Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Төмс хураалтад цэрэг, оюутнууд түлхүү ажиллаж байна DNN.mn

Төв аймгийн Баянчандмань сум нийт 3700 орчим га тариалангийн газартай. Өнөө зун бороо ус их байсан учир ургац жигд биш, алаг цоог байна. Хөрс сайтай газраа хоёр га талбайгаас 50 орчим тонн төмс хурааж байгаа бол тааруу хөрстэй газраас хоёр тонн хүрэхтэй үгүйтэйг авч байна. Энэ сумын хувьд газар тариалан сайн хөгжсөн томоохон сумдтай харьцуулбал бригадын төвийн хэмжээний жижигхэн талбайтай. Газар нутгийн хэмжээ ч бага. Онцлог нь нэг төрөл зүйлээр дагнахаас илүүтэй нарийн ногоо, хүлэмж зэргээр өргөн нэр төрлөөр ногоо ургуулах тал дээр анхаарч байгааг тус сумын Засаг дарга Г.Ариунболд ярьж байлаа. Үр тариа, төмс, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, хүрэн манжин, шар манжин, хар манжин, эмийн ургамал, шар лууван, сармис, сонгино, хүлэмжинд өргөст хэмх, лооль, навчит ногоонууд тарьсан байна. Өчигдрийн байдлаар 1530 тонн төмс, 95 тонн хүнсний ногоо хурааж аваад байлаа. Сумын төвийн зүүн хойно байрладаг “Чандмань хүлэмж” компанийн хүлэмжүүд дээр очиж агрономич Д.Гэрэлмаатай уулзлаа. Тэрээр “Дэвшил” САА, ногооны комбинат гэж байх үеэс хүлэмжийн аж ахуйтай холбогдож, дөч гаруй жил энэ салбартаа ажиллаж буй туршлагатай агрономич. Тухайн үеийн хүлэмжүүд нэг товчлуур дараад л хөшгөө нээж хаадаг боловсронгуй, судалгаатай байсан бол сүүлийн үед хятад технологиор барьж буй өвлийн хүлэмжүүд хэт болхи, дутагдал, алдагдал ихтэйг хэлж байлаа. Гэсэн ч тэрээр агааржуулалт, дулаан, гэрэлтүүлэг гээд бүхий л асуудлыг нэг нэгээр нь шийдүүлсээр ажил нь жигдэрч эхэлжээ.

Эднийх одоогоор зуны ес, өвлийн гурван хүлэмжтэй. Эрэлт ихтэйг нь харгалзан өргөст хэмх, навчит ногоо түлхүү тарьж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сараас хойш өвлийн хоёр хүлэмжнээсээ 19 тонн өргөст хэмх хураан авч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлээд байна. Зах зээлийн хамгийн бага үнээр “Барс” зах дээр бөөндөөд өгчихнө. Хүнсний томоохон захууд дээр ногоочдодоо зориулсан байнгын лангуу байвал шинэ ногоогоо иргэдэд хямд үнээр өгөх юмсан гэж агрономич Д.Гэрэлмаа яриад “22 цагаас 06 цаг хүртэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг ч цахилгааны зардал өндөр гардаг нь аж ахуй эрхлэхэд хүнд тусч байна” гэлээ. Нэг өвлийн хүлэмжнээс 1.2 тонн бууцай, салат навч, сонгино зэрэг навчит ногоо хураагаад байгаа бол зуны хүлэмжнээсээ зургаан тонн өргөст хэмх, 800 кг улаан лооль, 500 кг чинжүү тус тус аваад байна. Өвлийн хүлэмж олон талын ашигтай. Зуны хүлэмжнүүдийн ажил өдийд зогсдог бол өвлийн хүлэмж ургацаа өгсөөр байна. Эдний хамт олон “Улсын аварга” болох том зорилго тавьж ажиллаж байгаа юм билээ. Өвлийн хүлэмжний урт нь 80 метр, өргөн нь 10 метр.

Төв замаас Жаргалант сум руу салангуут л зүүн гар талд иргэд төмс хурааж байлаа. Тал булаг хүртэл, Тал булагаас сумын төв хүртэлх замын хоёр талд төмс хүнсний ногоо хураасан, ачсан хүмүүс намрын шаргал наран дор борви бохисхийлгүй ажиллана. Тариан талбайд комбайн тариагаа ангилж, шуудайтай төмс овоолсон ачааны машинууд хээрийн замаар аахилж уухилан сүлжилдэнэ.

Цэргийн ачааны машин, майхантай талбайд очлоо. Цэргүүд ногоо хурааж байна. “Өрмийн голын бэлчир” компанийн талбай аж. Тус компанийн захирал Д.Эрдэнэцогт сум руу ажлаар явжээ. Гэргий Б.Сувдаатай нь уулзлаа. Эднийх өнөө жил 15 га-д төмс тариалсан байна. Б.Сувдаа “Ургацаа хураагаад долоо хонож байна. Манайх Өвөрхангай аймгаас цэргүүд авсан. Зэвсэгт хүчний 256 дугаар танкны ангийнхан. 25 цэрэг, нэг дэслэгч, нэг тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн. Хүүхдүүд маань (Цэргүүдийг хэлэв.сурв) өглөө 07 цаг гэхэд талбай дээрээ гарчихдаг. Тушаалаар ажиллана, дуулгавартай. Даргынхаа үгэнд сайн орно. Манай хүүхдүүд сайн ажиллаж байгаа. Хоёр хоноод ургац хураалтын ажил дууслаа даа” гэснээ “Хасах хэмтэй хонож байгаа нь хөрсөндөө байгаа төмснүүдэд нөлөөлөхгүй л дээ, энэ зэргийн хүйтрэл ургац хураалтад саад болдоггүй юм” хэмээн нэмж хэллээ. Ченжүүд талбай дээр ирж нэг шуудай төмсийг 25 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа юм байна. Нэг шуудай нь 40-42 кг гэхээр төмс талбай дээрээ нэг кг нь 600 төгрөгийн ханштай байна гэсэн үг. Байлдагч О.Эрдэнэжаргал “Халагдах дөхчихсөн л дөө. Ямар ч хамаагүй ажил хийхсэн, ангийн хашаанаас гарах юмсан гэж бодож байсан. Ногоо хураалтын ажилд явах болсон гэдгийг дуулаад баярласан. Төмс хураахдаа муудсан, гэмтсэн төмснүүдээ тусад нь ялгах нь чухал юм байна. Би Архангай аймгийн Өгий нуурынх. Манай суманд бараг төмс тарьдаггүй. Жаргалантад очно гэдгийг сонсоод гоё санагдсан. Ургац хураалтад гар бие оролцоод хөдөлмөрлөж байгаадаа баяртай байна. Ар гэрийнхэндээ төмс хураалтад явж байгаа гэдгээ хэлсэн” хэмээлээ.

Жаргалант сумын төвөөр орлоо. Хүний хөл бага, ажин түжин. Төмс ачсан машинууд агуулах, сав бараадаж, зарим нь хотын зүг жирийлгэнэ. Сумын захиргаагаар нь орлоо. Бараг бүх өрөө нь цоожтой, нэгдүгээр давхрын самбарт ажилтнуудын нэр ус, албан тушаалыг гар утасны дугаартай нь ярайтал бичжээ. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү залгавал “Талбай дээр байна. Эргээд ярьж ургацын мэдээ өгье” гэж байна. Сумынхан бараг бүгд шахуу талбай руу, ургац хураалт руугаа явжээ. Сумаас гараад Тал булагт буцан ирэв. Хойд хөндийд тариан талбайд комбайн ажиллана. Хээрийн зөөлөн замаар давхисаар тэнд очлоо. “Хос дэвэлт” компанийн захирал Г.Нэргүй угтаж байна. Эднийх төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд сэлгээнд 50 га талбайд улаанбуудай тариалжээ. Г.Нэргүй “Энэ жил сэлгээнд 50 га-д улаанбуудай тариалсан. Энэ бол том том үрийн чиглэлийн компаниудын дэргэд өчүүхэн шүү дээ. 10, 20 мянган га-д буудай тарьдаг компаниуд бий бий. Өнөөдрийн хувьд тариагаа ангилж байна. Харин төмсний хураалт дуусах шатандаа орлоо. Манайх оюутнуудыг ажиллуулсан. Иргэдийг нэг шуудай төмс 2000 төгрөг гэсэн хөлсөөр ажиллуулж байгаа. Ургацын хувьд дунджаас дээгүүр хэмжээнд л хурааж авч байна” гэв. Оюутнууд өдрийн 45-50 мянган төгрөг, цэргүүд 62 мянган төгрөгөөр ажиллаж байна. Ногоочид, тариаланчдын хувьд цэргүүдийг ажиллуулах сонирхол ихтэй. Учир нь дэг журам сайтай, үр бүтээлтэй ажилладаг бол оюутнууд ч тэднээс дутахааргүй шаргуу, үнэнч гэнэ. Өнгөрсөн жил “талоныхон” гэгддэг халамжаар амьдардаг иргэдийг ургац хураалтад дайчилсан нь ихээхэн хэл ам дагуулсан. Г.Нэргүй захирал ч толгой сэгсэрч “Тэд ёстой бүтэхгүй ээ. Цэрэг, оюутнууд нь хамаагүй дээр шүү” гэж байлаа.

Ийнхүү төмс, үр тарианы “Эх орон” гэж тодотгодог Төв аймгийн тариалангийн бүс нутгийн сумд, тэр дундаа Жаргалант суманд намрын ургац хураалт ид үргэлжилж байна. Сумын төв нь эзгүй шахам, бүгд талбайдаа төмс шуудайлцгааж, монголчуудын бүтэн жил идэх төмсийг бэлдээд тун завгүй. Баянчандмань, Жаргалант гээд зорьж очсон сумдын иргэдтэй уулзахад “Төдөн га-д ийм тийм ногоо, үр тариа тарилаа, тэгж ургууллаа, ингэж ажиллаж байна. Ийм үйлдвэр, цех нээж ажиллуулж байна” гэж ажил, хөдөлмөр мэдрэгдсэн урам зориг өгсөн яриа хөөрөө дэлгэж байсан нь сайхан. Ер нь ийм ажилсаг иргэдтэй сумдаар орж гарч хүмүүстэй нь уулзахад ямар ч хүнд ажил хийхийн сайхан, хөдөлмөрлөхийн амтыг мэдрүүлж, урам зориг өгмөөр санж. Нөгөө талаар ажилсаг хүмүүс л суманд амьдардаг гэлтэй.

Өчигдөр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгатай холбогдоход “Аймгийн хэмжээнд нийтдээ 304438 тонн ургац хураан авах төлөв гарсан. Одоогийн байдлаар ургац хураалтад гаднаас 1113 ажиллах хүч ажиллаж, зургаан их, дээд сургуулийн 1250 оюутан, 830 цэрэг ажиллаж байна. Ургац хураалт энэ сарын 19-ний байдлаар үр тариа 3039.4 тонн буюу 3.7 хувь, төмс 50801 тонн буюу 32.5 хувь, хүнсний ногоо 3532.2 тонн буюу 17.8 хувь, таримал тэжээл 1833 тонн буюу 10 хувь, тосны ургамал 539 тонн буюу 0.9-тай явж байна” гэсэн мэдээ өгсөн юм.

Жаргалантаас Баянчандмань руу явах төв зам бол там байгаа нь ургац хураалтын ид ажилтай энэ үед маш том саад болж байгаа нь анзаарагдав. Тэнгэрт тулам цагаан тоосон дундуур шорооны том машинууд давхилдаж, хажуугаар нь гэрлээ хол дээр нь тавьсан жижиг тэрэгтэй иргэд тоосноос нь сугаран гарах гэж хурдална. Том машин тоосон дундаас жижиг тэрэг олж харахгүй дарах, шүргэлцэхийн наагуур ойрхон зөрөх зэрэг хүндрэл бол их тохиолдож байлаа. Замын дэржигнүүр, энхэл донхлыг энд ярилтгүй. Гэгээн цагаан өдрөөр цагаан тоос, шороон дунд машины уралдаан болж байгаа аятай. Ядаж байхад замын тэмдэг тэмдэглэгээ муу. Хаашаа яаж явах нь ойлгомжгүй учир мухар зам руу ороод эргэж байгаа нь хэд хэд харагдлаа. Зам засварын үед түр замын шороог дарахын тулд усалдаг, усаар шүршдэг дүрэм бий. Энэ замууд дээр дусал ус цацаагүй нь илт. Ийм замаар тариа тээвэрлэдэг гэхээр хичнээн нь асгарч, үрэн таран болдог бол.





Гэрэл зургуудыг О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *