Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Хөдөлмөрийн баатар Т.Галсан: Б.Ринчен, С.Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ DNN.mn

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Эрхэм зохиолчийг баатрынхаа тэмдгийг гялалзуулан Монголын зохиолчдын эвлэлдээ ирж хүндэтгэл үзүүлэх хооронд нь цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд хүндэтгэлт цол хүртсэнд баяр хүргэе?

-Надад Соёлын гавьяатын тэмдгийг Н.Багабанди гуай өгсөн юм. Хоёр жилийн дараа Ардын уран зохиолч цолны тэмдгийг мөн Багабанди гуай сүүлийнхээ зарлигаар олгож байлаа. Түүнээс хойш 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Энэ бол Монголын их утга зохиолыг шагнасан шагнал юм. Намайг хүмүүс ямар намын гишүүн бэ гэдэг. Би хариуд нь “Монголын зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн” гэдэг. Яагаад гэхээр үзэл бодлоороо, итгэл үнэмшлээрээ, үйл хэргээрээ нэгдсэн, тэр үйл хэргийн төлөө тэмцэж явах тийм хамт олныг нам гэдэг байхгүй юу. Би Зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн болох гэж таван удаа өргөдөл өгөөд бүтээгүй. Тэгээд бүр сүүлд Галсан Зохиолчдын эвлэлд элсүүлэх тухай хэлэлцлээ. Тэгтэл Д.Наваансүрэн дарга “ Энэ удаа Галсанг больё. Учир нь Галсангийн тодорхойлолтыг нарийн бичгийн дарга нар өөрсдөө гаргасан байна. Манай Зохиолчдын эвлэлийн дүрэмд нарийн бичгийн дарга нар гаргах ёсгүй, зохиолч гаргах ёстой гэж заасан” гэдэг юм. Намайг батлан даасан хүн нь Б.Явуухулан, С.Дашдооров хоёр. Тэгтэл Явуухулан “Галсан чи ямар арчаагүй нөхөр вэ. Гар л даа, гадаа үүдэнд улаан Дулмаа дууны үг батлуулах гээд сууж байгаа. Миний өгсөн цохолтыг тэр Дулмаагаар хуулуулаад аваад ир” гэж билээ. Тэгж л би сая гишүүн болж, Зохиолчдын эвлэл хэмээх их айлын өндөр босгыг алхсан. Зохиолчдын ордны барилгыг мэдээж барилгачид барьсан. Гэхдээ барилгын суурь босгох хүрмэн чулууг нь “хар” Зана бид хэд үүрч явсан удаатай. Биднийг хараад Явуу, Пүрэвдорж энэ хэд маань янжуурын утаа суунаглуулан тас тасхийн инээж зогсож байсан сан. Би тэгэхээр Зохиолчдын хорооны байшин босоход тулгын чулууг нь үүрч явсан хүн юм. Эх хэлээ, бичиг соёлоо хамгаалдаг, эх орныхоо төлөө, мөнхүү бусдын харанхуй цээж рүү ганц шүдэнзний дайтай гэрэлтэй үг хэлэхсэн гэж бодож явдгийн хувьд Монголын зохиолчид бурхад байдаг юм шүү.

-Та бол 1957 онд МЗЭ-ийн хоёрдугаар хуралд оролцож байсан түүхэн хүмүүсийн нэг. Энэ тухай дурсахгүй юу?

-Би Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд оролцож байсан хүн юм. Хоёрдугаар их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн танхимд болсон. Тухайн үеийн хамгийн том танхим нь тэр. Төрийн ордны баруун талын байр шүү дээ. Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ, мөн Оросоос, Хятадаас зохиолчид ирж оролцож байсан. Тэнд Өмнөд Монголоос ирсэн Малчинхүү гэдэг зохиолчоос Ринчен багш “Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ” гэж асуутал “Хятад хэлээр” гэж хариулав. Ринчен багш “Та тэгвэл Малчинхүү биш ногоочинхүү байх нь ээ” гэж хэлж байв. Тэр хуралд МУИС-иас аугаа их Бямбын Ринчен багш минь, мөн НҮБ-ын төв индэр дээрээс Монгол Улсаа төлөөлж үг хэлсэн Дондогийн Цэвэгмид багш, мөн бидэнд эртний уран зохиолын хичээл орж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, уран зохиолын онол замналыг минь хөтөлсөн Шанжмятавын Гаадамба багш нар оролцож байсан. Манай Их сургуулийн Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч Сугарын Цэдэв гэж мундаг хүн ирлээ. Багшийн сургуулийн багш Дашдорж гээд хүмүүс таслах эрхтэй төлөөлөгчөөр оролцсон. Мань мэтийн юмнууд бол их сүрэг бараадаж явдаг, ойртохоор азарга хасаад оруулдаггүй үрээ шиг хэдэн хүүхдүүд хурлын танхим дүүргэх хэрэгтэй гээд орж байгаа нь тэр. Миний хувьд 1962 оноос буюу одоогоос нэгэн жарны өмнөөс зохиолчдын гуравдугаар их хурал жинхэнэ гишүүнээр оролцсон. Тэр хурлын үеэр аймаг аймгаас ирсэн зохиолчид яаж бүгдээрээ том зохиолч болох уу гэдэг асуудал хэлэлцлээ. Архангайгаас О.Цэнд, халзан Базаррагчаа, Завханаас Ванчаарай гээд ирлээ. Бид ярилцаад “Энэ томчууд гэдэг чинь нэг л роман бичсэн юм байна. Хоёр гурван роман бичээд л урд нь гарч болох юм байна” гэж андуурч байлаа. Тэр цагаас аугаа их зохиолчидтой лонхны бөглөө, сэтгэлийн таглаа нээх үүд нээгдсэн юм. Л.Ванган гуайгаас “Бидний сул тал юу байна” гэж асуухад, та нар жаахан ерөнхий бичих юм даа. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлд мөр гарахааргүй бамбалзаад өнгөрчихөөд байна. Уг нь сэтгэл дээр хүүхнээр бол өндөр өсгийтийнх нь мөр гарах нь ээ дээ гэв. Тэгтэл өнөө О.Цэнд чинь Ванганы өөдөөс “Таны яриа ч гэсэн ерөнхий л байна ш дээ” гэдэг юм. “За тэгвэл би тодорхой ярья” гээд Ванган, жишээ нь хөдөлгөөний дүрмийг биелүүлье гэж ярьдаг бичдэгээс болоод хүмүүс осолд ороод байгаа юм. Энэ бол дэндүү ерөнхий. Үүний оронд замын голд ортлоо зөвхөн баруун гар талаа харж яв, зүүн тийшээ битгий хар. Замын голоос цаашаа баруун тийшээ битгий хар, зөвхөн зүүн талаа хар, тэгээд л чи амьд байна гэж тов тодорхой хэлж билээ.

Лодойдамба гэдэг тэр аваргаас бидэнд зөвлөх юм юу байна гэхэд, их унш хүүхдүүд ээ. Бусдын зохиолыг төдийгүй өөрийнхөө зохиолыг олон дахин уншиж бай. Гайгүй онож бичсэн юм аа мэддэг юм, мөн даан ч яав даа гэдэг алдаагаа залруулдаг юм. Дээрээс нь бусад хүнд зохиолоо уншиж өгч бай. Хүн чиний зохиолыг нүдээрээ чагнаад байгаа бол тэр зохиол болж байгаагийн шинж. Чихээрээ сонсож байгаа бол шал дэмий юм болжээ гэж бод гэв. Бид яагаад гэж лавлатал “Нэг чихээр орж байгаа юм нөгөө чихээр гардаг. Харин нүдээр орж байгаа юм тархи руу ороод тэгээд зүрх рүү ордог” гэв. Аваргууд маань ингэж сургаж зөвлөдөг байлаа. Дөрөвдүгээр их хуралд явах болтол нөгөө эсэргүү илрээд тагнуулд танигдаад намын даалгавраар үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс ганцхан хүн цөллөгөнд явсан, би юм шүү. Зохиол бичсэний төлөө. Миний өмнөөс хөдөлмөрийн баатар Бат-Очир гэдэг хүн зохиолчдын их хуралд явсан. Зохиолч биш хүн яахаараа зохиолчдын хуралд төлөөлөгчөөр ирдэг юм гэж Нямбуугийн Нямдорж “муу Галсанг минь яагаад ирүүлсэнгүй вэ” гэх утгаар асуутал “Та нарын бичих зохиолын чинь баатар би байна” гэсэн гэдэг.

Хөдөлмөрийн баатар Т.Галсан, СГЗ Б.Ичинхорлоо

-Тэгж явахдаа юм уу даа, Та хожмын төрийн шагналт нэрт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийд очсон онигоо маягийн яриа байдаг?

-Пүрэвсүрэн “Надад хоёр чухал зүйл надад зааж өгсөн хүн” гээд сайхан аашаа хүрэхээрээ намайг багшаа гэх нь холгүй байдаг. Тэр хоёр зүйл нь юу вэ гэвэл эхнийх нь хоол зальдахыг зааж өгчээ, би. Тэр нь хоолоо идчихээд гүйж гараад элсээр нүүрээ угаагаад дахиад зогсохоор хоол идээгүй байна гээд өгдөг байхгүй юу. Үүнийг зааж өгсөн. Мөн уран зохиолын дугуйлан гэж байдгийг зааж өгсөн байдаг. Тэр хурлын үеэр эсэргүү нэртэй өнөө муу Галсан Пүрэвсүрэнгийндээ очлоо. Манай Пүрэвсүрэнгийн хадам аав чинь Хятадад элчин байсан, Аюулаас хамгаалахын сайд байсан Чулуунбаатар гэж хүн. Хадмуудынхаа тухай Пүрэвсүрэн шүлэг бичсэнээ надад уншлаа.

“Айдаа хүний нэрийг мөн

Айхтар онож өгөх юм

Чулуунбаатар нэртэй

Чулуу шиг зүрхтэй хүн байх юм

Ай даа хүний нэрийг мөн

Айхтар алдаж онож өгөх юм

Буянзаяа нэртэй

Буянгүй чавганц байх юм” гэж уншлаа. Пүрэвсүрэнгийндээ элчингээс ирсэн гал охь(спирт)-ийг хүүхдийн зохиолч Р.Ядмаа, миний шавь Загдын Түмэнжаргал бид хүртлээ. Зарим нөхдөд 80-100 граммаар найруулж өгдөг өнөөх гал охио бид гуравт болохоор 150 граммаар найруулж өглөө. “Зохиолчдын хуралд би суумаар байна. Надад нэг урилга олоод өгөөч, чамд бол олдоно доо” гэж Пүрэвсүрэндээ хэллээ. Тэгтэл “Чи намайг хэдэн удаа хөөдөх гээд байгаа юм бэ” гээд тасхийтэл алгаддаг юм.

-Яаж байгаа нь тэр юм бол?

-Пүрэвсүрэнгийн намайг тэгж алгадах нь аргагүй юм. Миний “Тэмүүлэл” гэдэг найраглалыг “Залуучууд” сонинд хэвлэснээрээ Пүрэвсүрэн буруудсан. Тэр найраглалын хэсэг хэвлэгдсэний төлөө Сугарын Цэдэв эрхлэгч намааасаа хөөгдсөн, ажлаасаа хөөгдөөд, Зохиолчдын эвлэлээс хөөгдөөд гудманд хаягдаж байсан. Тэр үед сонины утга зохиолын ажилтны хувьд гарын үсгээ зурснаараа Пүрэвсүрэн намаас, ажлаасаа хөөгдөх хатуу сануулга авсан нь тэр. Тэгээд намайг алгадлаа. Хүүхдийн зохиолч Раднаагийн Ядмаа Пүрэвсүрэнгийн ангийн багш байсан учир “Чи яахаараа миний найзыг алгаддаг юм” гээд Пүрэвсүрэнг алгадлаа. Загдын Түмэнжаргал чи яасан их хүн алгаддаг хүн бэ гээд Ядмааг алгадлаа. Тэгэхээр нь “Чи миний найзыг яахаараа алгаддаг юм” гээд би Түмээгээ алгадлаа. Ийм л юм болсон юм. Өнөөдөр тэгээд зохиолчийн хувьд олон оймс элээсэн, аман дээрээ адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүн дороо эсгийтэй ахмадын хувьд би баярлаж байна. Аугаа их Бямбын Ринчен багшаас минь эхлээд надад эртний уран зохиол зааж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, мөн Сономын Удвал гэж бүсгүй хүн гараа угааж байхдаа бадмаараг шигтгээтэй шижир бөгжөө угаадасны нүх рүү алдчихаад буцааж гаргуулж авч байгаатай адилхан их утга зохиолд намайг гаргаж ирсэн ачтан, ийм л буянт багш нар минь “Миний шавь овоо доо, утга зохиолд хүн болж яваа юм байна” гэж баярлаж байгаа байх. Ринчен, Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ. Би Хөдөлмөрийн баатар аваад зогсож байхад Х.Цэвлээ гэдэг сэтгүүлч бас баатар болж байх юм. Тэр хүний 10 дугаар ангийн багш нь би юм шүү дээ. Ангийн багш Т.Галсан гэж бичигддэг. Ийм л ерөөлтэй юм боллоо. Ардын цолны миний булган сүүл Ардынх гэхэд Дөнгөтийн Цоодол, Шагдарын Дулмаа юм. Одоогийн надад ирсэн Хөдөлмөрийн баатар гэдэг цол над шиг хөдөлмөрлөсөн зохиолч дүү нарт минь хишгээ хайрлах болтугай. Хэрхэн хөдөлмөрлөж өдий хүрснээ би авга эгчийнхээ үгээр хэлье. Авга эгч маань манайд ирээд нутагтаа очоод намайг “муулсан” байдаг. Галсангийндаа очоод би бол жаргалаа. Харин муу дүү маань бол тамын амьтан юм байна даа, зайлуул. Шөнө орой унтахад харандаа үзэг барьчихаад хамар нь ширээгээ бүрхчихээд сууж байх юм. Шөнө сэрээд давсаг суллах гээд босоход сууж л байх юм. Үүрээр сэрээд харахад бас л сууж байх юм. Мөн ч үйл лайтай хүн юм гэсэн байдаг. Би тэгж л 100 гаруйхан ном бичсэн хүн юм шүү дээ. “Өдрийн сонин”-ы уншигч түмэнд 90 жил наадам үзэж яваа энэ өвгөний насыг, дээрээс нь түмэн олонд нэгэнд танигдаад, төр засагт үнэлэгдээд, түүхэнд үлдэх бүтээлтэй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье. Монгол утга зохиол мандтугай. Монгол түмэн минь, хүн төрөлтнөөс хүзүү өндөр, орчлонгийн түмнээс оюун төгөлдөр явах болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *