Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Цөмийн дайны хор уршгаас йод хамгаалдаг гэв үү? DNN.mn

ОХУ, Украин хооронд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хил залгаа бүс нутгуудад йодыг их хэмжээгээр цуглуулж, хадгалах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Хамгийн сүүлд Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаантай холбоотойгоор цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх йодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиуддаа тараасан гэж REU­TERS агентлаг мэдээлжээ.

Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Запорожьегийн талбайд цохилт өгсний улмаас зургаан реакторын ойролцоох барилга байгууламж эвдэрч, цахилгааны кабель тасарч, цөмийн гамшгийн аюул улам нэмэгдээд байгаа бол эдгээр халдлагад Орос, Украины талууд бие биенээ буруутгасаар байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас улбаалж Польшийн Дотоод хэргийн дэд сайд Блазей Побози “Запорожье АЦС-ын ойролцоох тулааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа бид урьдчилан сэргийлэх зорилгоор йодын шахмалыг тараахаар шийдсэн.

Эдгээр нь ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд биднийг хамгаалах зорилготой ердийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг би ард иргэдээ хэлмээр байна. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна” гэж тайлбарласан байна. Йодыг зөвхөн Польш хадгалаагүй. Дайны эхэн үеэс ОХУ-ын дагуул орны оршин суугчид йодын нөөц бүрдүүлж эхэлснийг тухайн үед мэдээлж байв. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын сүүлчээр цэргийн дайчилгаа зарлах үеэс йод нөөцлөх ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа аж.

Энэ нь мэдээж цөмийн дайнтай холбоотой. Дайчилгаа зарлах үеэрээ ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг өрнөдийнхөн болон Украинд анхааруулсан билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлэхдээ дээрх байр суурийг дахин илэрхийлсэн юм. Украин ч энэ мэдэгдэлд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл дайны бүс дэх хоёр улсын нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна.

Ийм нөхцөлд цөмийн дайн, түүний хор уршгаас хамгаалах йод нөөцлөх тухай асуудал манай улсад ч хамаатай. Цөмийн зэвсгийн хор уршгийн тухай энд дурдахад илүүц. Харин йод ямар ач холбогдолтой, дайнтай бүс нутгийн залгаа улс орнууд йодыг яагаад нөөцөлсөөр байгаа талаар товч тайлбарлая.

Йод бол 1811 оноос хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд 1905 оноос эрдэмтэд зарим өвчний йодын дутагдлыг судалж, хэрэглэхийг зөвлөж эхэлсэн гэдэг. Харин өнөөдөр бол йодыг халдваргүйтлийн журмаар хэрэглэхээс эхлээд өргөн хэрэглээтэй болсон. Үүний нэг нь бамбай булчирхайн эмгэг, хорт хавдрын үеийн эмчилгээ. Цөмийн дайны хор уршиг хүний бамбай булчирхайг гэмтээж, цаашлаад хорт хавдарт хүргэдэг гэж үздэг. Тиймээс йодыг энэ аюулаас сэргийлж хэрэглэдэг. Хамгийн ойрын жишээ бол Чернобылийн цөмийн станцын ослын үеэр Украинд хэрэглэж байсан гэдэг.

Дайны нөхцөл байдал ээдрээтэй, цөмийн зэвсэг хэрэглэх асуудал яригдаж байгаа энэ үед Монгол Улс ч энэ аюулаас урьдчилан сэргийлэх талаар ярихад илүүдэхгүй. Энэ тухай цөмийн физикч Л.Бямбажаргалаас мэргэжлийн хүрээнд тодруулахад “Цацраг бол бууны сум л гэсэн үг. Хүний биед орлоо гэхэд бүх эд эрхтнийг гэмтээнэ. Тийм нөхцөлд ямар нэг эм, эмчилгээ хийнэ гэдэг үр дүнгүй. Хүний биед цацрагийг хамгийн түрүүнд, эмзгээр хүлээж авдаг эрхтэн бий. Тэр бол бамбай булчирхай. Харин бамбай булчирхайг дэмждэг зүйл бол йодат кали. Гэхдээ йодат калийг цуглуулаад л цацрагийн аюулаас хамгаалчихна гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Цацраг гэдэг өөрөө бүрэн судлагдаагүй. Хоёр хүн цацрагийн ижилхэн тун авлаа гэхэд нэг нь зүгээр, нөгөө нь хавдар болох боломжтой. Хүний биеэс шалтгаална гэсэн үг.

Нөгөө талаар Орос, Украины дайнтай холбоотойгоор цөмийн зэвсэг хэрэглэлээ гэхэд манай орны хувьд өндөр тун авах магадлал тун бага. Учир нь манай улсын хүн амын талаас илүү хувь нь Монгол орны төвд, Улаанбаатартаа суурьшиж байна. Москвад пуужин хаялаа гэхэд Улаанбаатар хүртэл 6000 км. Цацрагийн нөлөөллийн бүс хамгийн ихдээ 500 км л байдаг. Бүр наана Байгал нуур орчимд хаясан ч манай захын аймаг хүртэл 1000 км шүү дээ. Тиймээс бидний хувьд айхавтар сандрах аюул биш болов уу” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *