2022 оны есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн VII чуулганы гол сэдэв нь “Эдийн засаг, геополитикийн шинэ нөхцөлд олон туйлт ертөнц рүү шилжих хөдөлгөөн” байх болно.
Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл, ложистикийн шинэ сүлжээ бий болгох талаар чуулга уулзалтын үеэр онцгойлон авч хэлэлцэнэ. Дэлхийн хүнсний хямрал улам бүр даамжирч, хүнсний хангамжинд аюул учраад байгаа энэ үед Монгол Улсын хувьд энэ сэдэв улам бүр ач холбогдолтой болж байгаа билээ.
Дэлхийн зах зээл, ялангуяа улаан буудайн зах зээл дээр нөхцөл байдал амаргүй байгааг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам онцлон тэмдэглэв. Энэ улиралд АНУ, Европт ган гачиг, Австрали, Энэтхэгт болсон үерийн улмаас дэлхийн хэмжээнд улаан буудайн нийлүүлэлт багасна. Энэ бүхэн нь логистикийн салбарт тависан Барууны хоригтой нийлээд дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.
Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд стратегийн тэргүүлэх түншүүдийн нэг нь ОХУ юм. Хятадын дараа Орос Улс олон арван жилийн турш Монголын гадаад худалдааны хоёр дахь том түнш байсаар байна.
ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээнд дурьдсанаар, 2021 онд Орос, Монголын худалдаа 1,859 сая ам.долларт хүрч, 2020 онтой харьцуулахад 30,78 хувиар өссөн байна. Үүнээс ОХУ-д 1,816 сая ам.доллар (+31,29%), харин Монгол Улсад ердөө 43 сая доллар (+12,30%) ноогдож байна.
Өнөөдөр ОХУ болон бусад орноос эрдэс бордоо, хөдөө аж ахуйн түүхий эд, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, металл, тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн экспортлож байна.
Монгол Улс мөн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Бид улаан буудай, ургамлын тос, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс гадна тахианы өндөгний хамгийн том худалдан авагч, гахайн мах, цагаан будааны эхний 5-т, чихэр, ундаа, маргарин, майонез болон бусад сүмс импортлогчдын эхний 10-т багтдаг.
Хямрал улам бүр хүрээгээ тэлж байгаа энэ үед манай Засгийн газар хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд дотоодын зах зээлийг тогтворжуулахаас гадна хүнсний бүтээгдэхүүний шинэ хангамжийг бий болгох замаар дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад оролцох шаардлагатай бөгөөд Монголын мах, сүүн бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй орнуудад нийлүүлэх хэрэгтэй байна.
Эдгээр сэдвүүдийг хэлэлцэх гол платформуудын нэг нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалт байх болно. Тус чуулган нь Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн эрэлттэй бизнесийн платформуудын нэг болсон билээ.
Чуулганы зохион байгуулах хорооны мэдээлснээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд 46 улс орны бизнесийн төлөөлөгчид оролцохоор болсон байна. “Уламжлал ёсоор Алс Дорнодын хөгжил, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, хямралыг даван туулах боломж зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков онцлов.
Оролцогчид ямар дүгнэлт, шийдвэрт хүрэх нь чуулганы үр дүнгээс харагдана. Чуулга уулзалт 9-р сарын 8-нд өндөрлөх болно.