Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Самдан: Засгийн газар “Буянт-Ухаа”-д цахиурын хөндий байгуулна гэж оросуудын бүтэлгүйтсэн төслийг яг давтаж байна DNN.mn


Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд, инновацийн чиглэлийн компаниудыг Буянт-Ухаа нисэх буудлын байранд нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг танилцуулсан. Нэг ёсондоо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахиурын хөндий бий болно гэж албаны хүмүүс танилцуулж байна.

Энэ шийдвэрт олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа юм. Нисэх буудлын хүрэлцээ дутмаг байгаа энэ үед хуучин нисэх буудлыг зориулалтаар нь бүрэн ашиглах ёстой, төрийн хоосон байрууд нийслэлээр дүүрэн байгаа гэж үзэх нэгэн байхад цахиурын хөндийн төсөлд манай улс хэр бэлэн байгаа, үр дүн өнөөдрийн төлөвлөснөөр гарч чадах эсэхэд мэргэжлийн хүмүүс ч эргэлзэж байна.


Тэр дундаас технологи инновацийн төв байгуулах энэ төсөл дампуурах эрсдэлтэй хэмээн онцолсон иргэн С.Самдантай цөөн хором ярилцлаа.


-Засгийн газраас хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахим хөгжлийн салбарынхан ажиллаж, цахиурын хөндий байгуулах шийдвэрийг гаргаж байна. Манайхтай ижил ийм төсөл ОХУ-д хэрэгжээд бүтэлгүйтсэн гэж та олон нийтийн сүлжээнд тайлбарласан байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгөхгүй юү?

-Аливаа зүйлд биелэх бодитой үндэслэл, шаардлага гэж чухал юм бий. ОХУ-ын Москва хотын ойролцоох жижигхэн хотод социалист нийгмийн үед, хоёр систем хоорондын хүйтэн дайны үед цөмийн энергийн асуудал их хурцаар тавигдаж байсан. Үүн дээр ЗХУ-ын удирдлагууд өндөр ач холбогдол өгч, Судалгаа шинжилгээний төв байгуулах шийдвэрийг гаргаж байв. Түүнд нь манай улсын цөмийн энергийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд олноор ажиллаж байсан. Энэ төв бол тухайн үедээ зайлшгүй шаардлагатай, суурь хэрэгцээ нь байсан учраас байгуулагдсан хэрэг.

Тэгвэл манай өнөөдрийн Засгийн газрын цахиурын хөндийн шийдвэртэй холбоод ярих бас нэг түүх байна. ОХУ-ын ерөнхийлөгч Медведев 2010 онд өөрийн санаачилгаар технологи инновацийн төв байгуулах шийдвэр гаргаж байсан. Гол нь АНУ-ын цахиурын хөндийгөөс санаа авч хэрэгжүүлсэн хэрэг. Оросууд бол их гүрний амбиц, санаа бодлоос салаагүй улс шүү дээ. Бид адилхан дэлхийн том гүрэн мөртлөө АНУ-аас хоцрогдож байна гэдэг санаагаар төр засгаасаа дэмжээд эхлүүлсэн төсөл.

Үүн дээр нэг онцлох зүйл бол хувь хүний хүчин зүйл гэж бий. Аливаа улсын бодлого гаргаж байгаа үед энэ зүйл маш их нөлөөлдөг. Жишээ нь, ерөнхийлөгч Медведев гар утаснаас ер салдаггүй нөхөр байсныг санаж байгаа байх. АНУ-д айлчлал хийхдээ хүртэл ерөнхийлөгч Барак Обаматай “Iphone”-ы шинэ загвараар сэйлфи хийж байсан удаатай. Өөрөө технологид сонирхолтой хүн учраас төрөөс дэмжлэгтэй ийм төслийг санаачилсан. Гэтэл 2012 онд Путин ерөнхийлөгч болоод нөгөө төсөлд төрийн дэмжлэг татаас дутагдаад зогссон. Одоо тэндээс юу үлдсэн бэ гэвэл хэдэн сайхан барилга байгууламж л торойгоод хоцорсон.

-Төр нь оролцсон төсөл учраас зогссон хэрэг үү?

-Мэдээж. Тухайн үед 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг төрөөс нь гаргасан. Барилга байгууламжийг цогцоор нь барьж, тэнд инженер техникийн ажилтнууд нь амьдрах бүх боломжоор хангаж өгсөн. Хоёрт, гадны хөрөнгө оруулалтыг татна. Технологийн том том мангас, компаниудыг оруулж ирнэ гээд л босгож байсан төсөл.

Аливаа улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай бүх шийдвэр, үйл ажиллагаанд суурь хэрэгцээ шаардлага гэж нэг юм бий. Суурь шаардлага, хэрэгцээ байсан ч үүн дээр төр хутгалдаад оролцоод ирэхээр явдаггүй. АНУ-ын цахиурын хөндийд төрийн оролцоо байгаагүй. Жинхэнэ органикаараа босч ирсэн.

