Categories
мэдээ нийгэм

“Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа доноруудын гэр бүлээс ирүүлсэн гомдлыг ёс зүйн хороо шийддэг байх ёстой” гэв DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахтай холбоотой заалтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллана гээд заачихаар эргэлзээ төрөөд байна. Зүгээр хяналт тавих үүрэгтэй ёс зүйн хороо гээд байгаа ч эд, эрхтэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэхээр ямар нэгэн дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох ч юм уу эцсийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал болоод байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Өнөөгийн байдлаар дэлхийн 90 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Тэдгээр улсуудад энэхүү эмчилгээ үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж буй эсэх, иргэд олон түмнээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, амьд донор, түүнийг хүлээн авагч хоорондын харилцаанд үүсэж буй асуудлууд, амьгүй донорын эд эрхтний эрх тэгш, үнэнч шударга хуваарилж буй эсэхэд хяналт тавин ажилладаг Ёс зүйн хороо байдаг. Энэ хороо нь ихэнх улс оронд эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажилладаг юм байна.

Эрүүл мэндийн яамны дэргэд шинээр байгуулагдах Ёс зүйн хороо эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй эсэхэд хяналт тавьж, дэмжин зөвлөж, тулах эрсдэлээс хамгаалан хамтран ажиллах ёстой юм. Ард иргэдээс, эмнэлэг хооронд үүссэн асуудал, эсвэл энэ зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудаас гомдол, хүсэлт гаргавал тэр гомдлыг шийдвэрлэх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх юм.

Тийм учраас бид шийдвэрлэх гэдэг үгийг зориуд тавьж өгсөн гэсэн тайлбарыг хийсэн. Ажлын хэсгийн гишүүд, Ер нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа донор болон реципентийн гэр бүлээс, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн гэр бүлээс олон гомдол, санал, хүсэлт ирдэг. Энэ асуудлуудыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороо шийддэг байх ёстой гэж ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцсан гэсэн тайлбарыг нэмж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ер нь эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах процесс өөрөө зөвхөн нэг эмнэлгийн нэг тасаг хийдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгээрээ хийдэг ажил. Тэр эмнэлгийн үйл ажиллагаа хэр оновчтой зөв явж байгаа, чанарын шаардлага хангаж буй эсэх, ёс зүйн дэглэмээ барьж байна уу, хүмүүсийн эд, эс, эрхтнийг өгөхдөө дарааллыг харгалзаж байна уу, ямар нэг ашиг сонирхол, зөрчил орж байгаа эсэхэд хяналт тавих Ёс зүйн хороо байх ёстой. Ёс зүйн хороо нь энэ бүхнээс гадна эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийн асуудлыг хүртэл ярих учиртай. Тийм учраас бид шийдвэрлэх гэж оруулах саналтай байгаа юм гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *