Зөвлөлтийн үед байгуулагдсан бөмбөгдөлтөөс хоргодох байрнуудаа сэргээн засварлах болсон тухай Казахстаны эдийн засгийн төв Алматы хотын захирагч өчигдөр мэдэгджээ.
Хотын захирагч Ерболат Досаев өчигдөр Алматы хотын Алмалы дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ энэ тухай ярьсан байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ойрын гурван жилийн дотор хоргодох байруудыг сэргээн засварлахыг өөрт нь биечлэн захисан тухай тэр ярьжээ.
Ямар шалтгаанаар ийм арга хэмжээ авах болсныг иргэд асуухад Досаев тус хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул “аюулгүй байдлыг хангах үүднээс” гэж тайлбарласан байна.
Бас Зөвлөлтийн үеийн түүхэн дурсгалуудыг сэргээх ажлын нэг хэсэг гэж тайлбарлажээ.
Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр Алматы хотод Зөвлөлтийн үед байгуулсан 300 орчим хоргодох байр байдаг гэнэ. Эдгээрээс 100 орчим нь өнөөдөр ашиглах боломжтой байгаа ажээ.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа эдгээрийн ихэнх нь дэлгүүр, ресторан, баар, казино зэрэг хувийн бизнесийн зориулалтаар ашиглагдах болсон юм байна.
Зарим хүмүүс Алматы хотын захиргааны төлөвлөгөөг Оросын цэрэг Украинд халдан довтолсонтой холбоотой гэсэн таамаг дэвшүүлжээ.
Украины дайн эхэлснээс хойш Казахстаны эрх баригчид Орос, Хятад, НАТО-гийн гишүүн Турк улстай харилцах харилцаагаа тэнцвэртэй хадгалахыг хичээж байгаа.
Мөн Украины дараа Казахстан улс Оросын түрэмгийлэлд өртөж болзошгүй гэх айдас улам нэмэгдсэн юм.
Өнгөрсөн сард Казахстаны ерөнхийлөгч Токаев үндэснийхээ батлан хамгаалах зардлыг 441 тэрбум тэнгэгээр ($939 сая) өсгөх захирамжид гарын үсэг зурж байв. Ингэснээр батлан хамгаалах төсөв нь өмнөх оны $1.7 тэрбумаас бараг 1.5 дахин өссөн юм.
Эх сурвалж: Radio Free Europe