Манайд цахиурын хөндий хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Цахиур хагалж байгаа монгол залуус олон байдаг. Гол нь тэдгээр залуус өөрсдөө санаачлаад явах нь энэ том зорилго ажил хэрэг болох гол үндэс нь. Харин манайд төр нь хэрэгжүүлнэ гэж байгаа нь асуудал. Манайх яг л Оросын араас явж байна. Монголын төр засгийн бодлого хоёр алхмын цаадахыг харахгүй байна шүү дээ. Цахиурын хөндий байгуулах нэрээр одоо маш их мөнгө зарцуулна. Энэ нь ямар ч үр ашиг өгөхгүй. Үүний оронд IT-гийн 500 инженер бэлтгэчих л дээ. Энэ нь хамаагүй өгөөжтэй. Хүнийхээ оюун санаа, боловсрол, мэргэжилд хөрөнгө оруулах хэтийн бодлого байх ёстой. Тэгж байж 10 жилийн дараа Монголын цахиурын хөндий хөгжинө.

-Төрийн бодлогод хувь хүний хүчин зүйл нөлөөлдөг гэлээ. Цахиурын хөндий байгуулах ажлыг салбарын сайд Н.Учрал нэлээд удаан ярьж байгаа. Таныхаар бол энэ зөв хувилбар биш гэсэн үг үү?

-Манайд ажил буруу явдаг гурван хүчин байгаа юм. Нэг нь, дээр хэлснээр хувь хүний амбиц, хүчин зүйл. Үүний нэг жишээ нь, Н.Учрал сайд гэж харж болно. Түүний зорилго бол “Би өнөөдөр Монголын төрд тоглогч байна. Цаашид ч байсаар байна” гэсэн поп бодлогын илэрхийлэл. Энэ улс ингэж хөгжинө гэсэн алс ирээдүйн бодлого биш.

Төр өөрөө аливаа зүйлд гар хөл оролцоод үр ашигтай байж чаддаггүй. Жишээ нь, “Номадс” сүлжээ рестораныг хар л даа. Энд төр оролцоогүй. Үндэс суурь, шаардлага хэрэгцээ нь байсан. Түүн дээр хувь хүн хөрөнгө оруулаад босгосон.

Нөгөө талаар монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ огт салахгүй явдаг. Нэгнийхээ дор орохгүй, нэгнийгээ дээшээ гаргахгүй гэсэн сэтгэлгээ. Нэг нь шинэ зүйл хийхэд зэрэгцэж хийгээд унагаачихдаг. Хаан бууз гээд л сүлжээ яаж гарч ирлээ. Гэтэл араас нь хатан бууз, хуушуур гээд борооны дараах мөөг шиг гарч ирсээр нөгөө “Хаан бууз” нь Их дэлгүүрийн урд ганц салбар л үлдээд байх шиг байна. Энэ бол бас нэг хүчин зүйл.

-Түүнээс гадна энэхүү инновацийн төв байгуулах газар нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Шинэ нисэх буудал байгуулагдсан ч ачааллаа дийлэхгүй, байнгын шүүмжлэл дунд яваа. Гэтэл хуучин Буянт-Ухаа нисэх буудлын байрыг ашиглана гэж байгаа?

-Ерөөсөө алс хэтийн бодлого байхгүйн жишээ юм л даа. Хэдийгээр өнөөдөр ковид, дайн гээд зах зээл хумигдсан ч үргэлж энэ чигээрээ байхгүй. Цаашид манай улсыг зорих жуулчид нэмэгдэнэ. Одоогийн манай шинэ нисэх буудлын багтаамж чамлалттай байгаа. Ийм үед дахиад нэг нөөц нисэх буудал байх нь алс ирээдүйд хэрэгтэй зүйл. Өнөөдөр нэг хүний амбицаар шийдвэр гаргахад ирээдүйд нэн хохиролтой. Байр байшин яах вэ, нийслэлээр нэг байна.

Шинэ нисэх буудлын гэрээнд Буянт-Ухааг зориулалтаар нь ашиглаж болохгүй гэдэг хатуу заалтын талаар сүүлийн үед яриад байгаа. Энэ заалтыг хэн ч юу ч гэж тайлбарлаж болно. Буянт-Ухааг татаасыг нь төлөөд байлгаж байх ёстой юм. Таван жилийн дараа л гэхэд ямар өөрчлөлт бий болохыг хэн ч өнөөдөр төсөөлж чадахгүй шүү дээ. Гол нь бидэнд үүнийг харсан алс хэтийн бодлого байх ёстой. Ийм ойворгон алс хэтээ огт бодохгүйгээр шийдэж байгаа нь дэндүү харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *