Categories
мэдээ нийгэм

Ард түмэндээ хандсан шинэ илгээлт-ирээдүйн итгэл найдвар DNN.mn

Их өөрчлөлтийн цаг

Дэлхийн эдийн засгийн хямрал, олон улсын үймээн самуунтай нөхцөлд улс орноо хэрхэн удирдах вэ. Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэнд хандсан илгээлтийг дээрх хүрээнд гаргасан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Ирээдүйд түүний авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээс авч үзвэл Казахстаны удирдагч хүнд хэцүү үеийг даван туулж, улс орны тогтвортой байдлыг хадгалах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.

Касым-Жомарт Токаев анх төрийн тэргүүний ажлаа авах үеэр олон асуудалтай тулгарсан. Тодруулбал, 2019 онд Засгийн эрхийг энх тайван замаар шилжүүлсний дараа Токаев Казахстан улсыг сүүлийн 30 жилийн турш тасралтгүй удирдсан Нурсултан Назарбаевын халааг авсан билээ. 2020 онд дэлхий нийтэд шинэ коронавирусийн цар тахал дэгдсэн. Шинээр сонгогдсон төрийн тэргүүн тухайн үед ард түмэнд таалагдахгүй, заримдаа хатуу шийдвэр гаргах шаардлагатай болов. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл байлаа.

Казахстаны ард иргэдийг бүх нийтээр нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсны дараа өвчлөлийн тархалт буурч, хорио цээрийн дэглэмийг цуцалж нийгэм эргээд хэвийн амьдралдаа орох хүлээлттэй байсан хэдий ч тус улсад шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн гэх жагсаал үймээн самуун болтлоо өргөжив. Үнэн хэрэгтэй тус жагсаалын зорилго нь Казахстаны хуучин элитүүдийг дахин сэргээх оролдлого байв. Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев стратегийн ач холбогдолтой байгууламжуудаа хамгаалах зорилгоор Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүсэх зэрэг шуурхай арга хэмжээ авснаар эгзэгтэй байдлаас гарч чадсан. Үүний дараа Токаев орон нутгийн олигархуудтай албан ёсоор дайн зарлаж, Үндсэн хуульд шинэчлэл хийх асуудлыг нарийвчлан авч үзсэн. Үүний үр дүнд энэ оны зургаадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжсэн нь иргэдээ Сонсдог төрийг цогцлооход олон нийтийн төрд итгэх итгэлийг баталгаажуулсан юм. Мөн цаашид төрийн институтийг өөрчлөх, шинэчлэх үндэс суурь бий болсон.

Хөрөнгө оруулагчид тавтай морилно уу

Токаевын хэлсэн шинэ мессеж нь Казахстаны ирээдүйн бодлогын тунхаг боллоо хэмээн судлаачид үзэж байна. Тэрбээр урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааг тууштай баримталж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэдэг мэдэгдлээ. Хувийн аж ахуй эрхлэлтийг дэмжих, өрсөлдөөнийг хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс ирэх дарамт, шахалтыг арилгах, татвар, гаалийн удирдлагын чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буйгаа ард түмэндээ хандан хэлсэн илгээлтдээ дурдсан юм. Токаев гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар, Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газарт даалгаж байна. Эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх асуудлаар баримтлах бодлогын чиглэлээ өөрчилж үүнээс хойш өөр бодлого баримтлах хэрэгтэй. Казахстанд гадаадын аж ахуйн нэгжүүдийг нээхтэй холбогдуулан энэ асуудал онцгой ач холбогдол хандуулах хэрэгтэй гэв. Казахстаны удирдагч хөрөнгө оруулалт их байх тусам үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн зарчмын дагуу эдийн засгийн тусгай бүсэд хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгох тухай хэллээ. Хөрөнгө оруулалтын хууль журамд заасан бүх үүргээ үнэнчээр биелүүлсэн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн тусгай бүсэд газар өмчлөх асуудлыг Засгийн газар шийднэ гэлээ.

Мөн Токаев тус улсын транзит тээврийн чадавхыг бэхжүүлэх бас чухал асуудал гэдгийг онцоллоо. “Геополитикийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Казахстан улс Ази, Европыг холбосон хамгийн чухал хуурай замын коридор болж байна. Бид шинээр гарч ирсэн эдгээр боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж, жинхэнэ дэлхийн хэмжээний ач холбогдолтой холбох, дамжин өнгөрөх тээврийн зангилаа болох хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэв. Казахстан улс Актау хотод чингэлгийн зангилаа байгуулах, Транскаспийн коридорыг хөгжүүлэх зэрэг томоохон төслүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна “Казахстан төмөр зам” үндэсний компанийг бүрэн хэмжээний транзит логистикийн корпорац болгохоор төлөвлөж байна. Токаев гаалийн боловсон хүчний шинэчлэлийн талаар бас мартсангүй. Казахстан улсын шилжилт хөдөлгөөний бодлого илүү үр дүнтэй болж, гадаадын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдэд давуу эрх олгох бодлого баримтална. Манай эдийн засагт 300 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын бизнесменүүдэд арван жилийн виз, байнгын оршин суух зөвшөөрөлтэй олгох боломж нээгдэнэ гэж Ерөнхийлөгч Токаев амлалаа.

