үдээрээ хүнд машин механизм чирч олон түмэнд осолтой үзүүлбэр үзүүлж гиннесийн амжилтыг удаа дараа эвдсэн ч албан ёсоор бүртгүүлж чадалгүй 5 жилийн болж буй Ц.Гантулгатай ярилцлаа. Түүний хувьд онгоцноос бусад бүх төрлийн тээврийн хэрэгслийг шүдээрээ чирээд байгаа юм.
-Хамгийн анх шүдээрээ юм чирч үзье гэдэг санаа хаанаас бий болсон бэ?
-Эрээн хотод ажиллаж амьдарч байх үедээ чөлөөт цагаараа интернэтээр бичлэг үздэг байсан.Тэгж байхдаа шүдээрээ туухай өргөсөн хүний бичлэг, Монгол бөх залуугийн 40-ийн бетонтой ус зуугаад гэр тойроод явж байгаа бичлэгүүдийг үзсэн.Тэрийг хараад хүмүүс чадаад байхад би оролдоод үзэж яагаад болохгүй гэх бодол төрсөн. Тэгээд л 40-ийн бетонтой ус зууж хоёр автобус тойрч үзээд бичлэгээ сошиал орчинд байршуултал олон хандалт авсан байсан. Тэр үеэс хоббигоо болгож эхэлсэн дээ.
-Тухайн үед хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Тухайн үед хүмүүсийн зууны наян хувь нь итгэдэг байсан бол хорин хувь нь үл итгэгчид байсан. Харин одоо 95-аас дээш хувь нь хангалттай итгэдэг болсон. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн шүү.
-Гэр бүлийнхэн нь дэмжсэн үү?
-Аав маань “шүднээсээ салчхаад хар залуугаараа хиймэл шүдтэй болов” гээд их л зэмлэдэг байсан. Сүүлд машин чирээд, хүмүүс дэмжээд ирэх үед “-болж байгаа бол одоо яах вэ дээ” гээд зөвшөөрсөн. Миний энэ тэнд юм өргөсөн, чирсэн бичлэгүүдийг гүйцэд үздэггүй. Хүний аав болсон хойно зүрхшээдэг юм шиг байгаа юм. Энэ маш эрсдэлтэй зүйл. Шүд унах цаашлаад тархины цусан хангамж гэдэг зүйл яригддаг. Тархины цусан хангамж ихэснэ гэдэг нь залуудаа цус харвах эрсдэлийг дагуулж байдаг.
-Хүүхэд байхдаа ямар хүн болно гэж боддог байсан бэ?
-Би 13 настай байхаасаа л хар бор ажил хийж эхэлсэн. Тэгэхээр тодорхой хэмжээний байр суурь, мэдлэгтэй болчихдог. Хэнтэй яаж харьцах уу,аль дэлгүүрийн эзэнтэй яаж харьцвал надад хэдэн тонн барааныхаа мөнгийг аятайхан өгөх үү гээд л санаа суучихдаг юм байна лээ. Ер нь л багаасаа бизнесмен ах эгч нарын дунд өссөн. Тэр хүмүүс шиг ажилчдадаа сэтгэлээсээ ханддаг, ажилчид нь байхгүй бол өөрөө ачаагаа зөөгөөд янзалчихдаг тийм хүнлэг мундаг ах болно доо л гэж боддог байсан. Одоо ч гэсэн тийм л бодолтой байна.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ, хамт олон нь юу гэж урамшуулдаг вэ?
-Миний үндсэн мэргэжил авто засварчин. Гэхдээ одоогоор Эрдэнэт хотод хуваараа сантехникч хийж байгаа. Хамт олон маань Монголд шүдээрээ машин чирдэг ганц залуу манайд сантехникч хийдэг гээд их гоёор хүлээж авдаг. Энэ ажил маань үндсэндээ айлын гал голомтыг бадрааж өгч байна гэсэн үг. Шинэ зуух тавиад галыг нь асаагаад, ус тосыг нь хийгээд гэрийг нь дулаахан болгож өгч байгаа гэхээр өөрт их сайхан дулаан мэдрэмж төрдөг.
-Өдийг хүртэл гаргасан амжилтаа хэнтэй хуваалцмаар санагддаг вэ?
-Эмээ дээрээ өссөн болохоор эмээ минь байсан бол их баярлах байсандаа гэж боддог. Яагаад гэвэл би эмээгээ гурван жил гар дээрээ асарч байгаад бурхан болгосон. Яг миний гар дээр өнгөрөөгүй. Намайг усанд явуулаад л эргээд ирэх хооронд л өөд болчихсон байсан. эмээ минь худлаа ярихгүй, хулгай хийхгүй, архи дарснаас хол байгаарай гэж их захидаг байсан. Захиасыг нь өөрийнхөө хувьд сайн биелүүлж байгаа гэж үздэг. Тийм ч учраас намайг сайхан амьдрал, сайн хань хоёроор шагнасан байх.
Зарим үед яаж гаргахаа мэдэхгүй сэтгэлд бугласан зүйл байдаг даа. Тэр үед монголынхоо том том оргилуудад алхах дуртай.
-Эмээтэйгээ өнгөрөөж байсан мартагдашгүй дурсамжаасаа хуваалцвал?
