Categories
гадаад мэдээ

Ираны оюутнууд хувьсгалын гол хүч болдог уламжлалтай DNN.mn

Махса Амини хэмээх 22 настай бүсгүй “Хижаб буруу өмссөн” хэргээр цагдаад баривчлагдан нас барсны дараа Иранд эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос өчигдрийн байдлаар 1500 орчим хүн баривчлагдаад байгаа бол нийт 133 хүн амь үрэгдээд байна гэж “Eu­ronews” мэдээлэв. Тэгвэл уг эсэргүүцлийн жагсаалд Тегеран хотын Шарифын технологийн их сургуулийн оюутнууд нэгдэж, цагдаа нар нулимс асгаруулагч хийн буугаар жагсаалыг тарааж, наад зах нь 30 оюутанг баривчилсан байна. Эсэргүүцлийн энэ жагсаал хичээлийн жилийн шинэ улирлын оюутнууд сургуульдаа ирсэн эхний өдөр оюутнууд “Эмэгтэй хүн амьдрал, эрх чөлөө!”, “Эрх чөлөөгүй байснаас үхсэн нь дээр!” гэсэн уриа барьж хижабаа тайлан шатааснаар эхэлсэн аж.

Цагдаа нар оюутны хотхонд ирж, нулимс асгаруулагч хий хэрэглэж, оюутнуудыг бороохойгоор зодож, үл мэдэгдэх чиглэлд авч явсан гэж Ираны “Mehr” мэдээллийн агентлаг мэдээлэв. Тус агентлаг олон арван хүнийг саатуулаад байгаагийн олонх нь нэгдүгээр курсийн оюутнууд байсан гэжээ. Их сургуулийн удирдлагууд хичээлийг түр зогсоож, онлайн горимд шилжүүлсэн талаар мэдээлсэн боловч баривчлагдсан оюутнуудыг бүгдийг нь суллахаас нааш хичээлдээ явахгүй гэдгээ оюутнууд мэдэгджээ.

Оюутнууд зөвхөн Тегеран төдийгүй Йазд, Керманшах, Сенендэж, Шираз, Машхад зэрэг бусад хотуудад жагсаал хийж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд болон идэвхтнүүд мэдээлж байна. Тэд эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй, эрх чөлөө, ардчиллыг хүссэн улс төрийн шаардлага хашгирч байжээ. Чухамхүү Ираны оюутнууд 1979 онд “Манай шах гадныхантай нийлж бидний баялгийг тонож байна” гэсэн уриан дор боссон иргэдийн гол хүчийг бүрдүүлж АНУ, Английн хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, лалын хувьсгал хийснээр эмэгтэйчүүд нь америк жийнсээ үндэсний хувцас болох хар хижабаар сольж байсан түүхтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *