Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ DNN.mn

Манай дэлхийн хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг хэсэг эрдэмтэд палеонтологийн олдвор дээр үндэслэн тогтоожээ.

Ингэснээр өмнө нь тогтоосон хугацааг 20 сая орчим жилээр урагшлуулж байна. Brasilodon quadrangularis нэрээр шинжлэх ухаанд тэмдэглэсэн хамгийн эртний хөхтөн амьтан нь 20 см урт биетэй байжээ.

Энэ амьтан 225 сая жилийн өмнө буюу зарим эрт үеийн үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан байна. Шинэ нээлт нь орчин үеийн хөхтөн амьтдын үүсэл хөгжил, хувьслыг судлахад чухал ач холбогдолтойг Бразил, Их Британийн эрдэмтэд онцолжээ.

Судалгааг Лондон хотын Байгалийн Түүхийн Музей, Эзэн Хааны Коллеж, Бразилын Порто-Алегре хотын Рио Грандын Холбооны Их сургуулийн эрдэмтэд хамтран гүйцэтгэж, тайлангаа “Journal of Anatomy” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Brasilodon quadrangularis-ийг өмнө нь хөхтөн амьтан биш, хэвлээр явагч гэж буруу ангилж байсныг энэ удаагийн судалгаагаар зассан юм байна.

“Хэвлээр явагчдын шүд амьдралынхаа турш олон удаа солигддог. Харин хөхтөн амьтны шүд ердөө хоёр удаа л ургадаг. Эхнийх нь сүүн шүд, дараа нь байнгын шүд ургана. Үүгээрээ хөхтөн амьтан ялгаатай” гэж судалгааг ахалсан профессор Марта Рихтер тайлбарлажээ.

Бразилын нутгаас олдсон хэд хэдэн үлдэгдэл яснаас шүдний онцлог, ялгааг нь нарийвчлан судалснаар хөхтөн байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.

“Энэ нь маш жижигхэн хөхтөн амьтан байсан бөгөөд бидний мэдэх хамгийн эртний үлэг гүрвэлүүдийн сүүдэрт газар нүхэлж амьдардаг байсан бололтой” гэж Рихтер ярьжээ.

Эрдэмтэд энэхүү нээлтдээ таван жил гаруй хугацааг зарцуулсан байна.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *