Монгол Улс Ардчилсан чөлөөт сонгуулиар нэг нэгнээ сонгож төрөө удирдуулдаг болоод 30 жил болж байна. Чөлөөт сонгуулиар төрөө эмхэлж ирсэн, өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид Монгол төрийг барьж иржээ. 1989 онд Ардчилсан хувьсгал эхэлж, нийгэм өөрчлөлтийн замнал руугаа орсон. Тэгвэл энэ өөрчлөлт, хувьсгалыг хэн анх хийсэн бэ? Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, эрдэмтэн Лодонгийн Түдэв болон “Үнэн” сонин ардчиллыг эхлүүлсэн гэж үздэг. Явж ирсэн тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүй бол цаашид оршин тогтнох үндэслэл алга, нийгэм нэг л биш байна, хувьсгалаар л үүнийг шийдэхгүй бол өөр гарц алга гэдгийг нийтлэлүүдээрээ дохио өгч эхэлсэн. 1980-аад оны сүүл үеийн “Үнэн” сонины нийтлэлүүд Л.Түдэв эрхлэгчийн удирдлага дор ардчилал, шинэчлэлийг дэмжих чиглэлээр бичигдэж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж, цээжинд нь гал бадрааж байсан юм. Нийгмийн уриа дуудлага болж байсан “Үнэн” сонин, тус сонинд ажиллаж байсан Монголын сэтгүүл зүйн акулууд, мөн Л.Түдэв гуайг “Ардчиллын салхич шувуун” гэж тодотгох нь бий. Энэ сонины араас “Улаан од” “Хөдөлмөр”, “Үг” зэрэг сонинууд дуу дуугаа авалцан ардчилалд монголчуудыг уриалж байлаа. Монголд ингэж ардчилсан хувьсгал эхэлсэн, Монголд ардчиллыг сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхан анх суурийг нь тавьжээ. Ардчиллын анхны 13 гэгддэг хүмүүсийн зургаа нь буюу Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Нинж, С.Амарсанаа нар сэтгүүлч мэргэжилтэй байсан нь аль ч цаг үед нийгмийн тулгамдсан асуудлын өмнө хүчтэй дуу хоолой болж чаддаг түүчээлэгч хүмүүс бол сэтгүүлчид гэдэг нь харагдана. Энэ эрчээрээ сэтгүүлчид ардчилсан хувьсгалд хамгийн их нөлөөтэй, хүч түрэн орж ирсэн нь Улсын бага хурал, Улсын их хурал бүрэлдэхэд харагддаг. УИХ-ын гишүүн асан Т.Ганди ардчилсан өөрчлөлтөд үзгээрээ оролцож явсан сэтгүүлчдийн нэг. 1983-1990 оны хооронд сэтгүүлч, редактор, хөтлөгчөөр ажиллаж байсан С.Баяр бол ардчилсан хувьсгалаас өмнө нийгмийн сэтгэлгээг задраахад, хувьсгалын дараа шинэ төрийг төвхнүүлэхэд оройлж оролцсон сэтгүүлч. Хожмоо Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон зургаан эрхмийн хоёр нь сэтгүүлч. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар. Ерөнхий сайдуудын дунд ч сэтгүүлчид бий. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлч. Нам төрийн удирдлагууд, нийгмийн зүтгэлтнүүд бүгд шахуу сэтгүүлчид. УИХ-ын гишүүн асан З.Алтай, Г.Уянга, Ө.Энхтүвшин, Т.Ганди гээд нэрлэвэл олуулаа. Сүүлийн парламентыг л хар. Д.Жаргалмаа, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, П.Анужин, Л.Энх-Амгалан сайд байна. Ингээд эргээд харахаар сэтгүүлчид голдуу Ардчилсан Монгол Улсын төрийг барьсаар иржээ, барьж ч байна.
Дээшээ дэвшье, амжилттай явъя гэвэл сэтгүүлч мэргэжил эзэмшдэг. Төрд инженер алга, инженер-гишүүн л байхгүйгээс бүх юм болохоо байлаа гэж сошиалаар шуугьцгаадаг. Нэг инженер төрд гарч ирээд нэг механизм л тайлбарлана уу гэхээс биш сэтгүүлч шиг энэ нийгмийг бүхэлд нь ойлгож, анализ хийж, эдийн засгийн асуудлыг хөндөж, ард түмний хүсэл сонирхлыг хамтатгаад энэ бүгдийг нь тархиндаа боловсруулж ярьж чадахгүй л болов уу. Ойлголоо гэхэд бүгдийг уялдуулаад яриад хийж чадах уу. Үгүй л байх. Үүнийг сэтгүүлч л чаддаг. Яагаад гэвэл сэтгүүлч мэргэжил нь нийгмийн өргөн хүрээний асуудалд мэдрэмжтэй, мэдлэгтэй хандахыг шаарддаг. Ийм байхыг ч сургадаг. Сайн сэтгүүлч сайн удирдагч болдог. Сэтгүүлч хүн сайн ярьдаг. Бусад нь харин чаддаггүй юм. Ярина гэдэг өөрийгөө зөв ойлгуулах боломж. Дажгүй гэх үнэлгээ авдаг ганц хоёр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бий. Эд нар сэтгүүлч шиг ярьдаг, эсхүл сэтгүүлч байсан болохоор эдийн засгийг ярьдаг. Дан эдийн засагч мэргэжилтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хүн байлаа. Тэр хүн юу ч ярьж чаддаггүй байсан. Ганц л юм ярьсан нь асар их эсэргүүцэл дагуулж байсныг та бүгд санаж байгаа байх. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэх үеэр “Энэ хууль хэрэгжвэл “Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ” гэж байгаа. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юү” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэж ярьсан. Захын нэг жишээ энэ шүү дээ. Сэтгүүлч хүн бол хэзээ ч ингэж ярьдаггүй.
Олон нийт ямар хүмүүсийг сонгуулиар сонгодог вэ гэхээр ярьж, хэлж ойлгуулсан хүнийг сонгодог юм, ардчилсан нийгэмд. Тэгэхээр хэн ярьж чаддаг вэ? Сэтгүүлч л ярьж чадна. Хүссэн хүсээгүй цаашид сэтгүүлчид энэ л хэвээрээ Монгол Улсыг авч явах болно. Харин ард түмэн та нар сайн сэтгүүлчийг нь л сонго. Сэтгүүл зүй бусад салбартай л адил сайнтай, муутай ч сэтгүүлч гэдэг мэргэжил өөрөө уран тансаг, амин чухал мэргэжил гэдэг нь энэ бүгдээс харагдана. Сэтгүүл зүйд явсан хүн дандаа сайн явдаг. Сүүлийн үед сэтгүүл зүйн нэр хүндийг унагах гэсэн, сэтгүүлчдийн нэрийг хорлох гэсэн зориуд гэмээр юм их гарах болов. Яагаад вэ гэвэл сэтгүүлчид өөрсдөө бусадтай нийлээд мундаг чадвартай сайн сэтгүүлчдийгээ муулаад байна. Гэтэл жүжигчин, багш, эмч нарын тухай нэвтрүүлгүүд зурагтаар их явж байгаа харагдах юм. Тэдгээр мэргэжлийнхэн мэргэжил нэгтнүүддээ ямар их хайртай юм, биенээ ямар гайхалтай дэмждэг юм бэ. Бид ч бас тэгэх ёстой. Сэтгүүл зүйдээ хир халдаахгүй байя. Ард түмэн сэтгүүл зүйг сошиал маркетингтай хольж хутгах явдал бий. Ялгаж мэдэхгүй байна л даа. Энэ хоёр чинь тэс өөр юм шүү дээ. Сошиал мэдээлэл гээд хошуураад байгаа баталгаагүй юмнуудын цаана сэтгүүл зүй байдаггүй шүү. Тэнд сэтгүүлч ч байхгүй. Сошиал бол хувь хүмүүсийн орон зай. Хувийн үзэл бодлоо бичээд олон дагагч цуглуулчихсан байгаа тэдгээр хүмүүс сэтгүүлчдийн нэр хүндийг зориуд санаатайгаар болон санамсаргүйгээр байнга гутааж байдаг тийм нэг зүйл ажиглагдах боллоо. Тийм учраас амтай болгон сэтгүүл зүйг элдвээр хэлдэг хандлага бага сага дэврээд байх шиг. Хүний эго гэж юм бий, бас атаархал. Сэтгүүл зүй гэх салбар нийгмийн манлайллын түвшинд, толгой дээгүүр тавигдаад байхаар атаархсан, мөчөөрхсөн санаатай болон санамсаргүй яриа гараад байгаа нь сэтгүүл зүйн нэрийг хугалах гээд байдаг болж. Гэвч сэтгүүлч мэргэжил аль ч цаг үед үнэ хүндээ алдахгүйтэй адил сэтгүүлчид улс төрд гарч ирж, төр барилцах нь маргаангүй үнэн. Тиймээс ард түмэн энэ салбараас гайгүйхэн шигийг нь сонгож байгаарай. Сэтгүүлчид угаасаа л төр, нийгмийн толгойд явж байдаг гэдгийн нэг том жишээ бол Америк. Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын хамгийн сайн ерөнхийлөгч гэгддэг Роналд Рейган жүжигчин, сэтгүүлч л байсан.