Дайн түрэмгийллийн эсрэг “NoWar” ээлжит жагсаалыг иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны гадна өчигдөр зохион байгуулав. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших 30 дахь удаагийн жагсаал болохыг иргэдийг уриалсан зар дээр дурдсан байна.
Энэ удаагийн жагссан иргэдийн шаардлага нь ОХУ-д болж буй “Восток” цэргийн сургуулилалтад Монголоос цэргүүд оролцож байгааг шүүмжилж, зогсоох тухай байв.
“Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь гутамшиг”
Ардчилсан Намын дарга М.Тулгат “Би дайныг эсэргүүцсэн жагсаал болно гэдгийг сонсоод энд ирсэн. Учир нь манай Батлан хамгаалах яам, Засгийн газар ОХУ буюу дайнч улстай хамтарсан хээрийн сургуулилалтыг удаа дараа явуулж байгаад үнэхээр бухимдал төрж байна.
Одоо ОХУ-д болж буй сургуулилалт нь дайн болоход Япон руу хамгийн түрүүнд цохилт өгөх цэг дээр хийгдэж байгаа. Япончуудад сануулга өгөх зорилготой ОХУ-ын хээрийн сургуулилалтад манай улс оролцож байгаа нь үнэхээр гутамшиг.
Өнөөдөр залуус дайныг болон тэр хээрийн сургуулилалтыг эсэргүүцэж энд жагсаж байна” гэлээ.
“Япон бол манай хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг”
Иргэний төлөөлөл “Япон бол манай гуравдагч хөрш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч улсуудын нэг. Гэтэл манай эрх баригчид ийм шившигтэй үйлдэл хийж, дайн өдөөгч улстай хээрийн сургуулилалтад оролцож байгаад харамсаж байна.
Биднийг төлөөлнө гэж сонгогдсон хүмүүс хэзээ ч биднийг төлөөлдөггүй гэдгээ Украинд дайн эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд батлан харууллаа” гэв.
Ийнхүү үзэл бодлоороо нэгдэн жагссан иргэдийг цагдаа нар тарааж, тэдний барьж байсан Япон улсын далбааг урсан талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.