Алс баруун хязгаар Увс аймгийн Ховд сумын нутаг Хархираа, Түргэний мөнх цаст уулсыг зааглан орших Олон нуурын хөндий, Рашааны аманд намаржиж буй малчин Т.Ишбалынд өнжсөн тэмдэглэлийг толилуулъя. Түргэний уулсын баруун бэлд намаржих эднийх малаа маллахаас гадна жуулчны бааз ажиллуулдаг.
Хөрөөний ир шиг шовх оройтой, мөнх цаст оргилуудын дунд байрлах Олон нуурын хөндийд том жижиг нийлсэн 108 нуур бий. Хөндийгөө дагаад айлууд эсгий гэрээ ярайтал барьжээ. Айл бүрийн гадна талд л нуур мэлтэлзэж байх нь хачирхалтай. Нуурын эрэг эмжиж хонин сүрэг бэлчээд, дээхнэ талаар нь сарлагийн сүрэг багшрах нь уран зураг шиг үзэсгэлэнтэй аж. Олон нуурын хөндийд хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун болж улирч байна.
Олон нуурын хөндийн хад асгатай замаар явсаар бид зорьсон айлынхаа гадна буулаа. Т.Ишбалынх найман ханатай цэвэрхэн гурван гэр эгнүүлээд барьчихжээ. Зүүн талын гэрт нь өөрсдөө амьдраад, илүү хоёр гэртээ жуулчид хүлээж авч байгаа гэнэ. Гэрийн эзэн Т.Ишбал аймгийн төв орж бараа татахаар яваад эзгүй байв. Биднийг 40 эргэм насны эмэгтэй дунд сургуулийн охины хамт уриалгахан хүлээж авч аагтай шаргал цай, гэрийн боорцгоор дайлав. Зуны цагт бол энэ нутгийнхны гол хүнс нь тос хөвсөн шаргал цай, боорцог байдаг ажээ. Тос хөвсөн шаргал цайнд арвайн гурил зуурч идээд л зуныг авчихдаг гэнэ. Дулааны улиралд бол сүү, цагаан идээгээ хүнсэндээ хэрэглээд махнаас аль болох зайлсхийнэ.
Мөнх цаст уулсын бэлд гурван гэрээр зусч буй Ишбалынх энд жуулчны бааз ажиллуулаад тав дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Найман ханатай гэрийн голд том зуух тавиад зургаан ширхэг модон ор тойруулаад цэвэрхэн гэгч нь байршуулсан байв. Нарны эрчим хүч ашиглаж гэрэлтүүлгээ шийдээд, том зурагт ч тавьчихсан харагдлаа. Зүүн хаяанд том угаалтуур зэргийг байрлуулж аялж яваа хүнд наад захын шаардлагатай бүхнийг найман ханатад цогцлоожээ. Хотын ойр орчмын амралтын газруудыг бодвол хэд дахин илүү тав тухтай энэ гэрийг хоногоор ашиглахад 120.000 төгрөг төлдөг юм байна. Мөн майхан бариад ч хоноод явах боломжтой. Гэхдээ чийглэг уур амьсгалтай Олон нуурын хөндийд бол зуны дунд сард ч цас хаяж мэдэхээр сэрүүхэн юм билээ. Гэрт хонох нь илүү тухтай, дулаахан.
Очсон жуулчид цуйван, будаатай хуурга, шөл гээд төрөл бүрийн хоол захиална. Гэрийн эзэгтэй зочдын захиалгыг газан плитка дээр хормын төдийд л хийгээд өгчихнө. Хоолны материалаа урьдчилаад бэлдчихдэг юм байна. Дүүрэн порцтой таваг хоол энд 10000 төгрөгийн ханштай. Бид цайгаа уугаад босох зуурт гэрийн гадна том машин ирээд зогсов. Тосоод гарвал 20 гаруй насны эмэгтэй Голландын жуулчдыг дагуулж яваа гэнэ. Рашааны ам, Олон нуур үзэхээр зорьж яваа нь энэ ажээ. Тэд буудаллах гэрээ хараад эргэлзэх юмгүй зөвшөөрнө лээ. Гэрийн эзэгтэй ч жуулчдын тав тухыг тэргүүнд тавьдаг талаар онцолсон юм. Төд удалгүй оройн саалийн цаг болов. Зуны адаг сарын нар жаахан тонгойход л энд сэрүү татаад жиндэх маягтай болж ирж байна. Хамт саалинд нь гарах зуураа түүнтэй цөөн хором хөөрөлдлөө. Эднийх гурван үнээ сааж байна. Мал нь Олон нуураас холгүй дүүгийнд нь байдаг гэнэ. Жуулчдад үйлчлэхийн хажуугаар олон үнээ сааж амждаггүй талаараа ярьж байлаа.
Өдөрт хамгийн багадаа л 10 орчим жуулчин газар үзэхээр ирдэг гэнэ. Гол төлөв Улаанбаатараас зорьж очдог аж. Хол замын уртад аяншсан хүмүүс очдог учраас тухтай амраагаад байгалийн сайханд аялуулаад буцаах тал дээр онцгой анхаардаг юм билээ. Зарим тохиолдолд ар араасаа 20-30 хүн ч хүрээд ирэх нь бий. Тэр үед харин майхан барьж хонуулахаас өөр аргагүйд хүрдэг гэв. Зарим нь машиндаа ч хононо. Энд олон айл зусдаг ч аялагчдад зориулсан жуулчны бааз ажиллуулдаг нь эднийхээс өөр үгүй. Аялагчдаас нутгийн зарим нь төвөгшөөх хандлагатай байдгийг гэрийн эзэгтэй Б.Орломжав гайхаж байна лээ.
Тухтай үйлчилгээ үзүүлээд таван цаасыг нь аваад үлдвэл орон нутгийнхны амьжиргаанд л нэмэртэйг гэрийн эзэгтэй хэлж байв. “Нэг жуулчинг хооллоод байгалийн сайханд амраагаад явуулахад хамгийн багадаа 30-40 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг. Мэдээж ганцаараа хүн ирэхгүй. Тэр бүрийг хооллоод цэвэрхэн гэрээр үйлчилж тухтай амраагаад буцаахад хоногт л 100 орчим мянган төгрөгийн ашигтай ажилладаг. Анх бол хэд хоногтоо л цөөхөн хүний бараа харагддаг байлаа. Өнөөдөр харин аялагчдын цуваа тасрахаа больсон. Аялагчдад зориулсан агент ч энд бий” гэж гэрийн эзэгтэй Б.Орломжав онцолсон юм. Аялагчдын цуваа тасрахаа больсноор эндхийн малчин ардын амьжиргаа ч илэрхий дээшилсэн гэнэ. Олон нуурын зусландаа илүү олон аялагч хүлээж авч төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг харуулах хэтийн зорилготой ажилладаг талаараа гэрийн эзэгтэй хэлж байв.
Бид найман ханатай том гэрт тухтай амраад өглөө 8:00 цагийн алдад босоход эднийх өглөөний саалиасаа бууж байлаа. Аялагчдынхаа өглөөний ундыг ч аль хэдийнэ бэлдчихжээ. Өглөө эрт 06:00 цаг өнгөрөөгөөд л өндөрлөг газрын нартай уралдаад босдог юм байна. Унд уух зуур гадаа уяан дээр хэдэн морь эмээллээд уячихсан байв. Манай аяллын баг цааш Номин ногоон нуур луу мориор явна.
Эднийхтэй хамтарч ажилладаг хөтөч залууг Л.Жавхлан гэдэг. Энэ жил дунд сургуулиа төгссөн тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд л хөтөч хийхээр энд ирээд байгаа гэнэ. МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангийн хуваарь авсан Жавхлан зуны амралтын хугацаанд аялагчдад морь унуулаад 20-25 мянган төгрөг авдаг. Жаахан хүүхэд байхаасаа л адууны сүүл боож малын захад өссөн түүний тухайд номхон морь хэдийг цулуулаад л аялагч дыг дагуулж мөнх цаст оргилын бэлээр хэсч явах нь хамгийн дуртай ажил нь. Гадаад, дотоод янз бүрийн хүнд үйлчилдэг гэнэ. Ховд сумын малчин хүү хэрэглээний англи хэл ч дажгүй сурчихаж. Цаашид нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх хэтийн зорилготой явдаг талаараа бидэнд ярьж байна лээ.
Өглөө гарсан бид энэ бүхнийг ярьж явсаар олон нуурын тод үзэсгэлэн Номин ногоон нуурын зүүн дээд талаас нь орж явчихлаа. Тэнгэр баганадсан өндөр Түргэний уулсын бэл дэх гүн ногоон өнгөтэй энэ нуурыг үзэхээр жилд хэдэн зуун жуулчид хэдэн мянган бээрийг туулж олон нуурт ирдэг. Номин нуурын эргээр Вансэмбэрүү цэцэг үүдэн хоймрын зайтай хосоороо ургасан нь аялагч олны сэтгэлийг баясгах ажээ. Нуурын эргээр бог, бод нийлсэн сүрэг бэлчдэг ч тохойн чинээ өндөр энэ цэцгийн үндсийг хөнддөггүй юм билээ.
Цааш нарийхан амаар өгсөхөд шар өнгөтэй нуур бий гэнэ. Түүнийг үзэхийн тулд морио үлдээгээд аяллаа явганаар үргэлжлүүлэх ёстой. Ингээд бид морио чөдөрлөж үлдээгээд нарийхан амаар том, том чулуу дамжиж мөнх цаст оргилын өөд мацлаа. Ойролцоогоор 100 орчим метр яваад хавцал дээр гарч очиход бүдэг шар өнгийн нуур өөдөөс мэлтэлзэх нь тэр. Үд дундын хурц нарны туяа бүдэг шаргал нуурын мандалд тусах нь болортож гялтганаад Түргэний уулсын сүр жавхланг илүү тодруулах мэт. Уул усны диваажин Увсын хязгаарын байгалийн сайхныг хэсэг биширч зогссон биднийг цаашид ямар адал явдал хүлээж байгаа нь оньсого мэт. Тэнгэр баганадсан Түргэний уулсын хүрэн хад нүүрэн дээрээс юу юугүй нураад ирэх нь үү гэлтэй сүндэрлэх нь бага зэрэг айдас ч төрүүлэх. Тэр хаддын доохно талаар өгсөж явсаар бид мөнх цаст оргилын бэлд нь хүрч очлоо. Энэ удаа биднийг гүн цэнхэр өнгийн нуур тоссон юм. Мөнх цаст оргилын сугаас гүн цэнхэр нуур луу хүрхрээ юүлэх нь сүрдэм ч сод үзэсгэлэнтэй ажээ.
Хархираа, Түргэний уулсыг зааглан орших байгалийн цогболбор газрын сод үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг нь л энэ. Хаашаа л харна мөнх цаст ноён шовх сарьдгууд сүндэрлэх энэ онгон дагшин байгаль руу аялагчдыг илүү татмаар юм билээ. Өвс нь халиурч, ус нь мэлтэлзсэн олон нуурын хөндий оторчдын хувьд ч мөрөөдлийн газар юм билээ. Усны тунгалаг, өвсний соргог, байгалийн тансаг цогцолсон энэ хөндий рүү аялагч нарыг татсанаар сум орон нутгийн эдийн засагт ч том хувь нэмэр оруулахаар санагдсан юм. Жуулчны баазуудыг ч хэдэн арваар нь байгуулах хэрэгцээтэй байгааг гэрийн эзэгтэй Орломжав хэлж байлаа.
Нар уулсын цаагуур орохтой уралдаж жуулчны бааздаа ирсэн бид өглөө захисан хоолоо амтархан зооглоод баруун монгол түмний соёлтой танилцаж үндэсний тоглоом тоглож байгаад амрахаар хэвтэв. Сум орон нутгийнхаа байгалийн сайхныг сурталчилж, амьжиргаагаа төвөггүйхэн залгуулж аялал жуулчлал хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа залуу гэр бүлийн амьдралыг товч зураглахад ийм байна.