Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Онги болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Үүр, Зэлтэр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Маргааш буюу 27-нд Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5 см, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал сум орчимд 10-20 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-15 см, Онги гол Арвайхээр сум орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Маргааш баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан нутгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *