Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар, Н.Баярмаа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулав.

Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нь хууль зүйн боловсролтой байх, гучин таван нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг хуульд заасан шалгуур хангасан байдлыг танилцуулгадаа дурдлаа. Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн байдлын талаар хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэнийг танилцуулав.

Дэмбэрэлийн Батбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Нийслэлийн 78 дугаар сургууль, “Их Засаг” дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, “Их Засаг” олон улсын сургуульд хууль зүйн магистр хамгаалсан. “Хүчит шонхор” ХХК-д байцаагч, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан ба 2011 оноос хойш одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 22 жил, шүүгчээр 17 жил ажиллажээ.

Нямдоогийн Баярмаа нь 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Хэнтий аймагт бүрэн дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Кюшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны доктор цол хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. “Отгонтэнгэр” их сургуульд багш, Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд ахлах мэргэжилтэн, “MDS” ХХК-д хуульч, өмгөөлөгч, Хөгжлийн банканд хуулийн зөвлөх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 13 жил 4 сар, шүүгчээр 7 жил ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *