. Улаанбаатар хотод ойрхон байгаа цементийн үйлдвэр эсвэл Дархан, Хөтөлөөс цемент татна гэдэг бол логистикийн хувьд боломжгүй асуудал. Тун удахгүй Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орно. Төслийн багийнхан тус цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан.

-Та УИХ-ын нэр бүхий гишүүний хамаарал бүхий цементийн үйлдвэрийн талаар хэлж байна уу?

-Тухайн үйлдвэр хэнийх байх нь бидэнд огт хамаагүй. Харин тухайн дотоодын үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, цемент нь Монгол Улсын чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэх нь чухал. Бид Эрднэнэбүрэн УЦС-тай хамгийн ойр, чанартай байгаа түүхий эдийг сонгохоос өөр арга байхгүй. Тус цементийн үйлдвэр ашиглалтад орох хүртэл БНХАУ-аас хамгийн ойрын боомтоор дамжуулж шаардлагатай бараа, материалуудаа эхний ээлжинд татахаас өөр арга байхгүй. Монголчууд эх орондоо барилгын материал, түүхий эд үйлдвэрлэж байгаа бол бид дотоодын ханган нийлүүлэгчийг сонгож ажиллана.

-УЦС баригдаж эхлэхээс дуусах хүртэл, цаашлаад үйл ажиллагаа нь хэвийн явагдахын тулд хэчнээн иргэнийг ажлын байраар хангах боломжтой вэ?

– УЦС-ын барилгын ажил явагдаж байх оргил үед 800-1200 ажлын байр бий болно. Мөн энэ үеэр зэргэлдээх аймаг, сумын малчдаас хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь авахаар тооцоолсон. Үүнийг дагаад иргэдийн эдийн засаг сайжирч, жижиг, өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж бий болно. УЦС байнгын ажиллагаатай болсноос хойш 50-60 хүн байнгын ажлын байртай болно. Мөн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Хүн ам хөгжлийн газруудаас ажиллах хүчний урьдчилсан судалгаа авсан. Энэ судалгааны дагуу ирэх хавар, барилгын бүтээн байгуулалт эхлэхэд орон нутгийн иргэд, компаниуд, тээвэр логистик, оператор компаниудыг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Эрдэнэбүрэний УЦС ашиглалтад орсноор Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрчим хүчний салбарт үзүүлэх үр нөлөөний талаар та юу хэлэх вэ?

-Ховд, Увс, Баян-Өлгий аймаг ОХУ-аас 74 орчим хувийн цахилгаан эрчим хүчээ ОХУ-аас, 2-3 хувийг БНХАУ-аас, үлдсэн хувийг нь Дөргөний УЦС-аас хангаж байна. Бид импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний төлбөрт жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Ашиглаж байгаа эрчим хүчний зөрүү төлбөрт улсын төсвөөс 23 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөний хэмжээ 2015, 2016 оноос хойш 10-аас дээш хувиар тогтмол өсөж байна. Бид Эрдэнэбүрэний УЦС-ыг ойрын хугацаанд барьж, ашиглалтад оруулбал Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо үнээ тогтоох боломжтой болно.Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ дээр тооцсон санхүүжилтийг хэдэн жил, хэдэн хувиар тохирч, иргэдэд нийлүүлж байгаа цахилгаан, эрчим хүчний үнийг тохируулах боломжтой болно. Мөн улсын төсвөөс жил бүр цахилгаан эрчим хүчний төлбөрт өгч байгаа 20 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Энэ бол хамгийн наад захын нийгэм, эдийн засгийн бодит үр өгөөж. Мөн баруун аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжих боломж нээгдэнэ. Баруун аймгуудад ноос, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүд цахилгаан эрчим хүчний хомсдолд өртсөөр байгаа. Сард 1-2 удаа 2-3 хоног тогтмол цахилгааны хязгаарлалтад өртдөг гэж тооцвол жилд 30-40 удаа тог тасарч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болдог. Энэ бол бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд алдагдал авч ирж, хүндрэл үүсгэдэг. Эрдэнэбүрэний УЦС 24 цагийн турш эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс гадна баруун аймагт байгаа нар, салхины станцын дутагдаж байгаа эрчим хүчийг нөхнө. Тиймээс эрчим хүчний тогтвортой хангамжийг бий болгож, гормийн тохиргоо хийх боломжтой болно. Эдийн засаг,нийгмийн хөгжилд эрчим хүч маш чухал үүрэгтэй.

-Тэгвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт өндөр үр өгөөж бүхий Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг зогоож өгөхийг хүссэн агуулга бүхий бичиг яаж яваад БНХАУ-ын төрийн тэргүүнд очсон нь одоо ч асуултын тэмдэгтэй байгаа. Ер нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтыг санаатайгаар таслан зогсоох, хэрэгжилтийг удаашруулах сонирхол гадна, дотныхон хөл гар бологчдод байдаг юм биш биз дээ. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийсэн болов уу?

-Энэ бол Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай ажил. Багийн Засаг даргаас БНХАУ-ын элчин сайд болон бусад албан тушаалтнуудад хандан тус төслийн санхүүжилтийг зогсоох, төслийн үйл ажиллагааг зогсоох нь нутгийн иргэдийн олонхын шийдвэр мэт захидал бичсэн. Тус захидал БНХАУ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудад очсоноор бид нартай холбогдож хариу тайлбар авсан. Монгол Улс ардчилсан улс. Иргэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талаасаа төрийн алба хашиж байгаа хүн Засгийн газрынхаа бодлого шийдвэрийн эсрэг тэр дундаа дэд бүтэц, эрчим хүчний салбарын хараат бус байдлын хангахын тулд гаргасан чухал шийдвэр, бодлогыг эсэргүүцэж, өөр улс орны удирдлагуудад албан бичиг илгээх ямар ч эрх байхгүй. Хуулиар хориотой. Өөрөөр хэлбэл Монгол Улс гадаад бодлогоо нэг цонхоор явуулахаар хуульчилсан. Монгол Улсын гадаад бодлого зөвхөн Гадаад харилцааны яамаар дамжиж гадаад ертөнцөд илэрхийлэгдэх учиртай. Тиймээс Монгол Улсын эдгээр хууль, дүрэм бүгд зөрчигдсөн.

-Тэгвэл хууль зөрчсөн этгээдүүдэд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх талаар мэдээлэл бий юү?

-Одоогоор ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй байна. Холбогдох байгууллагууд шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа байх. Бид уг асуудалд холбогдсон хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад бичгээр хүргүүлсэн. Нэгэнт хууль зөрчиж, олон нийтийн эрх ашгийг хөндсөн учраас холбогдох байгууллагуудаас шийдвэрүүд гараад явах байх.

-Монгол Улсын нийт иргэдийн эрх ашиг, Засгийн газрын бодлогын эсрэг явуулсан энэ мэт үйлдэл Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал биш үү. Жирийн нэг сумын багийн дарга харш орныхоо удирдлагуудад захидал бичсэн гэдэгт итгэхгүй байна л даа. Үүний цаана байгаа жинхэнэ эзнийг нь олж тогтоох нь чухал байх гэж бодож байна?

Төсөл хэрэгжүүлж байгаа нэгжийн зүгээс өөрсдөдөө байгаа мэдээллээ холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Уг асуудалд цагдаа, тагнуулын байгууллагынхан ажиллаж байгаа. Учир нь цаад захиалга өгсөн хүн нь ямар санаа бодол, зорилго агуулсныг тодруулах байх. Монгол Улсыг эрчим хүчний хараат байдалд байлгасаар байх сонирхол хэнд байв. Магадгүй Монгол Улсад энэ чиглэлээр ажилладаг, гадна дотноос үүрэг чиглэл авдаг тагнуулууд үйл ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь Эгийн голын УЦС барих төсөл дээр үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа явагдаж байсан юм билээ. Энэ бол мэргэжлийн байгууллагууд нь шалгаж, тогтоох ажил.

-Эрдэнэбүрэн УЦС-ыг барих төсөл яригдаж эхэлсэн цагаасаа хойш 10 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд тухайн төслийн нэгжийг удирдлага ойрхон ойрхон солигдох, шинэчлэгдэх тохиолдол байсан. Магадгүй төсөл удааширч байгаагийн бас нэг шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй. Сүүлийн үед таныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, өөр хүн томилогдсон гэх зэрэг олон мэдээлэл цацагдсан шүү дээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн сар орчмын хугацаанд Эрдэнэбүрэн УЦС-ын төслийн зохицуулагчийг чөлөөллөө, солилоо гэх зэргээр 2-3 төрлийн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Яг ямар зорилготойгоор энэ мэт худал мэдээлэл олон нийтэд хүргэдийг хэлж мэдэхгүй бол. Эрдэнэбүрэний УЦС-ыг барих төсөл Монгол Улсад асар өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөр. Харамсалтай нь 2018 онд уг төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш гурван жилийн хугацаанд дорвитой урагшлаагүй. Миний бие төслийн зохицуулагчийн үүрэгт ажилд томилогдсоноос хойш жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд Эрчим хүчний яам, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагууд, холбогдох мэргэжилтнүүдтэйгээ нягт хамтарч ажилласны үр дүнд олон асуудлын ард гарсан. Одоо ч зохион байгуулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Үүний үр дүнд БНХАУ-ын Экспорт, импортын банктай хийсэн санхүүжилттэй холбоотой хэлэлцээр дуусах шатандаа явж байна.Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэх үед дарга, сайдууд солигдох тохиолдол бий. Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийхдээ эрчимтэй урагшилж байгаа төслүүдээ эрсдэлд оруулах ёсгүй. Бидэнд олон гашуун туршлага бий. Тиймээс Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг аль болох улс төржүүлэхгүйгээр хэвийн ажиллагааг нь хангах ёстой. Үүнд иргэн, албан тушаалтнууд, Засгийн газар, яамдын хэмжээнд хүн бүрийн оролцоо чухал. Төслөө дэмжиж, богино хугацаанд ашиглалтад оруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Аль нэг талаас эрсдэл учруулахгүйгээр төслийн үйл ажиллагааг дэмжих нь чухал. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тогтмол, нээлттэй байдлаар тайлагнаж, хэлж, ярьсаар ирсэн. Хэрэв цаашид миний биеийг уг төслийн зохицуулагчаар үргэлжлүүлэн ажлуулах боломжгүй хэмээн үзэх ноцтой шаардлага, шалтгаан байгаа бол надад сандал, суудалтай зууралдаад байх ямар ч сонирхол алга. Ганцхан “Уг төсөл энэ эгзэгтэй цаг үеэ даваад ард нь гарчхаасай. Энэ их тэмцэл, үл ойлголцлоо даваад гарчхаасай.Санхүүжилт авч байгаа БНХАУ-ын тал болон гүйцэтгэгч компанитайгаа үг, хэл амаа ололцоод санхүүжилтээ богино хугацаанд авч, эцсийн үр дүнд ажил төлөвлөсөн хугацаандаа саадгүй явж Эрдэнэбүрэний УЦС хугацаандаа ашиглалтад орчхоосой” гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Магадгүй хэн нэгнээр төслийн удирдлагыг солиход өмнө нь харилцаж байсан гадаад, дотоодын компаниудтайгаа ойлголцох, орон нутгийн иргэд, удирдлагатай ойлголцож, хамтарч ажиллахын тулд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Сүүлийн үед улс даяараа төрийн залгамж халааг дараагийн томилогдсон хүмүүс нь үргэлжлүүлэн авч явахад бодлогын алдаа гаргадаг нь нууц биш болсон. Тиймээс улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд дээр бодлогоо тогтвортой барьж ажиллах үүднээс боловсон хүчнээ бэлдэж, тогтвортой ажиллуулах, авч явах боломжийг төрөөс бүрдүүлж өгөх ёстой гэж хардаг. Эцэст нь хэлэхэд олон туйлт эдийн засгийн ижил тэгш оролцоог хангах, эрчим хүч болон хэрэглэгчдийн төлөөх тэмцэл өрнөж байна.

П.Батзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *