Энэ зун ган гачиг дэлхийн гурван тивийг дамнан Европ, АНУ, БНХАУ-д нүүрлэсэн нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байгааг харуулсныг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.
Европт ган гачгийн улмаас томоохон голууд ширгэж, ургац сүйдэж, ойн түймэр дэгдэж, усны амьтдын тоо толгой хоргодсоноос гадна усны хязгаарлалт хийхэд хүргэжээ. Ган гачиг АНУ-ын баруун хэсэг зэрэг хуурайшилт ихтэй газруудаар зогсохгүй зүүн хойд хэсэг гэх мэт ховор тохиодог газруудад ч нүүрлэсэн байна. Хятад улсын хувьд сүүлийн 60 жилд байгаагүй хуурай зун болж, Хөх мөрний усны түвшин ердийн үеийн тэн хагаст хүрч багасжээ.
Олон улсын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “World Weather Attribution” санаачлагын судлаачид байгалийн аюулт үзэгдэл болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлыг судалжээ. Тэдний ярьж байгаагаар, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн уур амьсгал өөрчлөгдөөгүй бол ийм ган гачиг дэлхийн хойд хагас бөмбөрцөгт 400 жилд нэг удаа тохиох байсан бол харин одоо ийм нөхцөл 20 жил тутамд давтагдах төлөвтэй байна.
“Өргөн хүрээг хамарсан ган гачиг, Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг зэрэг экологийн гамшигт үзэгдлүүд нь “уур амьсгалын өөрчлөлтийн ул мөр” юм” гэж АНУ-ын Колумбийн их сургуулийн уур амьсгал судлаач, судалгааг ахлан явуулсан судлаачдын нэг Мартен ван Алст ярьжээ.
Дэлхийн хойд хагас бөмбөрцгийн хуурайшилтад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд судлаачид халуун орны бүс нутгаас бусад бүсийн цаг агаарын мэдээлэл, компьютерийн загварчлал, хөрсний чийгшилд дүн шинжилгээ хийжээ. Үүний дүнд сүүлийн хэдэн сарын хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хөрс улам хуурайшсаныг тогтоожээ.
Энэхүү дүн шинжилгээг дэлхийн дулаарлын одоогийн түвшнээр буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.2 хэмээр дулаарсан нөхцөлд тулгуурлан гаргасан ч дэлхий цаашид улам дулаарна гэдгийг уур амьсгал судлалын мэргэжилтнүүд анхааруулж байгаа бөгөөд судалгааг хийсэн судлаачид ч үүнийг тооцоолсон байна.
Дэлхийн дулаарал цаашид 0.8 хэмээр нэмэгдэхэд ийм ган гачиг Төв Европт 10 жил тутамд нэг удаа, дэлхийн хойд хагас бөмбөрцөгт жил тутам нүүрлэнэ гэж Швейцарын “ETH Zurich” их сургуулийн уур амьсгал судлаач Доминик Шумахер хэлжээ. М.Алстын ярьснаар, тэдгээр нөлөөллийг бууруулах нэг арга зам нь хорт хийн ялгарлыг багасгах ажээ.