Ахмадын баярын араас Багш нарын баяр тохиож байна. Багш хүний өнөөдрийг хүртэл байгуулсан гавьяа, ирээдүйд байгуулах гавьяа, алдар зүтгэлийг юутай ч жишимгүй гэдгийг тодотгож хэлье.
Багш нарын баяр болохтой зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь эцэг эхийн зөвлөл. Тэдний гол үүрэг нь сурагчдын эцэг эхээс хоморголон мөнгө татах. Цаашлаад ганцхан ангийн багшийг баярлууах бус тухайн ангид хичээл ордог 20 гаруй багшийг баярлуулахаар эцэг эхчүүдээс 25 мянган төгрөг хураасан тохиолдол ч байна. Үнэндээ багш нарт эцэг эхчүүд ямар ч өргүй. Тэд ажлаа л хийж байгаа. Эдийн засаг хүнд, өрхийн орлого тааруу байгаа энэ үед олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд багш нарын баяр дарамт болж байгаа талаар хэлэх хүн ч цөөнгүй байна.
Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй. Хэн нэгнийг баярлуулна гэдэг угтаа сэтгэлийн зүйл байдаг. Сэтгэлээ шингээж өгсөн бэлэг бүр сайхан. Тухайлбал, гэртээ загсаасан өрмөө чимэглэж багшдаа бэлэг барьсан хүүхдүүдийн зураг цахим орчинд тархсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ мэт багшдаа баярласан сэтгэлээ хүүхдүүд өөр өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг олгомоор байна. Гэтэл багшид “Говь” брэндийн ороолт, монетон ээмэг бөгж авч өгөх талаар эцэг эхийн зөвлөл санаачилга гаргаж байгаа нь багшийг доромжилж байгаа үйлдэл. Үнэхээр мэргэжлийнхээ үнэ цэнээ ойлгодог, мэргэжлийн ёс зүйгээ өндөрт өргөдөг багш бол ийм бэлгээс татгалзах учиртай. Харамсалтай нь тийм багш хэд байгаа бол. Өндөр хөгжилтэй оронд багш хүн ажлаа хийснийхээ төлөө эцэг эхчүүдээс өндөр үнэтэй бэлэг сэлт авах нь ёс зүйн гажуудал, авлигын хэрэгт тооцогддог. Харин манайд байдаг л үзэгдэл болсон нь боловсролын салбарын доройтлын бас нэгэн шалтгаан.
Бид өөрсдөө авлигыг ингэж өөгшүүлдэг. Цаашлаад үр хүүхдүүддээ хэрхэн авлига өгөхийг ч зааж амжлаа. Үнэтэй бэлэг хүлээдэг биш, үүнээс татгалздаг дархлааг багш нар өөрсдөдөө бий болгомоор байна.