Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн энэ оны долдугаар дугаар сарын 23-ны өдөр зарласан. Одоогоор дэлхийн 76 улсад 16,000 гаруй тохиолдол (5 нас баралт) бүртгэгдсэнээс 56 тохиолдол нь Ази, Номхон далайн бүсэд бүртгэгджээ.
Сармагчны цэцэг өвчнөөр хэн ч халдварлах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.
Сармагчны цэцэг өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Уг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана.
Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварладаг. Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй.
Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Эх сурвалж: ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар