Нар хур тэгширсэн наадам айсуй энэ үед насан багын дурсамжуудаа тэмтчин бодолд автах үе олон юм. Яармаг хэмээх зүлэг ногоон талд бага нас минь өнгөрч, жил жилийн наадам тэрхүү дэнж дээр дэлгэр сайхан болдогсон. Өнгө алагласан эрээн асрууд, өрөөд тавьчихсан мэт дэгжин гэрүүд, гийнгоо хадаасан унаач хүүхдүүд, гэрэл зураг шиг Богдхан уулын минь дэнж тэртээ холын бодолд тэсгэл алдран алсарсаар 17 зуныг үджээ.
Морины барианы газарт ойртохгүй ч алсаас тоос манаран дуниартаж, хүүхэд хөгшидгүй тэр зүг хараагаа бэлчээнэ. Айдсын даваа уруудаад морьд эргэлээ гэхэд нь “Ай даа сайхан наадаж байна шүү” хэмээн наадмын дурсамжаа бие биедээ хүүрнэн өгүүлэх өвгөдийн яриа соньхон. Хуушуурын гэрүүд дундуур явж хэнийх нь амттай бол, хаанахынх нь гоё бол гэж хайсаар арай өнгөлөг, шүүслэг хуушуурыг олж иддэгсэн. Тэр үеийн хуушуур ч одоогийн нар сар гэрэлтсэн хуушуурын хажууд “махаар зодсон” байдагсан.
Наадмын талбайгаас шороо манаруулсаар гэртээ очоод шууд л Туул голынхоо эрэг бараадан амарна. Тэнд таван хошуу мал багшралдан бэлчиж, тэмээ гэж амьтан ийм сонин юм уу гэж хүүхдүүд шуугилдана. Мэдээ орохоос тэмээ хараагүй зарим хүүхдүүд хорголыг нь хараад олдвор олсон аятай хөөрцөглөж, гэрийнхээ хойморт хоргонд хийгээд хадгалах дайны юм ярина. Хотын наадамд хотол олноороо ингэж л цэнгэдэг байлаа даа.