“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” маргааш болон нөгөөдөр /09.28-09.29/ Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болох гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон улс орнуудын эрчим хүчний түүхий эдийн дайнаас улбаатайгаар эрчим хүчний цоо шинэ эрин үе айсуй. Ялангуяа хоёр их гүрний дунд буй Монгол улс нь ихээхэн онцлогтойгоор өөрсдийн эрчим хүчний системийг зохистойгоор хөгжүүлэх шаардлага тавигдаж байна.
Саяхан “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол улсын Засгийн газраас санаачлан УИХ-аар хэлэлцэн батлуулаад байна. Энэхүү бодлогын бичиг баримтад “Эрчим хүчний сэргэлт” болон “Ногоон сэргэлт” бодлогыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, банк санхүүчдийн санаа бодол нэн тэргүүнд чухал юм
Анх Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нэртэйгээр зохион байгуулж байсан уг үйл ажиллагаа нь 2019 оноос Олон улсын шинэ эрчим хүчний чуулган нэртэйгээр зохион байгуулагдаж байсан ба цар тахлын улмаас өнгөрсөн жил онлайнаар зохион байгуулжээ.
Энэ арга хэмжээний эхний хэлэлцүүлэг нь эрчим хүчний шилжилт, бүс нутгийн эрчим хүчний зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, эрчим хүчний худалдаа, үнэ тарифын зохицуулалт, харилцан холболт зэрэг эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний экспортод чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар байх бол хоёр дахь хэлэлцүүлэгт Нарны эрчим хүчний шинэ технологи, устөрөгчийн эдийн засаг, цахилгаан эрчим хүчний хуримтлуурын чиглэлийн танилцуулга, хэлэлцүүлгээр өрнөх юм байна.
Мөн хүлэмжийн хийг бууруулах зээл болон хөнгөлөлтийн механизмууд, сэргээгдэх эрчим хүчний төслийн дуудлага худалдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ногоон төслүүдийн санхүүжилт босгох боломжуудын талаар дараагийн хэсгийн илтгэлүүд үргэлжлэн эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.
Арга хэмжээний хоёр дахь өдөр Монгол улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, хэтийн төлөвлөлтийн чиглэлээр илтгэл хэлэлцэгдэх ба мөн үүнтэй уялдсан шинэ төрлийн дамжуулах утас, дамжуулах сүлжээг дижиталжуулах боломжууд болон эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга илтгэлүүд тавигдах юм.
Иймд олон улсын хэмжээний чуулган зохион байгуулах замаар дэлхий дахин дахь эрчим хүчний бие даасан, найдвартай систем бий болгох улмаар сэргээгдэх болон бусад шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлж буй туршлагыг судлах, дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол улсад эрчим хүчний системийг хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-д 50 орчим гадна дотны экспертүүд болон Монгол улсын Төрийн байгууллага, Хувийн хэвшил, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор байна.
Энэхүү арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг www.ines.mn сайтаас авна уу.