УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч дурдав.
Тэрбээр “2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний долоон сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувиар өсжээ.
Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш юм. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна” гэлээ.