Хамгийн чухал нь улс орны уур амьсгал

Илгээлтээс бас нэг онцлох зүйл бол Касым-Жомарт Токаевын Шинэ, Шударга Казахстаныг цогцлоон бүтээх бөгөөд үүний тулд Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөг дэмжихээс гадна зах зээлийн хэт их хэлбэлзэлтэй үед иргэдээ тууштай хамгаална гэж амласан. Хүүхдийн төлөө үндэсний сан хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Үндэсний сангийн жилийн хөрөнгө оруулалтын орлогын 50 хувийг хүүхдүүдийн хөгжилд зориулах тусгай хуримтлалд хуваарилах санал дэвшүүлсэн. Хүүхдүүд 18 насанд хүрмэгц хуримтлагдсан мөнгөө боловсрол эзэмших, орон сууц худалдан авах зэрэг зарцуулна эрх үүснэ. Төлбөрийн чадамжгүйн улмаас хүүхдүүдээ их, дээд сургуульд явуулж чадахгүй эцэг эхчүүдэд энэ маш том дэмжлэг болох юм. Үндэсний баялгийн тэгш хуваарилалт, иргэн бүрт тэгш боломж олгох нь бидний шинэчлэлийн гол зорилго гэж тэр хэллээ.

Илтгэлд дурдсанаар эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарууд төр засгаас нэмэлт санхүүжилт авч, энэ дагуу үйлчилгээний чанар сайжирна гэв. Түүнчлэн төрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох шинэ аргачлалыг нэвтрүүлэх, түүний хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2028 он хүртэл 61 нас болгохоор зорьж байна. 1.5 жил хүртэлх хугацаанд хүүхэд асрах тэтгэмж, нийгмийн даатгал төлөгчдийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Мэдээжийн хэрэг, шударга ёсны тухай ярьж байгаа бол шүүхийн тогтолцооны шинэчлэл хийх нь зүй ёсны хэрэг. Токаев шүүх засаглал, шүүх байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, шүүгчийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх сэдвийг хөндөв. Хууль сахиулах байгууллагуудын зүгээс шүүгчдэд захиргааны дарамт шахалт үзүүлэх үзэгдлийг халж, шүүх засаглал дахь тэдний нөлөөг арилгах нь ирээдүйн гол зорилго гэлээ. Мөн үүний хажуугаар аливаа хэргийг хувийн үзэмжээр шийдэх, авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдох зэрэг ноцтой зөрчил гаргасан шүүгч нарт хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Улс төрийн талбарт шинэ тоглогчид гарч ирэх боломж

Туршлагатай улс төрч, чадварлаг стратегичийн хувьд Токаев Казахстаны хуучин болон шинэ элитүүдийн дунд сөргөлдөөн гарч болзошгүйг тооцоолж буй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тэрбээр улс төрийн дотоод хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг урьдчилан авсан билээ. Өнгөрөгч гуравдугаар сард Токаев өмнөх эрх баригчдын нам болох Нур Отан-ы эгнээнээс гарч, нам бус болсноо зарласан. Үүний дараа Нур Отан нам шинэчлэл хийж, нэрээ Аманат болгон өөрчилсөн. Дараагийн амжилттай алхам бол энэ удаагийн илгээлтээр сонгуулийн циклд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа ард түмэндээ зарлалаа. Энэ онд багтаан Казахстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно гэдгийг Токаев мэдэгдэв. Миний хувьд улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа богиносгосон ч Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцоход бэлэн байна гэв.

Ээлжит бус сонгуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сонгогдох эрхгүйгээр 7 жилээр хязгаарлах бөгөөд энэ нь эрх мэдлийг монополчлох эрсдэлийг бууруулах юм. Түүнчлэн ирэх оны эхний хагаст Мажилисын сонгууль, бүх шатны маслихатын сонгууль болно. Улс төрийн шинэ нам бүртгэх журмыг хялбаршуулсан бөгөөд Мажилис, маслихатын сонгуульд бие даагчид нэр дэвших боломж нь нээгдсэн. Ингэснээр улс төрийн өрсөлдөөн ширүүсэж, ардын депутатуудын шинэ давлагаа бий болоход нөлөөлнө. Цаашид Засгийн газрын бүрэлдэхүүнд олонхын санал авсан улс төрийн хүчнүүдээс гадна парламентад суудалтай бусад намуудын төлөөлөл боломжтой болно гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Дээр дурдсан зүйлийг нэгтгэн дүгнэвэл Казахстаны эрх баригчид улс орныг хүнд хэцүү цаг үед хүлээж байгааг сайн мэдэж байгаа бөгөөд улс орныхоо нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан үзэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг хичээж байна. Ерөнхийлөгч Токаев Казахстанд тогтвортой, эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгохын тулд оновчтой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Түүний бодлого хэр зөв байсныг цаг хугацаа л харуулах болно.



Д.Төгөлдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *