Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Арван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй DNN.mn

Английн баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж асрамжийн газар өгөх шийдвэр гаргасан нь ердөө түрүү жил болсон явдал. Нийгмийн ажилтнууд эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд хүчрээгүй учраас ийм шийдэлд хүрч. Таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхэд ийм шалтгаанаар асрах газрын хаалга татжээ.

Англи гэх мэт хөгжингүй орнууд хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд супермаркетуудад жаалуудын хараанаас дээш амттан өрөх шаардлага тавьж, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэн дэх сахарын агууламжид онцгой анхаарч, сүүлдээ бүр асрамжийн газарт өгөхөөс аргагүй шийдлийг хүртэл сонгож байна. Манай улсын хувьд ч хүүхдийн таргалалт санаа зовоохоор хэмжээнд хүрчихсэн.Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2010-2018 оны хооронд өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан ч илүүдэл жинтэй хүүхдийн хувь өөрчлөгдөөгүй, арван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн түгшмээр тоо дурайж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй яг өдийд Боловсролын сайдын анхаарал хандуулах учиртай гол өнцөг бол энэ. Бүр тодруулж хэлбэл мань эр их, дээд сургуулиудыг хаана гэх мэт амьдралаас тасарсан популизм хийхийнхээ оронд хүүхдийн таргалалттай тэмцэх тодорхой шийдлүүд гаргачихсан сууж байх учиртай. Наад захын том асуудал гэхэд л супермаркетуудын лангуун дээрх амттанууд байна. Элдэв өнгийн амттануудыг хүүхдийн хараанаас дээш өрүүлэх санал гаргаад Засгийн газрын хуралдаандаа танилцуулчихвал ихээ хэрэгтэй шийдэл болно доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *