Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.03/ болж байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэхдээ “Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна.
Өнгөрсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотой хоёр тогтоолыг баталсан юм. Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан” тухай танилцуулсан.