Өнөөдөр (2022.07.22) өмнөөс нэлээд их борооны үүл өгсөж, гэнэтийн үер болох магадлал өндөр байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор НОБЕГ-аас тодруулахад “Улаанбаатарт яг одоо үргэлжлэн орж буй ширүүн борооны үеэр Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг айлын гэрт ус орсон тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын байгууллагад ирсэн байна” гэлээ.
Нутгийн хойд хэсгээр өнөө маргаашдаа дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулаа. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.