-Хамгийн сүүлд 80 гарсан хэвтэрт байсан эмээгийнхээ өвөр дээр нь хулдаас тавиад тарвага хуулуулсан.Би өөрөө хуулж чаддаггүй байсан юм. Тухайн үед их л юм бодогдсон. Өөрийнхөө амыг л тосдох гэж байгаа шүү дээ би. Тэгээд өөрөө хуулж сурсан. Эмээгээсээ харж авч үлдсэн ганц том зүйл юм уу даа.
-Юм чирээд явж байх үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Яг чирээд явж байхад хажууд байгаа хүмүүсийн уухай хашхираан сонсогддоггүй. Зуугаад чирч байх үед аман дотор шүд шажигнаад, тархи руу цус ирж байгаа нь мэдрэгдээд бие салганаад ирдэг. Тэр үед би юм аа чирч л байвал, хэдэн метр явсан ч чирээд л байна гэж бодоод урагшилдаг
-Таван жилийн хугацаанд чирсэн зүйлсээс хамгийн хүнд нь хэдэн тонн байсан бэ?
-Одоогоор 30 гаруй зүйлс чирснээс хамгийн хүнд нь 90 тонны дамп байсан.
-Ямар ОО хэрэглэдэг вэ, шүдээ яаж арчилдаг вэ гэх мэт олон асуулт ирдэг байх?
-Шүдээ яаж арчилж байна вэ гэдэг асуулт маш их ирдэг. Манайхан чинь их сониуч хүмүүс. 40-ийн бетонтой ус зууж, автобус чирсний дараагаар нийтийн тээврээр зорчихоор хүмүүс шууд ам ангайлгаад шүдэнд хүрж үздэг байсан. Норовбанзад гуай гадаад руу яваад дуулсан чинь хүмүүс хоолойндоо юм суулгасан байна уу гэж үзэж байсан шиг л юм болсон. \инээв\ Мөн шүдний оо болон сүү цагаан идээний рекламын санал их ирдэг байсан. Ер нь шүдээ тогтмол угааж эрүүл байлгадаг. Ямар оо хэрэглэдэг нь нууц \инээв\.
-Дэлхийд энэ төрлөөр гиннесийн амжилт тогтоосон хүмүүс байдаг уу?
-Орос, Иран, Америк зэрэг орнуудад зургаа, долоон хүмүүс байна. Автобус, суудлын тэрэг, вагон, онгоц гэх мэт олон төрлийн ангилалтай байдаг.Саяхан Ираны залуу 15 тонн 760кг-ын машин чирч амжилтаа тогтоолгосон байсан. Миний хувьд одоогоор онгоц л үлдээд байна.
-Таны хувьд яагаад гиннест бүртгүүлж чадахгүй байна вэ?
-Бусад салбарт холбоо байгууллага гэж байдаг бол Монгол Улсад гиннесийн хороо, тусгай төрийн бус байгууллага гэж байхгүй. Жишээлбэл, зургаан мянган бөхийг бүртгүүлэхэд бөхийн холбоо гэж байдаг. Дээрээс нь үндэсний өв соёл гэдэг утгаараа бас бүртгэгддэг. Миний энэ зүйл бол Монголд байтугай дэлхийд ховор, өрсөлдөгч цөөнтэй, хүн ойлгоход хэцүү спорт болоод байгаа юм. Тэгэхээр холбогдох шатны хүмүүс нь дэмжээд, арга хэмжээ аваад яваасай гэж л их гуйх юм даа. Юутай ч эхний гэрчилгээгээ авчихвал дараагийн гэрчилгээнүүдээ авахын тулд улам хичээх болно.20 жилийн дараа буюу 50 насандаа таван гэрчилгээгээ авчихсан байх болов уу гэж тооцоолж байгаа. Гиннесийн амжилт гэсэн гэрчилгээгээ авчхаад хамгийн түрүүнд 21 аймгаа тойроод нэг, нэг юм чирчих юм сан гэж боддог.
-Төр засаг дэмжиж, урамшуулж байв уу?
-Үгүй. Гэхдээ би төрөөс хишиг горьдож энэ бүгдийг эхлээгүй. Монгол хүн болж төрснийх эх орныхоо нэрийг өндөр өргөж, иргэнийхээ үүргийг л биелүүлэх ёстой гэж боддог. Бусад шагнал урамшууллын хувьд бол гэрийн маань төрийн далбаан дээр энэ төрлийн хорь гаруй шагнал бий.
-Олонд танигдаж, хайр хүндэтгэлийг нь хүлээснээс хойш таны ойлгосон зүйл юу байв?
-Олны танил ч бай, биш ч бай хүн биеэ зөв авч явахыг аль болох хичээдэг л байх хэрэгтэй гэж боддог. Хүнд эхэлсэн газар гэж бий. Бусдын хүндлэлийг дааж чадахгүй, ёс зүйгүй байх юм бол намайг эхэлсэн газар руу маань буцаагаад татаж чадна байх.
-Таныг ойлгож, тусалж, дэмждэг хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Том амжилтад хүрч,та нарынхаа магнайг тэнийлгэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үргэлж ард минь бат зогсож, дэмждэг Монголын ард түмэндээ маш их баярлалаа.
-Баярлалаа.
М.САЙНЗАЯА
Г.ЧИМЭДЦОГЗОЛ
Т.ИЧИНХОРЛОО