Улсын Филармонийн уран сайхны удирдагч, морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би ер нь их хөөрч догдлоогүй. Энэ шагнал, урамшуулал олгох талаар багш минь 2009 оноос ярьж, хөөцөлдөж эхэлсэн байдаг. Би багшаа яах гэсэн юм бэ гэхэд, “Миний шавь битгий ингэ ээ, би хүүгээ мэдэж байна. Би бахархах бахархалтай баймаар байна” гэж байсан нь багшийн минь шавиараа бахархах гэсэн бодол байсан юм болов уу. Монгол Улсын морин хуурын чуулгын анхны гавьяат гэх… яг үнэндээ манайх шагнал урамшуулал хөөцөлддөг тэр талын сонирхол огт үгүй. Бид нарийн хөгжим хийх ёстой хүмүүс учраас хөгжимлөг тал руугаа илүү анхаардаг. Ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч, орчин цагийн морин хуурын дэг сургуулийг үндэслэгч Г.Жамъян багш 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулчихаад миний багшийн өрөөнд орж ирээд ийн ярьж байсан гэдэг. Тэрээр “Нэг бол давчихаад, нэг бол дутчихаад байсан. Урлагийн хүн болсныхоо шагналыг одоо л нэг авлаа” гэж нулимс дуслуулж байсан гэнэ лээ. Тэгэхээр би шагналын үнэ цэнэ талаас нь хүндэтгэн, олон цаг үеийн гавьяа нь үнэлэгдээгүй хөгжимчдийн төлөөлөл болон шагнууллаа гэж ойлгож байна. Хөгжимчин хүн бүх зүйлийн ард, орхигдож, гээгдсэн мөчүүд үргэлжилж байна. Мэдээж Монголын төрдөө баярлаж байна, би гэхээсээ илүүтэйгээр олон хүсч хүлээж, харж байсан хүмүүсийг баярлуулж байгааг мэдэрлээ. Надтай уулзаж, надад захидал бичиж буй хүмүүсийн сэтгэлийг баярлуулсандаа тайтгарсан. Баяртай байгаа. Ээж минь хүртэл нулимс дуслуулж, ах дүү нар минь удмынхаа нэрийг гаргаж, өөрийн зорьсон зүйлдээ хичээнгүй хүмүүс гэдгээ олон түмэнд батлан харуулж өглөө зэрэг сайхан магтаалыг их сонслоо. Олон хүмүүс баярлаж байгаа учраас тэр хүмүүсийн баярлаж буй сэтгэл, мэдрэмж үнэхээр сайхан байна. Гэхдээ… багш минь байхгүй учраас хоосон санагдаж байлаа.
-Хөгжмийн урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?
-Миний аавын чиглүүлсэн зүйл шүү дээ. Аав минь урлагт их дуртай хүн байсан. Аймгийн театрт олон найз нөхөдтэй, театр дээр л өнждөг, баярын тоглолтод ч тусалж найруулдаг байсан. Тийм учраас заавал гэрээсээ урлагийн хүнтэй болох гэж намайг хүчээр явуулж байсан. Би эхний жил маш дургүй байсан. Жилийн дараа за би морин хуур сурч, давтах ёстой, үүгээрээ би амьдрах ёстой гэдгийг мэдэрсэн. Би гурван жил хичээллэж байж ойлгосон. Ардын хэлбэр гэдгээрээ задгай, хамаагүй байх ёстой гэсэн ойлголтоос өөр академик боловсролын хэлбэрийг сонгодог түвшин рүү ойртуулж явах ёстой гэсэн байр сууриар үндэсний хэв шинжит урлагтаа хувь нэмрээ оруулахыг хичээж явна.
-Та улсын Филармонид анх ажиллах болсон түүх, дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-1994 оны зургадугаар сарын 1-нд Соёлын яамны коллегийн хурлаар морин хуурын чуулгыг татан буулгах асуудал их хүчтэй яригдсан байдаг. Тэр үед багш минь нэлээд ширүүн үг хэлж, хурлаас гомдолтойгоор гарахад ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дарга (татан буугдахын өмнөх Соёлын яамны сайд байсан) Г.Батчулуун багш аа та манай өрөөнд ороод ир хэмээн “Та яг яамаар байна” гэхэд багш минь “Байгуулагдаад нэг жил болсон байгууллагыг татан буулгана гэж байхгүй. Монгол Улс морин хуурын чуулгатай байх хэрэгтэй. Бид Филармонийн дэргэд очмоор байна” гэж шууд хүсэлтээ тавьсан гэдэг. Тэгээд тухайн үеийн филармонийн дарга руу холбогдож Морин хуурын чуулгын өрөө тасалгааг бэлдэж филармонийн дэргэд авах шаардлагатай байна гэж хэлсэн гэдэг. Тэгснээр филармонийн харьяанд морин хуурын чуулга ирсэн. Энэ нь ч болсон. Морин хуурын чуулгын цэвэрхэн байгаа, бүтээлдээ нарийн хандаж буй хандлага, уран бүтээлийн бодлого бүхэн төлөвшихөд филармонийн нөлөө асар их шүү дээ. Симфони найрал хөгжмийн, Баянмонгол жаз найрлын дэргэд байх гэдэг нь олон талаас маш их нөлөөлж байгаа юм. Санамсаргүй тогтоц гэдэг шиг аль аль найрал хөгжмийн бэлтгэлийн хажуугаар өнгөрөхөд хүртэл ритмийн ололт олж байдаг тийм л айл, хөгжмийн хүрээлэл. Монгол Улсын филармони бол өндөр ачааг нуруундаа үүрч байна гэж ойлгоход болно. Бүхэл бүтэн жаз, үндэсний хэв шинж, сонгодог найрал хөгжмийг авч явж буй газар. Харин одоо багшийнхаа холыг харсан ухаан, тухайн үеийн соёлын сайд Н.Энхбаярын ухаалаг хурдан шийдэл зэрэг нь өнөөдөр биднийг ийм амжилттай байхад нөлөөлсөн гэж хэлж болно.
-Та Улсын филармони гэх энэ айлд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 1993 оноос морин хуурч мэргэжлээр 15 жил, 2007 оноос өнөөг хүртэл удирдаачаар ажиллаж байна. Би удирдаач мэргэжлээр сургууль төгсөөгүй. Практикаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав багшид хадаг барин хоёр жил дагалдан суралцсан. Би маш гайхалтай багштай. Багш минь ямар ч газар намайг үргэлж дагуулж явдаг, тоглолтын үеэр тайзны хажууд хараад инээгээд ёжлоод л зогсож байдаг байсан. Магтах үедээ магтан, зэмлэх үедээ зэмлэдэг байсан тийм л гайхалтай энгийн хүн байсан.
-Та морин хуур хөгжмийг хэрхэн ойлгодог вэ?
-Морин хуурыг хөгжмийн зэмсэг талаас нь ойлгох хэрэгтэй. Сүнслэг хөгжим гэдгээр нь ойлгох ёстой. Үүнийг зална гэдэг нь айл ханандаа өлгөөд орхихыг хэлдэггүй. Амьд гэдэг утгаараа үргэлж тоосыг нь арчиж баярлуулж, салхинд хөг авиаг нь тэгшилж байх, байнга хууртайгаа харьцаж байх хэрэгтэй зэрэг хууртай холбоотой олон дэг бий. Үүний жишээ нь, сархад хүртсэн үед хуурт гар хүрч болохгүй гэх мэт. Гэртээ хуур залж буй айл болж өгвөл морин хуураа хөглөөд сурчих хэрэгтэй. Зүгээр өлгөвөл сайн болчихгүй шүү дээ. Өөрсдөө энэ уламжлалтай илүү ойртох хэрэгтэй.
-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Ирэх жил хийгдэх төсөл буюу ХБНГУ-ын Симфони оркестр (Одоогоор аль оркестр нь тодорхойгүй) тоглолтоо хийх бөгөөд “Дөрвөн улирал” хэмээх буюу хавар, зун, намар, өвөл гэсэн сэдэвт симфони чуулбар дээр ажиллаж байна. Энэ зун хоёр, гурван киноны хөгжим бичихээр санал яригдаж байгаа. Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож буй учраас бүх анхаарлаа ойдоо хандуулж байна.
-Морин хуурын 30 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?
-Бид долдугаар сарын 12-ны өдөр рок, попын одуудтай хамтарсан тоглолт хийх гэж байна. Аравдугаар сарын 1-нд бидний хүндэтгэлийн тоглолт болно. Аравдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд Америк, Японд аялан тоглолтын ажлууд төлөвлөгдөж байна. Мөн Филармонийн уран сайхны бодлого бий. Энэ бодлогын хүрээнд Турк, Германы хамтарсан эртний дүр төрхтэй найрал хөгжим хамтарч хийх ажил яригдаж эхэлж байна. Бид гаднаас зочин уран бүтээлчдийг урьж авчирч гадаад улс орнуудтай хамтарч ажиллаж, тэднээс ололт авч өөрсдийгөө тэднээр дамжуулан бусад оронд сурталчлах бодлоготой ажиллаж байна.
-Та өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн хөгжил ямар түвшинд байна гэж харж байна вэ?
-Бид өөрсдийн өв уламжлал, ёс заншлаа гадагшаа сайн сурталчлах хэрэгтэй. Хөгжмийн урлагийн хөгжлөөрөө бусад орноос хоцорсон зүйл байхгүй, Монголын уран бүтээлчид их чадвартай шүү дээ. Бид хөгжимчдийг зүгээр сууж байдаг гэсэн ойлголтоосоо салахгүй бол ямар түвшинд байгаагаа хэлж мэдэх боломжгүй. Манайх ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсуудад үндэсний найрал хөгжимчидтэй нь хамтарч тоглож байсан.Тэд үнэхээр цоо шинэ зүйл мэдэрснээ хэлдэг. Төрөөс хөгжмийн урлагийн салбарыг дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ салбар эдийн засгийн эргэлтэд орох боломжтой том салбар. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж бидэнд бий. Тэгэхээр зардал мөнгийг нь төсөвлөн дэлхийн бусад орнуудын томоохон театрт тоглуулбал түүний дараагаар эрэлт нь мэдээж ихэснэ. Морин хуурын чуулга үргэлж Япон улс руу явж, жилд 15-20 хотод очин тоглолтоо хийж байна. Энэ нь нөгөө улсын иргэд мэддэг болж, сонсохыг хүсдэг болсон учраас л юм. Тиймээс бүх асуудлаа шийдэн зөвхөн язгуур урлаг гэлтгүй сонгодог түвшнээ хүртэл сайн сурталчлан таниулах хэрэгтэй. Түүний дараагаар хүчтэй эсвэл сул гэдгээ ярих хэрэгтэй байх.
-Та өөрийн цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцана уу?
-Юу хийж байгаа, юунд зорьж байсан түүгээрээ л явна. Өмнө нь хэн байсан тиймээрээ л байна. Түүнээс биш гавьяа шагнал авлаа гээд наргиж, цэнгэж дэвээд явах хэрэггүйгээр багаараа юу хийж байсан түүнийгээ л хийнэ. Хүмүүсийг баярлаж байхыг хараад нээрээ л хүнийг баярлуулах ёстой юм байна шүү дээ Түвшинсайхаан л гэж бодож байна.